Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Б.Явуухулангийн яруу найргийн хэлний утга, бэлгэдэл, сэтгэлгээний судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4337
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : сэтгэлгээ, үндэсний язгуур соёл, тоо, өнгө, орон зайн илэрхийлэл, зохиогчийн сэтгэхүй сэтгэлгээний өвөрмөц онцлог

Аннотаци

Хэл бичгийн ухааны докторын зэрэг горилсон “Б.Явуухулангийн яруу найргийн хэлний утга, бэлгэдэл, сэтгэлгээ” хэмээх нэг сэдэвт зохиолын хүрээнд нийгэм, олон нийтийн зүгээс талархал хүлээсэн нэрт уран бүтээлчийн яруу найргийн хэлний баримтад суурилан, тодорхой зохиолчийн яруу найргийн хэлэн дэх тоо, өнгө, цаг хугацаа, орон зайн сэтгэлгээний цар хүрээ, эдгээрээр илэрч буй утга, бэлгэдэл, өнгө аясыг түүний уран бүтээлийн баримтад тулгуурлан, хэл, соёл, үндэстний сэтгэлгээний онцлог зэрэгтэй холбон, ажиглалт судалгаа хийх, өөр хоорондоо нягт уялдаа холбоотой буюу юмс, үзэгдэл, үйл хөдөлгөөний тоо, чанар (өнгө), орон, цаг гэсэн дөрвөн суурь ухагдахууныг тусгасан зүй тогтлын талаас тодорхой зохиогчийн уран бүтээлд тулгуурлан, танин мэдэхүйн үүднээс судлан, дүгнэлт хийхийг зорьсон болно.
Тус ажлыг гүйцэтгэхдээ монгол хүний язгуур хэл, сэтгэхүй, уугуул соёл, сэтгэлгээнд хэвшиж тогтсон тоо, өнгө, цаг хугацаа, орон зайн илэрхийллээр илэрч байгаа танин мэдэхүйн хэв шинж, тэр дундаас зохиогчийн өөрийнх нь сэтгэхүй, сэтгэлгээний өвөрмөц онцлогийг илрүүлэхийг зорьж, үүнийхээ хүрээнд зохиолч Б.Явуухулангийн яруу найргийн хэл, түүнээс урган гарах утга, бэлгэдэл, сэтгэлгээний онцлогийг тоо, өнгө, цаг хугацаа, орон зайд холбогдох баримтад тулгуурлан судалж, нийтлэг болоод тусгай ямар шинжтэй болохыг тайлбарлах, үнэ цэнийг тодруулж, дүгнэлт хийх гэсэн зорилгыг дэвшүүлсэн ба Б.Явуухулангийн яруу найргийн хэлэнд илэрч буй тоо, өнгө, цаг хугацаа, орон зай, тэдгээрт холбогдох баримтыг түүвэрлэх, ангилан бүлэглэх, задлан шинжилж, тайлбар, дүгнэлт хийх, тухайн зохиогчийн яруу найргийн хэлэнд илэрч буй тоо, өнгө, цаг хугацаа, орон зайн утга, бэлгэдэл, сэтгэлгээний онцлогийг баримтад тулгуурлан, танин мэдэхүйн хэл шинжлэлийн зарим онол, аргын үүднээс тайлбарлах, монгол хүний ертөнцийг үзэх үзэл, ертөнцийг ухаарсан байдал Б.Явуухулангийн яруу найргийн хэлэнд хэрхэн илэрсэн, соёлын өвөрмөц ямар онцлогтой байгааг тодруулж, тайлбарлах зэрэг зорилтуудын хүрээнд судалгааны ажлыг хийж гүйцэтгэв.
Аливаа асуудлыг олон ухааны уулзвар дээр, шинжлэх ухааны зааг дээр судлах, харилцан нөхөх чадварт тайлбар хийхийг чухалчлах болсон ба 21-р зууны шинжлэх ухааны чиг хандлага бүтэц судлалын аргаас хальж, танихуйн хэлшинжлэл, сэтгэц хэлшинжлэл, соёл хэлшинжлэл, угсаатны хэлшинжлэл гэхчлэн олон шинжлэх ухааны зааг, уулзвар дээр, олон өнцгөөс харж судлах хавсарга хэлшинжлэл болон хөгжиж байна. Зохиолч Б.Явуухулангийн уран бүтээлийг уран зохиолын туурвил зүйн талаас голчлон судалсан байдаг бол бидний судалгаа хувь зохиолчийн яруу найргийн хэлэнд илэрч буй монгол хүний ертөнцийг үзэх үзэл, ертөнцийг таньж ухаарсан байдал, үндэсний сэтгэлгээний онцлогийн нийтлэг болоод тусгай шинжийг тодруулахдаа танин мэдэхүйн хэл шинжлэлийн онол, аргууд, тухайлбал Минскийн хүрээний онол, Ж.Лакоффын танихуйн зүйрлэлийн онол, зүйлчлэн айчлах, цацраг ай, Марк Жонсон, Марк Тернер, Жон Сирл нарын биед суурилсан ухамсрын онол, авалцуулан холбох, жишин адилсуулах аргын үүднээс тайлбарлаж, үнэлэлт дүгнэлт өгсөнд оршино.
