Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Улсын шинжлэх ухааны байгууллагын түүхийн асуудалд (1921-1940)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4343
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : Судар бичгийн хүрээлэн, Шинжлэх ухааны хүрээлэн

Аннотаци

Шинжлэх ухаан судлал нь шинжлэх ухааны бүтэц, динамик, нийгмийн янз бүрийн институтүүдийн харилцаа холбоо, материаллаг болон оюун санааны амьдралыг судалдаг салбар ухаан юм. XVII зуунд Европт буй болсон байгалийн шинжлэх ухааны олон нээлтүүдийн ачаар хүн төрөлхтний хөгжлийн шинэ гараа эхэлж, эдгээр нээлтүүдийг дагалдан шинжлэх ухааны олон салбарууд шинээр үүсэж, шинжлэх ухааны судалгааны салбарууд өргөжин тэлжээ.
Монголчууд 1911 онд харийн эрхшээлээс ангижирч өөрийн Улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн тунхагласнаар дэлхийн бусад орнуудтай хөл нийлүүлэн алхах боломж нээгдсэн юм. Гэвч улс орон даяар шинжлэх ухааны мэдлэгийг хүлээн авах хөрс суурь бүрэлдэн буй болж чадаагүй учраас дэлхий нийтийн дэвшилтэт тэргүүний мэдлэг ухаантай танилцан суралцаж болжээ. 1921 онд Үндэсний ардчилсан хувьсгал ялж, Монгол оронд Ардын засаг тогтож, ард иргэдээ нийтээр тэгш амьдруулах уриалга дэвшүүлэв. Ардын Засгийн газраас улс орноо хөгжүүлэн, хүчирхэгжүүлэхэд шинжлэх ухааны мэдлэгийг ашиглах нь чухал болохыг Монголын тэргүүний зарим сэхээтэн ухааран ойлгож, шинжлэх ухааны төв байгууллага буюу Судар бичгийн хүрээлэнг байгуулах саналыг гаргаж, Засгийн газар болон Богд хаанаас зөвшөөрлийг авчээ. Улмаар тус хүрээлэнгийн дүрмийг баталж, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлжээ. Үүнд, Монголын тухай бичсэн гадаад улсын ном зохиолыг орчуулах, номын сан, музей байгуулах, монгол орны газар бүр хадгалагдаж буй ном, судрыг олж бүртгэн цуглуулах, монгол нутаг дахь түүхийн дурсгалт газрыг хамгаалах ажлууд багтжээ. Судар бичгийн хүрээлэнгийн эрхэлсэн сайдад С.Жамьян, нарийн бичгийн даргад Ж.Цэвээн, гишүүдэд Ч.Бат-Очир, Д.Дашням нарыг сонгон томилжээ.
1921-1924 он хүртэл Судар бичгийн хүрээлэнгээс хуучны ховор ном зохиолыг цуглуулах, хуучны сүм, хийд, балгас зэргийг шинжлэн үзэх, түүхийн дурсгалт зүйлийг хамгаалах, эрдэм боловсролтой дотоод, гадаадын хүмүүсийг гишүүнээр сонгон батлах, ашигт малтмал бүхий эрдэс баялгийг судлах, музейн үзмэр цуглуулах зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэжээ. Тиймээс үйл ажиллагааны чиглэлийг өргөтгөх, шинжлэх ухааны олон салбарыг үүсгэн буй болгох зорилгоор “Судар бичгийн хүрээлэнгийн эрхлэх үйлдвэрийн товчоо” хэмээх зорилтот хөтөлбөрийг боловсруулан Ардын Засгийн газраар батлуулжээ. Тус баримт бичиг нь дөрвөн ангиас бүрдэх бөгөөд газарзүй, геологи зэрэг байгалийн ухааны 5 кабинет, монгол хэл, монголын түүхийг тусгайлан судлах хөгжүүлэхийн дээр археологи, этнографи, хууль цааз, шашин мөргөл, уран сайхны шинжилгээн (монголын хөг дууны аялгуу, уран зураг, сийлбэр) зэрэг таван кабинет, номын сан, музей, одон орныг судлах оргил, төвдийн анагаах ухааныг судлах кабинет, залуучуудыг сургах зурхай тооны, анагаах ухааны, зургийн, дууны сургуулиудыг байгуулахаар тусгажээ. Энэхүү баримт нь Монгол улсын шинжлэх ухааныг цаашид хөгжүүлэх үзэл баримтлалыг буй болгосон нь эн тэргүүний ач холбогдолтой байснаас гадна хүрээлэнгийн үндсэн бүтцийг тус баримтаар тодорхойлжээ.
