Багш мэргэжлээр суралцагч оюутнуудын хувьд багшийн мэргэжлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох багшлахуйд суралцан, дадлагажих нь чухал ач холбогдолтой юм. Оюутнуудын багшлахуйн хөгжлийг багшлах анхан шатны мэдлэг ойлголт төлөвших, багшлах арга барилд суралцах, тодорхой контекстэд бие даан шийдвэр гаргах гэсэн 3 түвшинд ангилж, бичил багшлахуйн аргаар түүнийг хөгжүүлэх онол, арга зүйн туршилт, судалгааг хийсэн. Судалгааны ажил нь асуудлыг тодруулах, нөхцөл байдлыг тодорхойлох, туршилт судалгаа, үр дүнгийн шинжилгээ гэсэн бурэлдэхүүн хэсгүүдээс тогтоно. Оюутны багшлахуйд суралцах өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор биологийн сургалтын арга зүйн хичээлийн суралцахуйн үр дүнг харьцуулан судалж, дидактикийн хичээл заадаг багш нараас санал асуулгын судалгаа, ганцаарчилсан ярилцлага хийсэн. Багшлахуйд суралцах арга зүйн нэгэн хувилбарын туршилт судалгааг биологийн сургалтын арга зүйн хичээлийн жишээн дээр хийлээ. Багшлахуйд суралцах арга зүйн хувилбар нь бичил багшлахуйг төлөвлөх, хэрэгжуүлэх, эргэцүүлэх, багшлахуйн чадамж төлөвших гэсэн үе шатнаас тогтох мөчлөгт үйл явц юм. Багшлахуйд суралцах арга зүйн хувилбарын үр дүнгийн үнэлгээнд бичил багшлахуйн ажиглалт, ээлжит хичээлийн төлөвлөлт, бүтээлийн сан, эргэцүүлэмж эсээ, видео бичлэг, тэмдэглэлд суурилсан анализын аргыг ашигласан. Багшлахуйд суралцах арга зүйн хувилбар нь оюутны багш нарын багшлахуйн чадамжийг хөгжүүлэхэд хүчтэй нөлөөлж байгааг бусад мэргэжлийн ангийн оюутнуудтай харьцуулан батлав.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 48
Ишлэгдсэн тоо : 0