Бид, Б.Явуухулангийн зохиол бүтээлийн баримтад тулгуурлан, тодорхой нэг хувь зохиолчийн уран бүтээлд тоо, өнгө, цаг хугацаа, орон зайн хэллэг үгсээр илрэх утга, бэлгэдэл, сэтгэлгээ нь зан заншил, ёс уламжлалтай холбогдож, ахуйн танилт, мэдлэгийн өргөн цар хүрээний илэрхийлэл болдгийг тодруулан, холбогдох тайлбар, дүгнэлтийг хийсэнд онолын ач холбогдол оршино. Мөн монголын уран зохиолын үнэт сурвалж, содон үзэгдлийг хэл, сэтгэлгээний талаас тайлбарласан нь монгол утга соёл, хэл найруулга, уран зохиол, хэл, сэтгэлгээний уламжлал болон шинэчлэл, үндэстний бахархал, өв соёл, ертөнцийг үзэх үзэл тэргүүтнийг сонирхон судлах, заан сургах багш, судлаачдад сургалт, судалгааны түвшинд үзэж судлах судалгааны материал болон гарын авлага болох практик ач холбогдолтой.
Б.Явуухулангийн зохиол бүтээл дэх тоо заасан хэл, утга соёлын хүрээ нь үндсэн тоо болох нэг, хоёр, гурав, дөрөв, тав, долоо (дал), найм (ная), ес, арав, арван долоо, арван найм, хорин нэг, зуу, мянга; тодорхойгүй тоо болох түм, бум, олон, хэсэг, цөөн, хагас; хэмжээс заах хэмт үг хуруун чинээ, эрхийн чинээ, тохойн чинээ, тойгийн чинээ зэрэг өргөн хүрээнд илэрснийг, монгол хэлний тооны нэрсийн гарал үүсэл, утга, бүтэц, бүрэлдэхүүний үүднээс авч үзвэл, хүн төрөлхтний тоон сэтгэлгээний түгээмэл зүй тогтолтой үндсэндээ тохирч байгаагаас гадна бодгаль зохиолчийн тооны сэтгэлгээний онцлогийг илрүүлэх дүр дүрслэлүүд ч олон арвин байна. Хэмжүүрийн сэтгэлгээний онцлог нь бие эрхтэн, ахуйн эд зүйлс, амьтан, цаг хугацааг хэмжүүрийн нэгж болгож, аливаа зүйлийн хэмжээ дамжааг өөр зүйлтэй адилтгах, жиших, өөр зүйлийн хэмжээгээр төлөөлүүлэх гэсэн онцлогтой байна.
Б.Явуухулангийн яруу найргийн хэлэнд илэрч буй сэтгэхүйн нэг үндсэн ай болох тооны тухай ойлголт нь утгын ялгамж ихтэй болохыг тооны утга, бэлгэдэл, сэтгэлгээг нэгтгэн харуулсан загвараас харж болох бөгөөд монгол хүний юмсын тоог нийлэх-салах, эерэг-сөрөг, эр-эм шинжээр нь эсрэгцүүлэн сэтгэж нарийвчлан тэмдэглэдэг онцлог, монгол хүний тоог таньж мэдсэн, тоог хэрэглэсэн туршлага дан ба давхар тоог хэрэглэсэн хэрэглээ, дүрслэлээр тодорхой илэрчээ.
Өнгөөр илэрхийлэх, бэлгэдэх утга, мөн чанарыг хүн, амьтан, ургамал, эд юмсад байдаг гол чухал шинжтэй холбон зүйрлэж, олон талаас нь дүрслэн гаргасан шинж байдлаас үзэхэд, зохиолчийн өнгийг ухаарч ойлгосон мэдлэг, танин мэдсэн арга туршлага, соёл сэтгэлгээний шинж нь түүний үндсэн өнгө, үүсмэл өнгө, зүс, зүсмийг дүрслэн илэрхийлсэн хэллэгүүдэд тусгалаа олжээ. Зохиолч яруу найргийн хэлээрээ дамжуулж, хүн, нийгэм, артефакт дөрвөн хүрээний үзэгдэл, ойлголтуудыг хэрхэн тусгаж, хэрхэн, яаж илэрхийлснийг хүрээ, дэд хүрээний загварт тулгуурлан, өнгийг юутай хэрхэн уялдуулсныг цацраг айн загвараар тус тус авч үзэж, ажиглалт хийхэд, үндсэн өнгө болох хар, цагаан, хөх, улаан, ногоон, шар, үүсмэл өнгө болох цэнхэр, бор, саарал; зүсэм болох харлаг, цагаан, улаан, хөх, бор, саарал, буурал, хээр, халиун, хонгор, зээрд гэж өргөн хүрээнд “өнгө” –ний цогц ойлголтыг өөрийн сэтгэх арга, өнгийн талаарх танин мэдэхүйн суурь мэдлэг, туршлага, сэтгэлгээний үүднээс дүрслэн илэрхийлжээ. Найрагчийн бичлэгийн хэв маягаас ажиглан үзэхэд, түүний өнгө, зүсэнд хандах хандлага, үнэлэмж, илэрхийлэх өнгө аяс нь монгол ёс заншил, соёл, сэтгэлгээний бодит тусгал болж байна.
Зохиолч Б.Явуухулангийн яруу найргийн хэлэн дэх цаг хугацааны утгад холбогдуулан түүвэр болгон авсан 329 хэллэгийг танин мэдэхүйн зүйрлэлийн үүднээс задлан шинжлэхэд, Цаг бол зүй тогтол, Цаг бол жам ёс, Цаг бол дараалал, Цаг бол хувирал өөрчлөлт, Цаг бол байгалийн үзэгдэл, Цаг бол өрсөлдөгч, Цаг бол хурд гэсэн загвар гарч байгаа бөгөөд хүний амьдралын оршихуйн цаг, байгаль, юмс үзэгдлийн цаг, тэдгээрийн хэмжлийн тухайт цаг хугацааны мөн чанарыг ухаарч мэдсэний үр дүн буюу зохиогчийн цаг хугацаатай харьцсан туршлага хийгээд сэтгэлгээний үр дүн, соёлын талаарх мэдлэг, танин мэдэхүйн онцлог илрэн гарчээ.
Зохиолч яруу найргийн хэлээрээ дамжуулж, байгалийн үзэгдлийн өргөн хүрээний дүрслэл буюу бодит нээлттэй орон зайг агуу, уудам гэж дүрсэлсэн нь монгол хүн оршин суугаа газар орон, уул ус, дов жалгаа нэгд нэгэнгүй таньж мэдэж, бусдаас онцгойрох зүйлийн хэмжээ, өндөр нам, өнгө хэлбэр зэргээр баримжаалан сэтгэж, нэрлэдэг, орших орон зайтайгаа харьцаж, таньж мэдсэн туршлага, энэ мэдлэгээ ахуй амьдралдаа бүтээлчээр ашигладаг уламжлал, соёлыг бүрэн илэрхийлэн гаргасан онцлогтой байна.
Б.Явуухулангийн яруу найргийн хэлэн дэх орон зайн сэтгэлгээний онцлог нь “хязгааргүй, уудам, тэнүүн, сэлгүүн” –ийг илтгэсэн шинжтэй байна. Энэ нь яруу найрагчийн өссөн төрсөн нутаг, амьдран оршсон эх орны газар нутгийн хэмжээ, байр байдалтай нягт холбоотой бөгөөд зохиогчийн уран бүтээл дэх орон зайн дүрслэлүүд нь түүний дотоод ертөнц төдийгүй нүүдэлчин монголчуудын сэтгэлгээний томоохон төлөөлөл болж байна.
Дээрх дөрвөн ухагдахууныг хэрхэн сэтгэж, илэрхийлж буйгаас нь үзвэл, зохиолч Б.Явуухулангийн тоо, өнгө, цаг хугацаа, орон зайн талаарх танин мэдэхүйн мэдлэг, туршлага нь судалгаанд хамруулан авч үзсэн ухагдахууны хүрээнд цогц айг бүрдүүлэх түвшний гэж үнэлж болохоор байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 10

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 171
Сүүлийн сард 13
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :