Хөдөлмөр, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь мал аж ахуйд суурилж, түүнээс амьжиргааны гол эх үүсвэрээ бүрдүүлдэг, нүүдлийн болон хагас суурьшмал, суурин (өрх, хувь хүн) байдлаар аж ахуй эрхэлдэг хүмүүсийг малчид гэж ойлгоно. Орчин үеийн хөдөлмөрийн харилцаанд ажилтан өөрийн эрхэлж буй ажлыг орхиод явсан ч тухайн ажилтнаас хамаарахгүйгээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь үргэлжилсээр (ажил олгогч өөр хүнээр гүйцэтгүүлэх байдлаар) байх боломжтой бол мал аж ахуйн үйлдвэрлэл нь малчны оролцоогүйгээр үргэлжлэх боломж хязгаарлагдмалонцлогтой билээ. Нийгмийн бусад бүлгээс ялгарч буй онцлог нь, малтай болсон арга (удам дагасан, эсвэл худалдаж авсан г.м)-аас нь үл хамааран өдөр түтмын ажиллах, амрах, баярлах цэнгэх үйл нь үйлдвэрлэлийнхээ дотор өрнөж, өргөн утгаар амьдралын хэмнэл нь үйлдвэрлэлээс шууд хамаардагт оршино. Хувь судлаачийн зүгээс "Малчдын дотоод ялгарал" сэдвийн хүрээнд үйлдвэрлэлийн онцлогоос хамааралтай ялгарч буй дүр зургийг тодруулан судлахыг зорилоо.
Онолын талаас 1980-аад оны үед боловсрон хөгжсөн зарим онол (жендерийн, угсаатны г.м)-ын урсгалыг үл тооцвол сонгодог болон орчин үеийн онолын төлөөлөгчид хөдөлмөр, үйлдвэрлэлийн харилцааг үндэс болгон нийгмийн ялгарлыг судалсаар ирсэн. Хөгжлийн эхэн үед макро түвшний онолууд нийгмийг бүхэлд нь судлан тодорхойлох хандлагатай байсан бол хожуу үед тодорхой байгууллага, институтийн түвшинд нийгмийн бүлгүүдийн ялгарах шалтгаан, нөхцлийг судлах болсон юм. Малчдын нийгмийн ялгарлыг тодорхойлох эл судалгаанд бүтцийн онолын чиглэлийг баримжаа болгон өмнө судлагдсан баримт материал хийгээд эмпирик судалгааны мэдээлэл, баримтад үндэслэн үйлдвэрлэлийн онцлог, социаль ялгарал, бүтцийг тодорхойлох үзүүлэлтүүдийг шинжилсэн болно. Ийн судлах явцад зөрчлийн, эсвэл үүргийн шинжтэй, орчин үеийн онолын хандлагуудад үндэслэн тайлбарлавал зохих баримтууд гарч байсанч малчид дотооддоо хэрхэн бүтэцжиж, ялгарч байгаад судлаачийн зүгээс анхаарч ажиллалаа. Учир нь бүтэцжиж, ялгаран буй хэв маягуудыг тодорхойлон судалсны ард бүхэл бүлэг хийгээд дэд бүлгийн ялгааг онолын бусад хандлагад үндэслэн нарийвчлан шинжилж, тайлбарлах нь илүү сонирхолтой, үр дүнтэй ажил болох талтай. Тухайлбал, үйлдвэрлэлийн явц дахь хувь хүн хийгээд гишүүдийн оролцоо, нийгэм-эдийн засагт гүйцэтгэх үүрэг, онцлог бүхий харилцаа хэрхэн хэлбэржин тогтож буйг феноменологи, эсвэл бихевиорист хандлагаар ойлгож тайлбарлах нь сонирхолтой.
МАА-н үйлдвэрлэл, малчдын онцлогийг тал бүрээс нь судлан тодорхойлсон баримт олон ч тэдгээрийг нэптэн боловсруулсан үр дүн хязгаарлагдмал бөгөөд ихэвчлэн салангид шинжтэй үр дүн байх нь элбэг. Эл судалгааны ажилд социологийн хандлагад үндэслэн МАА-н үйлдвэрлэлийн онцлог, бүтцийг зураглан, түүнд үндэслэн шинжилгээ хийлээ.
МАА-н үйлдвэрлэл нь нэг талаас байгаль цаг уурын, бодлогын, эдийн засгийн орчныг нөхцөл болгон, нөгөө талаас хувь хүний бие эрхтний чадамж, мэдлэг ухаан, сэтгэл зүйн төлвийг боломж болгон харилцан хамаардаг. Боломж нь социаль хүчин зүйлсийг тухайлбал, судалгаанд нас, хүйс, гэр бүлийн хэв маяг, ам бүлийн тоо, туршлага-боловсрол, хөдөлмөр, эрүүл мэндийн байдал, өмч-өмчийн хэлбэр, орлого-орлогын бүтэц, өмч захирах эрх, үйлдвэрлэл эрхлэх арга, суурьшлын хэв маяг зэрэг олон үзүүлэлтүүдийг багтаах бөгөөд судалгааны ажлын хүрээнд дурдан буй үзүүлэлтүүдээр үр дүнг шинжилсэн болно. Суурь буюу социаль боломж нь өөр бусад боломжийн эх үүсвэр болдог.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 57
Ишлэгдсэн тоо : 0