Өнөөгийн даяаршсан мэдээллийн эрин үе нь боловсролын салбарын өмнө энэ цаг үед нийцэн амьдрах хөгжсөн хүн бэлтгэх шаардлага дэвшүүлээд байна. Энэ шаардлагын дагуу суурь боловсролын сургалтын хөтөлбөрт "Сурагчдын бүтээлч ажиллагаа буюу аливаа юмс үзэгдлийг өөрөө шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх, бусадтай ...хамтран ажиллах, үр дүнгээ танилцуулах үйл ажиллагаанд суурилан "шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар бие даан бүтээлчээр сурах арга барил эзэмшүүлэх" зорилго дэвшүүлжээ (Суурь боловсролын сургалтын хөтөлбөр, 2019)
Энэ зорилгод хүрэхийн тулд аливаа хичээл, түүний дотор түүхийн хичээлээр сурагчдад бие даан бүтээлчээр суралцах арга барил эзэмших орчин нөхцөл бүрдүүлбэл зохино. Түүхийн хичээлээр сурагчдын бие даасан бүтээлч үйлийг хөгжүүлэхэд мэдлэгийн янз бүрийн эх сурвалж, түүний дотор бичгийн сурвалж чухал ач холбогдолтой. Учир нь судлаач К.Умбрашко "Бүтээлч сэтгэхүй нь бие даасан оюуны үйлийн процесст хөгждөг", энэ зорилтыг "тууштай шинжлэн судлах үйлийн явцад хэрэгжүүлнэ, ийм үйл ажиллагааг зохион байгуулахад сурах бичиг бус түүхийн сурвалж тусална" гэсэн бол Г.Гонгоржав "Түүхийн сурвалж баримтыг ашиглахгүй түүхийн хичээлийг заах нь түүний танин мэдэхүйн хийгээд хүмүүжлийн үнэ цэн, ач холбогдлыг бууруулах нь илэрхий ...түүхэн баримтууд нь суралцагчдын анхаарлыг тухайн сэдэвт төвлөрүүлж, сонирхлыг дээшлүүлж, тэдний хүртэх, сэтгэн бодох чадвар, танин мэдэх сонирхлыг хөгжүүлж, түүхэн баримтыг бие даан нэгтгэн дүгнэх анхны арга барилыг эзэмшүүлдэг юм. ... гагцхүү сурах бичгийн доторх баримтаар багш өөрийн сургах үйл ажиллагааг хязгаарлах нь учир дутагдалтай" гэж үзсэн байна (Умбрашко,1996), (Гонгоржав., Эрдэнэ-өлзий, 1989)
Нөгөө талаар ерөнхий боловсролын сургуулийн түүхийн хичээлээр мэргэжлийн түүхч бэлтгэх зорилго тавьдаггүй ч сурагчид түүх гэж юу вэ?, түүхчид юу хийдэг вэ? гэдгийг ойлгосон байх учиртай. Үүний тулд түүхийн танин мэдэхүйн онцлог болох түүхч өнгөрснөөс үлдсэн зүйлс, гэрч мэдээ зэрэг янз бүрийн эх сурвалжид үндэслэн өнгөрснийг судалдагийг ойлгуулах шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, түүхийн хичээл нь сурагчдад түүхийн шинжлэх ухааны зөвхөн агуулга төдийгүй арга зүйтэй танилцуулбал зохино. Иймээс дунд сургуулийн түүхийн хичээлээр сурагчдад эзэмшүүлэх судлагдахууны үндсэн чадваруудын нэг нь түүхийн сурвалжтай ажиллах чадвар юм.
Түүнчлэн "PISA-2018"-aac эхлэн 15 насны сурагчдын "бичиг үсэгт тайлагдсан байдал"-ын 6 цогц чадамжийг нэрлэсний нэг нь унших чадвар бөгөөд унших чадварыг үнэлэх гурван бүлэг чадварыг нэрлэсэн нь 1. Текстээс шаардлагатай мэдээлэл олж авах,
2. Нэгтгэн дүгнэх, интерпретаци хийх (текстийг дэд хэсгүүдэд утгачлан хуваах, хэсэг бүрийн гол санаагтодорхойлох, товч тайлбарлан бичих эсвэл нэр өгөх),
3. Текст дэх мэдээллийн үнэн магадтайг үнэлэх (текстийн агуулгыг задлан шинжлэх, зохиогчийн үзэл бодлоо илэрхийлэх аргыг үнэлэх, янз бүрийн үзэл бодлыг харьцуулах, зэрэгцүүлэн үзэх, өөрийн үзэл хандлагыг томьёолох, мэдээллийн үнэн магад эсэхийг шинжлэх) юм (PISA, 2018). Ийм учраас аналитик буюу задлан шинжлэх чадвар XXI зуунд ажиллаж, амьдарч буй хүний эзэмшвэл зохих чухал чадвар болж байна.
Тийнхүү түүхийн хичээлээр сурагчдыг бичгийн эх сурвалж, түүнтэй ажиллах арга зүйтэй танилцуулах нь нэг талаас тэдэнд шинжлэх ухааны болон шинжлэх ухаанч бус аргуудын ялгааг олж харж, өнгөрсний тухай янз бүрийн тайлбар, интерпретаци байж болно гэдгийг ойлгон түүхийн судалгааны туршлага эзэмших, нөгөө талаас тэдний мэдлэгийн янз бүрийн эх сурвалжийг судлах, задлан шинжлэх тэдгээрээс мэдээлэл олж авах чадварыг хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлэх болно.
VI-VII ангиас эхлэн түүхийн сурвалжийг судалснаар сурагчид түүхийг танин мэдэх сонирхолтой болж, өнгерсөн үеийн хүмүүсийн амьдрал, үйл ажиллагааны тухай янз бүрийн гэрч мэдээг ажиглах, судлах анхны туршлага олж авна гэдгийг судлаачид тэмдэглэжээ.
Гэхдээ бичгийн сурвалж угаасаа сургалтын зориулалтгүй учир түүнийг "унших" ерөнхий дүрмийг мэдэхгүйгээр шаардлагатай мэдээлэл олж авахад бэрхшээлтэй. Иймээс хичээлд бичгийн сурвалж хэрэглэх арга зүйн асуудал түүх заах арга зүйчдийн анхаарлын төвд байсаар иржээ.
Манай улсад анх түүхийн сурвалж, ялангуяа бичгийн сурвалжийг бичиг үсэг заах, уншиж, бичиж сургах зэрэгг ашиглаж иржээ. Иргэний боловсролын үндэс тавигдсан XX зууны эхэн үед бага, дунд сургуулийн сурагчдад зориулсан сурах бичиг, гарын авлага хомс байсан учраас бичгийн сурвалжийг сурах бичгийн оронд ашиглаж байв. 1950-иад оноос үндэсний зохиогчтой эрт, дундад зууны түүхийн анхны сурах бичгүүд хэвлэгдэж, сурах бичгийн зэрэгцээ түүхийн хичээлд эх сурвалж хэрэглэх арга зүйн асуудлыг гарган тавьжээ. Улмаар боловсролын шинэчлэлийн үе шат бүрт энэ асуудлыг авч үзэж байв. Тухайлбал, 1972-1973 оны хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрт анх түүхийн хичээлээр эзэмшүүлэх чадварыг тодорхойлсны дотор хичээлд бичгийн сурвалж хэрэглэхийг зааж, 1982 оны шинэчилсэн сургалтын хөтөлбөрт түүхийн хичээлээр эзэмшүүлэх ерөнхий ба тусгай чадваруудыг анги бүрээр жагсаан гаргасан нь сурагчдад бичгийн сурвалжтай ажиллах чадвар эзэмшүүлэхийг чухалчлан үзсэний илрэл юм. Энэ үед сурах бичгийг шинэчлэн боловсруулж, бичгийн сурвалжаас зохистой хэмжээгээр хэсэглэн оруулж, асуулт даалгаврыг боловсруулсны зэрэгцээ анхны түүхийн сурвалжийн дээж бичгүүд хэвлэгдсэн байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 20
Ишлэгдсэн тоо : 0