Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын Бурханы шашны хөгжмийн эгшиглээс, ая дангийн шинжлэл



Салбар : Хүмүүнлэгийн ухаан , 6.3 Философи, ёс зүй, шашин
Улсын дугаар : 4295
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : ЭГШИГЛЭЭС, АЯЛГУУ, БУРХАНЫ ШАШНЫ ХӨГЖИМ, ЯН-ЕГ, ДАН-ЕГ, РОЛ-ЕГ

Аннотаци

Монголын Бурханы шашны хөгжмийн эгшиглээс түүнд холбогдох эгшиг тэмдэглэгээ (Ян-ег – тө: dbyangs yig), аялгууны тэмдэглэгээ (Дан-ег – тө: gdang yig), хөгжмийн тэмдэглэгээ (Рол-ег: - тө: rol yig) гэх бичмэл эх сурвалж олон арваараа олдож байна. Энэхүү дуу аялгуу, хөгжимдүүрүүдийн тэмдэглэгээ нь XVI-XIX зууны Монголчуудын дуу аялгууны онцлог, хөгжмийн сэтгэлгээний түүх, зан үйлийн орчны хувьсал өөрчлөлтийг мэдэхэд чухал баримт, эх хэрэглэгдэхүүнүүд юм. Эдгээр сурвалжуудын тухай Б.Ринчен, Г.Бадрах, Х.Пэрлээ, Б.Ринчэнсамбуу, Ц.Дамдинсүрэн, Я.Цэвэл, Л.Түдэв, Ж.Бадраа нар анх түрүүн мэдээлж нарийвчлан судлах шаардлагатай байгааг тэмдэглэсэн бол, Л.Хүрэлбаатар “Их хүрээний ая эгшгийн уг гарал”, “Хөгжмийн шастир”-т буй ойлголт, ухагдахуунуудыг, Л.Эрдэнэчимэг гүр дууны эгшиг тэмдэглэгээг, Л.Юндэнбат ламын гэгээний хийдийн ая дан, эгшиг тэмдэглэгээг, Д.Даваасүрэн бишгүүрийн тэмдэглэгээ, “Хөгжмийн шастир”, түүний тайлбарт буй ойлголт, ухагдахуунуудыг, С.Соронзонболд “Шивээ хиагт”, “Нарийн сайхан хээр” дууны эгшиг тэмдэглэгээг, Д.Наранцацрал маани мэгзмийн ая данг, М.Амаржаргал цангийн тэмдэглэгээг, Б.Соронзонболд, Д.Хоролбат, Д.Сэргэлэн, Л.Эрдэнэбаяр, Д.Энхтунгалаг, Г.Төвшинтөр, Ж.Төгсжаргал, Т.Ганзориг нар тал бүрээс нь тусгайлан судалсан байна. Гэсэн хэдий ч сургалт, судалгааны хэрэглэгдэхүүн болгон ашиглах, тухайлан нэг аялгууг сонгон авч утга бэлгэдэл, зан үйлтэй нь хамтатган задлан шинжлэх, эгшиг тэмдэглэгээний найруулгыг нь нарийвчлан судалсан нь ховор байна.
Иймээс эдгээр сурвалжийг цогцоор нь судлан, утга бэлгэдлийг нь тайлбарлах нь хүн төрөлхтний дуу, аялгуу тэмдэглэх тогтолцоонд монголчуудын оруулсан хувь нэмрийг тодруулахад чухал ач холбогдолтой учраас энэхүү судалгааг хийх зайлшгүй хэрэгцээ, шаардлага бий болж байна. Бид Монголын Бурханы шашны хөгжмийн эгшиглээс, ян, дангийн тэмдэглэгээтэй хамаарал бүхий зарим зан үйл тэдгээрийн гарал үүслийг тодруулахдаа түүхэн арга, эх сурвалжийг задлан шинжлэх аргыг, догшдын ян, магтаалын дангийн эгшиглээсийн учир холбогдол, түүний найруулга, зурлага тэмдэглэгээ, утга бэлгэдлийг тайлбарлахдаа ажиглах, оролцон ажиглах, тайлан тайлбарлах, ярилцлагын аргыг, Монголын Бурханы шашны хөгжмийн эгшиглээс, түүний төрөл зүйл, онцлогийг тодорхойлохдоо харьцуулах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх аргыг тус тус ашиглалаа. Ингээд Монголын Бурханы шашны хөгжмийн эгшиглээсийн гарал үүсэл, төрөл зүйл, онцлогийг тодорхойлох, мөн арван хангал, магтаалын ая данг зан үйл, утга бэлгэдэл, найруулгынх нь үүднээс шинжлэх зорилго тавьсан бөгөөд Монголын Бурханы шашны эгшиглээсийн гарал үүсэл, төрөл зүйл, онцлогийг илрүүлэхийн тулд
• Монголын Бурханы шашны хөгжмийн эгшиглээсийн гарал үүслийг судлах
• Хамт төрсөн хөгжмийн тэмдэглэгээний төрөл зүйл, онцлогийг судлах
• Бусад шалтгаанаас гарсан хөгжмийн тэмдэглэгээний төрөл зүйл, онцлогийг судлах гэсэн дэд зорилтуудыг дэвшүүлж байна.
Арван хангалын ян, магтаалын данг зан үйл, утга бэлгэдэл, найруулгынх нь үүднээс судлах, үүний тулд
• Буддын шашны судар тарнийн ёс, хурлын зан үйлийн төрөл, тэдгээрийн онцлогийг судлах
• Арван хангалаас Махгалын “Урин заллага”, “Магтаал”-ын хэсэг дэх эгшиг тэмдэглэгээг найруулга, утга бэлгэдлийн үүднээс шинжлэх
• Цагаан магтаалаас “Намтар”, “Жачэн”-гийн аялгууны тэмдэглэгээг найруулга, утга бэлгэдлийн үүднээс шинжлэх гэсэн дэд зорилтуудыг дэвшүүлсэн юм.
Монголын Бурханы шашны хөгжмийн эгшиглээсийг зан үйл, утга бэлгэдэл, эгшиг тэмдэглэгээний найруулгын үүднээс нь задлан шинжилж үзээд дараах дүгнэлт, санал таамаглалуудыг дэвшүүллээ.
Докторын зэрэг горилсон судалгааны ажлынхаа нэгдүгээр бүлэгт Бурханы шашны хөгжмийн эгшиглээс, ая дантай зан үйл, түүний аялгууг хэрхэн дэглэснийг судлан Урлахуй ухаан болон хөгжмийн эгшиглээсийн үндэс суурь болсон гол гол сурвалжуудыг тайлбарлаж эдгээр урлахуй ухааны судар шастир, эш онолын суурин дээр монголчуудын өөрсдийн дуу аялгууны онцлог шингэж монголын гэх онцлогтой тэмдэг, тэмдэглэгээг бий болгон хэрэглэжээ гэж үзлээ. Мөн бид Бурханы шашны хөгжмийн эгшиглээс, түүний зурлагыг “Хөгжмийн шастир” болон түүний тайлбарт буй хамт төрсөн хөгжим, түүний дөрвөн зүйл аялгуутай холбон үзэх үндэслэл байна гэж үзэв. Ая эгшиг зохиосон, дэглэсэн домог түүх, аман яриануудыг ая дангийн гарал үүсэлд холбогдох сурвалжийн мэдээтэй тулгаж, зэрэгцүүлэн судлав.
Судалгааны ажлынхаа хоёрдугаар бүлэгт Монголын Бурханы шашны хөгжмийн “Ян-ег”, “Дан-ег”, “Рол-ег” хэмээх эгшиглээс бүхий судар, гар бичмэлүүдийг өрнөдийн хөгжмийн ангилалтай дүйлгэн үзвэл,
1. Дуулах хөгжмийн эгшиглээс

2. Хөгжимдөх хөгжмийн эгшиглээс хэмээн ангилж болохоор байна.
Дуулах хөгжмийн эгшиглээсийг уртын дуу, богинын дуу, гүр дуу, 10 хангал буюу догшдын эгшиг тэмдэглэгээ, магтаалын, маанийн аялгууны тэмдэглэгээ хэмээн ялгаж болно. Харин хөгжимдөх хөгжмийн эгшиглээсийг цохивор, үлээвэр, чавхдаст хөгжимдүүрийн тэмдэглэгээ гэж ялгаж болно гэж үзлээ. Эдгээр нь нутаг бүрийн хэл аялгуу, зан үйлийн онцлогоос хамаарч өөр өөр дэг, аялгуутай хөгжжээ. Эгшиг, аялгуу тэмдэглэсэн дүрс, зурлагууд нь тухайн бичиж тэмдэглэсэн хүний гарын ур, тэр нутгийн ая аялгууны онцлогоос хамаарч байгаа тул ерөнхийд нь адилтган үзэхээс бус энэ дүрс нь, энэ зурлага нь энэ хийдийн тахилга, магтаалын сударт байгаа ийм дүрс, зурлагатай таарч байна гэж хэлэх боломжгүй байна.
Бусад шалтгаанаас гарсан хөгжим буюу хөгжимдөх хөгжмийн тэмдэглэгээг цохивор хөгжмийн тэмдэглэгээ, үлээвэр хөгжмийн тэмдэглэгээ гэж ангилж болохоор байна. Цохивор хөгжимдүүрийн тэмдэглэгээнээс цангийн тэмдэглэгээ нь хэд хэдэн зүйл ялгалтай байгаа бөгөөд үсэг, тоо, дүрсээр тэмдэглэсэн байна. Үлээвэр хөгжимдүүрийн тэмдэглэгээ бүхий “Бишгүүрийн эгшиг тэмдэглэгээ оршвой” [тө. rgya gling gi dbyangs yig bzhugs] нэрт гар бичмэл дэх тэмдэглэгээ нь “сөхөх”, “буулгах” үндсэн хоёр хөдөлгөөн, “товших” гэх нэг чимэглэн тэдгээрийг хурдан, зэрэг, ээлжлэх гэсэн цаг хугацааны дараалалтай, уг гурван хөдөлгөөний олон янз хувилбараар найруулсан бишгүүрийн дүрст эгшиглээс мөн байна.
Судалгааны ажлынхаа гуравдугаар бүлэгт догшдын ая дан нь цан хэнгэрэг, бүрээ бишгүүр зэрэг олон зүйл хөгжимдүүр ашигласан, сүрлэг болон ширүүн, догшин утга агуулгыг илтгэхүйц аялгуутай байна. Дара эхүүдийн ая данд уянгалаг зөөлөн, нэгэн жигд хэм хэмнэлтэй ая аялгуу зонхилж байна. Энэ нь тухайн бурхдын ам тангараг, даран сөхөөх, тэтгэх туслах үйлтэй нь шууд холбоотой байна.
• “Ян-ег” буюу “Эгшиг тэмдэглэгээ”-г Шанхын Баруун хүрээний сударт “Урин заллага”-ын шүлгийн дээр нь, Гандантэгчэнлин хийд, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн сударт дунд нь, Ламын гэгээний хийдийн сударт дунд нь болон дээр нь тус тус тэмдэглэсэн байна. Энэ нь тухайн судар, гар бичмэлийг бичиж тэмдэглэсэн хүнийх нь онцлог уу, ая эгшгийн найруулгынх нь онцлог уу гэдгийг лавшруулан судлах хэрэгтэйг харуулж байна.
• Бид догшдын янг “Шанхын Баруун хүрээ”, “Гандантэгчэнлин хийд”, “Ламын гэгээний хийд”, “Зүүн хүрээ Дашчойлин хийд”-ийн Махгалын “Урин заллага”, “Магтаал”-ын хэсэг дэх эгшиг тэмдэглэгээнд шинжлэл хийж үзэхэд цангийн цохилгыг тэмдэглэсэн байдал ялгаатай байна. Тухайлбал, “Ламын гэгээний хийд”, “Зүүн хүрээ Дашчойлин хийд”-ийн сударт “хум” гэх үгийг хэлэх үед цан цохиж байхад “Шанхын Баруун хүрээ” болон “Гандантэгчинлэн хийд”-ийн сударт “хум” гэх үгийг хэлэх үед цан цохихгүй байна. Иймээс хөрөнгө үсгийг татах үед цан цохих эсэхийг тухайн хийдийн горим, бусад сурвалжуудаас тодруулах хэрэгтэй байна. Аялгуу нь өмнөх мөрийн аялгуутай адил бол өмнөхтэй адил, эндээс тэр хүртэл адил гэх зэргээр тэмдэглээд товчилсон байна.
• “Урин заллага”-ын шүлэгт байхгүй тодорхой утга илэрхийлэхгүй нэмэлт үе, эгшгүүд сударт бичигджээ. Тодруулбал, Шанхын Баруун хүрээний сударт “нго”, “гэ”, “са”, “хэ”, “на”, “нэ”, “но” зэрэг нэмэлт үе, “и”, “а” зэрэг нэмэлт эгшиг гарч ирж байна. Гандантэгчэнлин хийдийн сударт “хэ” гэх нэмэлт үе, “э”, “и” зэрэг нэмэлт эгшиг гарч ирж байна. Ламын гэгээний хийдийн сударт “хэ” хэмээх нэмэлт үеийг эс тооцвол эгшиг томолтыг тэмдэглэсэн эгшиг, нэмэлт үе байхгүй байна. Зүүн хүрээ Дашчойлин хийдийн сударт “нго”, “хэ” “ла”, “нэ”, “ва” “га” зэрэг нэмэлт үе гарч ирсэн байна. Энэ нь эгшиг томолтыг тэмдэглэхдээ үндсэн үгтэй нь хамт эгшгээр амилуулсан, нэмэлт үе бичсэн, эгшиг томолтыг тэмдэглээгүй гэх гурван янз буйг илтгэж байна.
• Найруулгыг нь ажиглавал ихэвчлэн нэг өнгөн дээрээ шулуун татсан байна. Өөрөөр хэлбэл татах нь их цохих, нугалах, өргөх, буулгах нь бага байна. Харин “Зүүн хүрээ Дашчойлин хийд”-ийн сударт цохих, нугалах, өргөх нь бусдаасаа их байна. Энэ нь найруулга нь ялгаатай болохыг илэрхийлж байна. Үүнийг цаашид найруулгын дэгтэй нь холбон судлах, тухайн дэгийн бүх судрын найруулгыг бүхэлд нь шинжлэн үзэж харьцуулах зэрэг ажил хүлээгдэж байна.
Магтаалын дан нь үйлс, ерөөлтэй нь холбоотой байгаа төдийгүй магтах, хүндлэх нь тус бүрдээ ялгаатай байна. Өөрөөр хэлбэл эрдэм, билгүүн, суртгаал, нас, язгуур, эдээр илүүг тус бүрд нь хэрхэн магтах жишээ сэлт нь өөр өөр байгаа бөгөөд хамгийн дээд нь эрдэм бусад нь дэс дараачлан өмнөх өмнөхөөсөө хүндлэл доор байна.
• Эгшиг томолтыг тэмдэглэсэн нэмэлт үе, эгшгүүд тэмдэглээгүй байна. Хангал догшдын янд эгшиг томолтыг тодорхой тэмдэглэж байсан бол магтаалын данд тэмдэглээгүй байна.
• Цагаан магтаалуудыг дан хоолойгоор аялгуулан уншдаг учраас цан тэргүүтэй хөгжмийн зэмсгийн тэмдэглэгээ байхгүй байна. Энэ мэтчилэн зурлага, тэмдэглэгээний хувьд ялгаатай байгаа нь аялгуу, түүний найруулгын ялгаатай байдлыг харуулж байж болох юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 54

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 409
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :