Судалгааны ажлын үндэслэл: Газрын гүний халуун ус нь дэлхийн дотоод цөмөөс байнга ундран гарч байдаг байгалийн цэвэр бүтээгдэхүүн бөгөөд түүнээс гарган авах эрчим хүч нь экологи-эдийн засгийн өндөр үр ашигтай, экологийн цэвэр, нөхөн сэргээгдэх эрчим хүч болдог.
Олон улсад газрын гүний халуун усыг шууд болон шууд бус аргаар өргөн хэрэглэж байна. Шууд аргын хэрэглээнд орон сууц халаах, үйлдвэрлэл, хүрээлэн буй орчны тохижилт, аж ахуйдаа (загас үржүүлэх, цас хайлуулах, хүнсний ногоо тарих, хүлэмжийн зориулалтаар) ашигладаг байна. Газрын гүний халуун усны дулааны нөөцийг шууд хэрэглэдэг томоохон улсууд бол Хятад, Филиппин, Турк, Исланд, Япон, АНУ гэх мэт улс орнууд байдаг, эдгээр улсууд нь гүний халуун усны дулааны 70%-ийг шууд ашиглаж байна.
Харин манай улсын хувьд газрын гүний халуун усны дулааныг зөвхөн эмчилгээний зориулалтаар усанд орох болон Хангайн бүсийн зарим рашааныг сувиллын байр халаах, бассейн, хүлэмжийн халаалтад ашиглаж байна. Тиймээс, манай улс дэлхий нийтийн чиг хандлага болох байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчийг ашиглах чиглэлд анхаарлаа хандуулах шаардлага тавигдаж байна. Үүний тулд, газрын гүний халуун усыг сэргээгдэх эрчим хүчний зориулалтаар ашиглахад судалгаа шинжилгээний ажлыг явуулах шаардлага тулгарч байна. Газрын гүний халуун усыг сэргээгдэх эрчим хүчний зориулалтаар ашиглахад гидрогеохимийн судалгаа нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Гидрогеохимийн судалгаа нь газрын гүнд явагдаж буй физик-химийн процесс, гүний усны химийн найрлага, ус-чулуулгийн харилцан үйлчлэл, химийн элементүүдийн шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийг судалдаг шинжлэх ухааны нэг салбар юм.
Халуун рашаанд агуулагдах химийн найрлага нь газрын гүнд явагдаж буй физик, химийн процессуудын мэдээллийг зөөвөрлөн газрын гадаргууд гаргаж өгдөг хөдөлгөөнт төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэдэг. Иймээс халуун рашааны гидрохимийн судалгааг нарийвчлан тодорхойлсны үндсэн дээр газрын гүнд явагдаж буй ус-чулуулгийн харилцан үйлчлэл, холилдолт, уур хийн ялгарал зэрэг физик химийн процессууд болон тэдгээрийн гарал үүслийг тодорхойлоод зогсохгүй газрын гүний халуун усны температурыг урьдчилан тодорхойлж болдог. Мөн халуун усны газрын гүний температур болон геотермийн градиентын дундаж утга дээр үндэслэн, халуун усны гүнийг урьдчилан тодорхойлох боломжтой. Иймээс бид судалгааны ажлаараа төдийлөн сайн судлагдаагүй манай орны Баруун бүсэд тархсан Монгол Алтай, Хангайн мужид орших халуун рашаануудын гидрогеохимийн судалгааг явуулж шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарласнаар цаашид газрын гүний халуун усыг аж үйлдвэрийн салбарт нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах нь бүс нутаг төдийгүй, Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд түлхэц болно.
Судалгааны ажлын зорилго, зорилт
Энэхүү нэг сэдэвт бүтээлээр Монгол орны Баруун бүсийн халуун рашааны гидрогеохимийн шинж чанарыг тайлбарлах, мөн газрын гүний халуун усны температур болон гүнийг тооцоолж, ирээдүйд газрын гүний халуун усны дулааны нөөцийг ашиглахад суурь материалыг бүрдүүлэх зорилготой. Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтуудыг тавьж ажилласан. Үүнд:
1. Баруун бүсийн халуун рашааны химийн найрлагыг тодорхойлох
2. Баруун бүсийн халуун рашааны чулуулгийн шинж чанарыг тодорхойлох
3. Баруун бүсийн халуун рашааны ус-чулуулгийн харилцан үйлчлэл, хамаарлыг тогтоох
4. Судалгаанд хамрагдсан халуун рашаануудын газрын гүний халуун усны температурыг химийн геотермометрийн аргаар тооцоолох
5. Газрын гүний халуун усны гүнийг тогтоох
Судалгааны ажлын шинэлэг тал:
• Баруун бүсийн халуун рашааны химийн найрлага бүрэлдэн тогтох процессыг ус-чулуулгийн харилцан үйлчлэлээр тайлбарласан;
• Баруун бүсийн халуун рашааны эрдэс чулуулгийн судалгааг анх удаа хийсэн;
• Баруун бүсийн Монгол Алтайн газрын гүний халуун усны температурыг химийн геотермометрийн аргаар анх удаа тогтоосон;
• Баруун бүсийн 9 халуун рашааны газрын доорх усан сангийн гүнийг анх удаа тодорхойлсон;
• Судалгаанд хамрагдсан халуун рашаануудын газрын гүний дулааны нөөцийг шууд болон бинарын системийг ашиглан цахилгаан эрчим хүчний зориулалтаар ашиглах боломжтой болохыг тогтоосонд энэхүү ажлын шинэлэг тал оршиж байна.
Судалгааны ажлын практик ач холбогдол:
• Баруун бүсийн халуун рашааны ордуудын газрын гүний халуун усыг байгальд ээлтэй нөхөн сэргээгдэх эрчим хүчний зориулалтаар ашиглахад анхдагч материалыг бүрдүүлж байгаа нь шинжлэх ухааны болон практик ач холбогдолтой.
• Мөн энэ чиглэлийн судалгаа шинжилгээ явуулдаг эрдэм шинжилгээний байгууллага, оюутан, компани, аж ахуйн нэгжүүдэд гарын авлага суурь материал болох ач холбогдолтой.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 34
Ишлэгдсэн тоо : 0