Судар бичгийн хүрээлэнгийн зорилтыг тодорхойлсон “Эрхлэх үйлдвэрийн товчоо” хэмээх баримт бичигт БНМАУ-ын Судар бичгийн хүрээлэнд 2 лаборатори, 10 кабинет, 6 харьяа газар байгуулахаар төлөвлөсөн байна. Гэвч энэ нь боловсон хүчний дутагдал, үндэсний мэргэжилтэн бэлтгэгдээгүйн улмаас 5 тасаг, 5 харьяа газрыг албан ёсоор байгуулж, үйл ажиллагаа явуулж, судалгааны ажил эхлүүлэн зохих амжилтыг олж чадсан байна.
Судар бичгийн хүрээлэн 1924-1930 онд өөрийн боловсон хүчнийг бэлтгэхийн тулд хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулжээ. Нэгдүгээрт, боловсон хүчнийг гадаад улсад илгээж суралцуулах (Д.Балдано, А.Гарсай нарыг ЗХУ-д, М.Гомбожавыг Францад, Д.Нацагдоржийг Германд, Б.Соёлтойг ДИУ-д), нөгөө нь тусгайлсан мэргэжлийн хүмүүсээр багшлуулан богино хугацаанд сургаж, зохих мэдлэг чадварыг эзэмшүүлэн, цаашид тус мэргэжлийн дагуу ажиллуулж байжээ. Тухайлбал 1925-1927 оны хооронд тус хүрээлэн дээр Зурхайн сургууль, Дуу хөгжийн сургууль, Эмнэлгийн сургууль нэртэй түр курсийг хичээллүүлэн зарим мэргэжилтнийг бэлтгэсэн байна.
БНМАУ-ын эрх баригчдын дунд улс орноо цаашид ямар чиг шугамыг баримтлан хөгжүүлэх тал дээр үзэл бодлын зөрөлдөөн гарч улмаар Коминтерний тусламжтай нам, төрийн эрхийг авсан туршлага муутай шинэ залуучууд үндэсний ардчилсан чиг баримжааг баримтлагчдыг “Баруунтан” хэмээн буруутгаж, улс төрийн эрх мэдлээс холдуулав. Судар бичгийн хүрээлэнг удирдаж байсан С.Жамьян, Ж.Цэвээн нарыг баруунтан хэмээн улс төрийн эрх мэдлийг нь үгүй болгон улмаар Судар бичгийн хүрээлэнгийн үйл ажиллагааны гадаад харилцааг хумин, элдэв дарамт шахалт үзүүлэх болжээ. Энэ үед Ерөнхий сайдын албанаас чөлөөлөгдсөн А.Амар Судар бичгийн хүрээлэнг удирдах болж, Зөвлөлтийн маягийн шинжлэх ухааны байгууллага болгон өөрчлөх бодлогын хүрээнд “Шинжлэх ухааны хүрээлэн” нэртэй болгожээ. Мөн тус хүрээлэнгийн дүрмийг шинэчлэн баталж, хүрээлэнгийн үйл ажиллагааг олон нийтийн байгууллагуудтай ойр болгох, тус улсыг хөрөнгөтний бус нийгэм журмын замаар хөгжүүлэх хэмээсэн намын журмыг хамгаалан биелүүлэх газар болгох хэрэгтэй хэмээх нам, төрийн даалгаврыг биелүүлэхээр ажиллажээ. Удалгүй БНМАУ-д хэт хувьсгалжсан үйл явдлыг эсэргүүцсэн бослого тэмцэл улс орон даяар өрнөж, шинэ эргэлтийн бодлого эхэлжээ. Шинэ эргэлтийн бодлого эхэлсэнтэй холбогдуулан Шинжлэх ухааны хүрээлэнгийн үйл ажиллагаа өргөжин тэлж, шинжлэх ухааны хялбарчилсан сэтгүүл “Шинэ толь”, мөн “Хэл бичгийг сайжруулах бодлогын өгүүлэл”, А.Амарын “Монголын товч түүх”, Л.Дэндэвийн “Дундад үеийн Монголын түүх”, “Монголын товч түүх” хэмээх ном бүтээл, нэр томьёоны болон орос-монгол хэлний хадмал толь зэрэг шинжлэх ухааны чухал номуудыг хэвлэн гаргажээ. Мөн мал аж ахуй, газар тариалангийн туршилтын станцуудыг байгуулах Монгол орны хуурай уур амьсгалтай нөхцөлд ямар төрлийг ургамлыг тариалах, мал ах ахуйн арга ажиллагааг хэрхэн сайжруулах тухай судалгаануудыг хийжээ.
БНМАУ-ын хэмжээнд өрнөсөн улс төрийн хилс хэлмэгдүүлэлт ШУХ-г тойрч гарсангүй. Тус хүрээлэнгийн тэргүүний эрдэмтэн сэхээтнүүдийг хомроглон баривчилж, ихэнхийг нь ялын дээд хэмжээгээр шийтгэсэн байна. Монгол улсад шинжлэх ухааны салбарын нэгэн үеийг хэлмэгдүүлэн үгүй хийсэн нь тус салбарын хөгжлийн удаашруулсан зүйл болжээ.
БНМАУ-ын ШУХ нь боловсон хүчнийг бэлтгэхийн тулд 10 аспирантыг ЗХУ-ын ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд, их дээд сургуульд суралцуулах болжээ. Дотооддоо “Цаг уур ба газар хэмжих түр сургууль” байгуулж, суралцагсдыг 6 сарын хугацаанд бэлтгэн шинээр орон нутагт байгуулж буй цаг уурын станцууд дээр шууд ажиллуулж байжээ. ШУХ-гийн дэргэд “Оюутны түр сургууль” гэдгийг байгуулан, цаашид гадаадын дээд сургуульд элсэхэд шаардагдах боловсролыг 3 жилийн дотор олгох зорилгоор өөрсдийн эрдэмтэн судлаачдаар багшлуулан хичээллэж байв. Эдгээр сурагчдаас хожим Монголын шинжлэх ухааны салбарын томоохон эрдэмтэд төрөн гарсан байдаг.
Судар бичгийн хүрэээлэн байгуулагдсан цагаасаа эхлэн монголын түүх, хэл, соёлыг сонирхон судалдаг гадаадын эрдэмтэдтэй холбоо тогтоон тэднээр дамжуулан монголын тухай ном, зохиолыг цуглуулах, хамтран ажиллах талаар санаачлага гарган ажиллаж эхэлжээ. ЗХУ-ын ШУА-ийн нарийн бичгийн дарга академич С.Ф.Ольденбург, профессор Б.Я.Владимирцов, Польшийн эрдэмтэн В.Л.Котвич, Францын эрдэмтэн П.Пеллио, Буриад-Монголын хүрээлэнгийн дарга Б.Барадин нарыг Судар бичгийн хүрээлэнгийн гишүүнээр сонгон хамтран ажиллаж байв. Оросын Газарзүйн нийгэмлэгийн Монгол-Төвдийн экспедицийн дарга хурандаа П.К.Козлов 1923-1926 онд Монголд судалгаа хийхдээ Ноён уулан дахь Хүннүгийн язгууртны оршуулгыг малтан судалсан байдаг. Ноён уулын малтлагаар ховор олдворууд илэрсэн нь П.К.Козловын нэрийг алдаршуулж чаджээ. Гэвч П.К.Козлов Судар бичгийн хүрээлэнтэй байгуулсан гэрээний дагуу Монголд буцаах ёстой олдоруудыг эргүүлэн өгөөгүй байна.
АНУ-ын Байгалийн түүхийн музейгээс зохион байгуулсан Төв Азийг судлах экспедиц буюу Азийн гуравдугаар экспедицийг удирдан Монголд ирсэн Р.Ч.Эндрюс Монгол улсын Ардын Засгийн газартай гэрээ байгуулан, гэрээний дагуу Судар бичгийн хүрээлэнгээс судлаачаа оролцуулсан байна. Р.Ч.Эндрюс 1922, 1923, 1925 ондуудад гурван удаа Монголд хээрийн судалгаа явуулж хүн төрөлхтний түүхэнд анх удаа үлэг гүрвэлийн өндөг илрүүлж, үл мэдэгдэх түмэн зүйлийн үлэг гүрвэлийн араг, гавлын яс, төрмөл эриний долоон хөхтний гавал яс, эртний хүмүүсийн соёлын үлдэгдэл, амьтан ба ургамлын баялаг цуглуулга зэргийг өвөртлөн нутаг буцжээ. Эдгээр эрдэмтдээс гадна Финландын нэрт эрдэмтэн Г.Й.Рамстедт, Францын дорно дахин судлаач П.Пеллио, Германий эрдэмтэн Э.Хениш зэрэг олон эрдэмтэд Монголд ирж судалгаа хийжээ.
ХIX зууны сүүл ХХ зууны эхэн болоход Хаант Орос улсын Газарзүйн нийгэмлэгийн олон салбарууд болон Оросын ШУА-ийн олон хүрээлэн, Их сургуулиуд өөр өөрсдийн чиглэлээр олон удаагийн экспедицүүдийг монголд илгээж байжээ. 1920-иод оноос шинжлэх ухааны тусгайлсан экспедицүүдийг Зөвлөлтийн ШУА-аас нэгдсэн зохион байгуулалттайгаар явуулах болов. Эдгээр экспедицүүдийг нэгтгэн зохион байгуулах, судалгааны зардлыг тогтмол болгох үүднээс 1925 оны 1 дүгээр сард ЗХУ-ын Ардын Комиссариатын Зөвлөлийн газрын дэргэд Монгол ба Тагна Туваг шинжлэх ухааны үүднээс судлах комисс [Монголын комисс]-ыг байгуулсан байна. Тус комиссын зорилго нь Монгол ба Тагна Туваг шинжлэх ухааны бүхий л чиглэлээр судлах явдал байжээ. “Монголын комисс”-оос 1925 онд 8 төрлийн экспедицийг явуулж эхэлснээр жил дараалан олон тооны хээрийн судалгааг БНМАУ болон Бүгд найрамдах Тува Ард улс, Бүгд найрамдах Автономит Буриад-Монголд явуулах болжээ. ЗСБНХУ-ын “Монголын комисс”-оос 1923 оноос эхлэн 1933 он хүртэл хугацаанд шинжлэх ухааны 13 чиглэлээр 40 гаруй отрядын 60 гаруй судалгааны анги Монгол орны газар бүрт судалгаа явуулсан нь БНМАУ-ыг шинжлэх ухааны олон төрлөөр судалсан судалгааны бүтээлүүд хэвлэгдэж, улс орны эдийн засаг, аж ахуй, соёлын хөгжилд зохих хувь нэмрээ оруулсан байна.
Өвөрмонгол, буриад, халимаг судлаачид Судар бичгийн хүрээлэнгийн үйл ажиллагаанд өөрсдийн зохих хувь нэмрээ оруулсан байдаг. Тухайлбал, Б.Барадины удирдаж байсан Буриад-Монголын эрдмийн хүрээлэн нь Судар бичгийн хүрээлэнтэй нягт холбоотой байж, хамтарсан хээрийн судалгаа болон орос-монгол нэр томьёоны толь бичиг гаргах ажлыг хийж байжээ. Мөн Мэргэн гүн Гомбожав Шинжлэх ухааны хүрээлэнгийн томилолтоор /Буриадад/ очиж ажиллахдаа “Зөв бичих дүрмийн толь”, “Шинэ үсэг өөрөө сурах дэвтэр” зэрэг бүтээлүүдийг хамтран гаргасан байна.
Б.Я.Владимирцовын шавь халимаг оюутан Ц.Номинханов Монголд ирж Судар бичгийн хүрээлэнгийн зардлаар Баруун монголчуудын дунд судалгаа хийж, үнэ цэнэтэй олон материал цуглуулж байжээ.
Судар бичгийн хүрээлэн байгуулагдсан цагаас эхлэн үйл ажиллагааг нь дэмжин, ном орчуулах, цуглуулах ажилд туслалцаж байсан Монгол улсад дагаар орсон Дэмчигдорж буюу Дандаа, Б.Буянчуулган, Цэнд гүн нарын хүмүүс байв. Мөн Бээжин хотноо байгуулсан “Монгол бичгийн хороо”-г байгуулсан Тэмгэт тэргүүтэй эрдэмтэдтэй холбоо тогтоон харилцаж, хамтран ном орчуулах, солилцох зэргээр харилцаж байжээ. Мөн Баргаас БНМАУ-д дагаар орохоор ирсэн Соёлтой, Эрхэмбат нарыг оюутнаар авч ажиллуулж байв.
ХХ зуунд шинэ Монгол улсад шинжлэх ухааны байгууллага үүсэн буй болж, бүрэлдэн тогтох, тухайн үеийн нам, төрөөс явуулсан бодлого үйл ажиллагаатай уялдаатай асуудлыг орчин үеийн түүхийн шинжлэх ухааны онол арга зүй, зарчмыг баримтлан түүхийн эх баримт хэрэглэгдэхүүнд тулгуурлан судлах явдлыг чухалчилан энэхүү судалгаагаа хийсэн болно.
ХХ зууны Монголын нийгмийн өөрчлөлт, үзэл суртал, үйлдвэрлэл, аж ахуй, соён гэгээрлийн үндэс суурь болж ирсэн шинжлэх ухааны салбарын үндэс болсон Судар бичгийн [1930 оноос Шинжлэх ухааны] хүрээлэнгийн түүхийг тусгайлан судалснаар хөрш зэргэлдээх зарим улс орноос илүү баялаг уламжлал, бат бэх суурь тогтох үндэс болохын зэрэгцээ хожим олон салбар үүсэж хөгжих өв болж үлдсэнийг улам тодруулах боломжийг энэхүү судалгаа маань өгөх болов уу хэмээн үзэж байна.




Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 142
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :