Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүний биеийн эрхтнийг нэрлэсэн өвөрмөц хэлцийг хүн төвт үзлийн үүднээс судалсан нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4371
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : Монгол: хэлц судлал, хүн, хэл, сэтгэлгээ, соёл, оюун ухаан, үндэстэн

Аннотаци

Энэхүү судалгааны ажил нь орчин үеийн хэлшинжлэлийн нэгэн чухал чиглэл болох хүн төвт үзлийн үүднээс хүний биеийн эрхтнийг нэрлэсэн өвөрмөц хэлцийг монгол хэлний жишээгээр судлахад чиглэгдсэн болно.
Хүн төвт үзэл нь хүнийг гол судлагдахуун болгон, хүн хэл хоёрын харилцан хамаарлыг авч үздэг.
Өөрөөр хэлбэл, хэл хүнийг цогцлоон бүрэлдүүлэгч хүч, хүн хэлийг идэвхтэй хөгжүүлэгч бодгаль, эдгээр нь харилцан бие биедээ нөлөөлж байдаг гэдгээр тодорхойлогдоно.
Аливаа хэлний үгийн сангийн нэгж болох өвөрмөц хэлц тухайн үндэстний нийгэм, соёл, сэтгэлгээний тусгал болдгийн хувьд түүнийг хэл шинжээчид олон талаас нь судалсаар ирсэн.
Өвөрмөц хэлц нь тухайн ард түмний ахуй, соёл, зан үйл, оршин суугаа газар нутаг, байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан, хүн юуг юутай адилтган нэрлэсэн зэргээс үүтгэлтэй, субъект буюу хүнээс объектэд өгч буй үнэлэлт дүгнэлтийг өгүүлсэн, үндсэндээ шууд бус нэрлэлтийн шинжтэй, шилжсэн утгатай нийлмэл үгс байдаг.
Өнөө үед өвөрмөц хэлцийг хүн төвт үзлийн үүднээс судлах хэрэгцээ гарч байгаа нь хэл, хүний биеийн эрхтэн хоёрын шалтгаант холбоог авч үзэхэд хүргэхийн хамт, үүнд өвөрмөц хэлц тодорхой байр суурь эзлэх боломжтой. Бидний ойлголтоор "бие" нь хүн гэх бодгаль, хүнийг бүрдүүлж буй "эрхтний нэгдэл" учраас аливаа хэлэнд хүний биеийн эрхтнийг нэрлэсэн өвөрмөц хэлцээр илэрч болдог.
Хүний биеийн эрхтнийг нэрлэсэн өвөрмөц хэлцийг хүн төвт үзлийн үүднээс судлахдаа монгол хэлний жишэээгээр авч үзэх нь хүн өөрийн бие эрхтний үүрэг, үйл ажиллагааг хэрэглээний талаас танин мэдэхэд тус нэмэр болно.
Иймээс бид, тухайн өвөрмөц хэлцийг зөвхөн хэлбэр, утгын талаас нь бус, хүн төвт үзлийн үүднээс судлах шаардлагатай гэж үзсэн болно.
Энэхүү судалгаа нь хүний биеийн эрхтнийг нэрлэсэн өвөрмөц хэлцийг монгол хэлний жишээгээр хүн төвт үзлийн үүднээс судлахыг зорьсон болно.
Үүний тулд дараах зорилтыг дэвшүүлсэн.
-Орчин үеийн хэлшинжлэл, хэлц судлал, антропологи, хүн тевт үзэл онолын чиглэлийн бүтээл уншиж, эрдэмтдийн үзэл онолыг нэгтгэн дүгнэх;
-Өвөрмөц хэлцийн хэл, нийгэм, соёлын онцлог шинжийг нь тодруулах;
-Өвөрмөц хэлцийг хүн төвт үзлийн үүднээс судлах;
-Монгол хэлний хүний биеийн эрхтний нэрлэсэн өвөрмөц хэлцүүдийг биеийн эрхтний үүргээр нь бүлэглэн ангилах;
-Толгойн, биеийн, цул эрхтнийг нэрлэсэн өвөрмөц хэлцийг хүн төвт үзлийн үүднээс судлах, утгыг тодорхойлох зэрэг болно.
Энэхүү нэг сэдэвт зохиолыг бичихдээ бид судалгааны ажилд сэдэв, агуулга, арга зүйгээрээ шууд болон дам холбогдох нийгмийн ухаан, хүний биеийн бүтэц судлал, хэл шинжлэл, соёл судлал, хэлний хүн төвт судалгааны бүтээлүүдийн онол, арга зүйг үндэс болгон тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, задлан шинжлэх, жишин харьцуулах, өвөрмөц хэлцүүдийн үүссэн хэл соёлын орчин, шалтгааныг тайлбарлах, нэгтгэн дүгнэх, тоо баримт, жишээ баримтаар баталгаажуулах аргыг голлон хэрэглэсэн.
Энэхүү судалгаанд монгол хэлний өвөрмөц хэлцийн 3100 гаруй жишээ баримтыг голлон ашигласан болно. Хэлний нэгж болох өвөрмөц хэлцийг олон талаас нь судлан ирсэн боловч, хүний биеийн эрхтнийг нэрлэсэн өвөрмөц хэлцүүдийг авч үзэхдээ, хүнийг судалгааны төв болгон өнөө хэр тусгайлан судлаагүй байна.
Иймээс хүний биеийн эрхтнийг нэрлэсэн өвөрмөц хэлцийг хүн төвт үзлийн үүднээс монгол хэлний жишээгээр, хүнийг судалгааны төв болгон судлахыг зорьсонд энэхүү ажлын шинэлэг тал оршино. Уг судалгааны ажлын ач холбогдлыг дараах байдлаар тоймлон өгүүлж болно.
Үүнд:
-Хүн төвт үзэл болон хүн төвт хэлшинжлэлийн талаар бичсэн ном бүтээлийг уншиж тэдгээрийн чиг хандлагыг тодорхойлох;
-Хүний биеийн эрхтнийг нэрлэсэн өвөрмөц хэлц нь тухайн ард түмний соёл, уламжлалт аж төрөх ёс, ертөнцийг үзэх үзэл, зан үйл, сэтгэлгээний онцлогтой хэрхэн холбоотой болохыг танин мэдэх;
-Хүн өөрийн биеийн эрхтнээрээ дамжуулан ертөнцийн юмс үзэгдлийг хэрхэн ойлгож хүлээн авч үнэлэлт дүгнэлт өгч буйг танин мэдэх зэрэг болно.
Энэхүү судалгааны ажил нь удиртгал, нэгдүгээр бүлэг, Өвөрмоц хэлц ба хүн төвт үзэл, хоёрдугаар бүлэг, Толгойн эрхтнийг нэрлэсэн өвөрмөц хэлцийг судлах нь, гуравдугаар бүлэг, Биеийн эрхтнипг нэрлэсэн өвөрмөц хэлцийг судлах нь, дөрөвдүгээр бүлэг, Цул эрхтнийг нэрлэсэн өвөрмөц хэлцийг судлах нъ, дүгнэлт, ном зүй, хавсралт гэсэн бүтэцтэй.
Монгол хэлний хүний биеийн эрхтнийг нэрлэсэн 41 бүлгийн өвөрмөц хэлцүүдээс 323 буюу
26.37% нь эерэг утга, 851 буюу
69.47% нь сөрөг утга, 51 буюу
4.16% нь эерэг, сөрөг утга илэрхийлсэн болно.
Монгол хэлэнд хүний биеийн эрхтнийг нэрлэсэн өвөрмөц хэлцүүдээс "ам", "нүд", "толгой", "гар", "хөл", "зүрх", "элэг" гэх мэт эрхтэн орсон өвөрмөц хэлц хамгийн их давтамжтай, харин "цээж", "өвдөг", "ташаа", "сүүж", "давсаг", "олгой" гэх мэт эрхтэн орсон өвөрмөц хэлц хамгийн бага давтамжтай тохиолдсон. Энэ нь тухайн эрхтний үүрэг болон бидний танин мэдэхүйтэй холбоотой гэж болно.
Монгол хэлний хүний биеийн эрхтнийг нэрлэсэн өвөрмөц хэлцийн утга нь монгол хүн бие эрхтнийхээ үүргийг хэрхэн ухааран ойлгож, танин мэдэж буйтай холбогдон байна. Тухайлбал, монгол хэлний "гар" эрхтэн орсон өвөрмөц хэлцийн утга хүний юм хийх, хүнд юм өгөх, авах үүрэгтэй нь ихээхэн холбоотой бол, "элэг"-ийг нэрлэсэн өвөрмөц хэлцийн утга нь хүн өвөр элгэндээ үр хүүхдээ тэврэх гэх санаагаар элгэн садан, элгэн нутаг, нэг овгийн, нэг элгэний хүмүүс гэх зэрэг ураг хүйн холбоог илэрхийлдэг байна. Иймд монгол хэлний хүний биеийн эрхтнийг нэрлэсэн өвөрмөц хэлцийн субъект нь монгол хүн, объект нь бидний биеийн эрхтнүүд, утга нь субъектээс объектыг хэрхэн танин мэдэж илэрхийлсэн агуулга гэж дүгнэж болно.
Монгол хэлний хүний биеийн эрхтнийг нэрлэсэн өвөрмөц хэлц нь монгол хүний сэтгэл хөдлөл, ааш авир, дотоод мэдрэмжийн илэрхийлэл болж байна. Тухайлбал, хүн уурлаж уцаарлах, занахдаа "шүд зуух", "хөмсөг зангидах", "гараа зангидах" зэрэг байдлыг илэрхийлдэг бол баярлахдаа ихөл дээрээ дэвхцэх", "хөл хөнгөн болох", "магнай тэнийх" зэрэг байдлыг илэрхийлдэг байна. Ийн хүн уурлаж уцаарлах, хорсож занах, баярлах, айх, ядрах, дургүйцэх үед хүний биед өвөрмөц байдал бий болж буйг танин мэдэж, тухайн байдлыг хэлээр илэрхийлснээр энэ мэт олон өвөрмөц хэлц монгол хэлэнд бий болсон байдаг байна.
Бидний бүрдүүлсэн баримтыг хүн төвт үзлийн үүднээс нэгтгэн дүгнэвэл, монгол хэлний хүний биеийн эрхтнийг нэрлэсэн өвөрмөц хэлц нь монгол хүн биеийн эрхтнийхээ үүргийг хэрхэн ойлгож, танин мэдэж ирсэнтэй юуны өмнө холбогддог байна.
Иймд тухайн судалгааны үр дүнг цаашид судалгааны ажил болон сургалтад ашиглах бүрэн боломжтой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 77

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 583
Сүүлийн сард 20
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :