Орчин үеийн олон улсын харилцаанд хатуу хүчний бодлого чухал хэвээр байгаа боловч улс орнууд зөөлөн хүчний бодлогын ач холбогдлыг үнэлж, зөөлөн хүчийг хатуу хүчтэй эн зэрэгцэхүйц чухалд авч үзэх боллоо.
Сүүлийн жилүүдэд улс орнуудын хүч чадавхын төлөөх өрсөлдөөн улам бүр ширүүсч, их гүрнүүдийн зөөлөн хүчний бодлогын нөлөө жижиг улсуудад эерэг болон сөргөөр аль альнаар нь нөлөөлж байна. Тиймээс жижиг улсууд бусад улс гүрний зөөлөн хүчний нөлөөнд хэт автахаас сэргийлэн, үндэсний онцлогоо хадгалж авч үлдэх, үндэсний эрх ашгаа хамгаалах хэрэгтэй болов. Монгол Улсын хувьд ч мөн адил, геополитикийн орчны хувьсалд нийцүүлэн Монгол Улсын онцлогт нийцсэн зөөлөн хүчний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх асуудал тулгамдсан асуудлын нэг болоод байна.
Даяаршил. дижиталчлалын эринд жижиг улсын гадаад бодлого илүү прагматик байх хэрэгтэй болж байна. Монгол Улс далайд гарцгүй орон бөгөөд цөмийн зэвсэгтэй хоёр их гүрний дунд оршдог газарзүйн байршлын онцлог нь биднийг олон тулгуурт (multi-pillar) гадаад бодлогоос гадна, олон хэмжээст дипломат ажиллагаа (multi-dimentioanal diplomacy) явуулах түүхэн болон геополитикийн зайлшгүй шаардлагыг нөхцөлдүүлж байдаг.
Зөөлөн хүч бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг улс төр-дипломатын арга замаар хангахад маш чухал үүрэгтэй. Монгол Улс жижиг улс бөгөөд түүхэн цаг хугацааны туршид тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангах, баталгаажуулахын тулд олон улсын эрхзүйд тулгуурласан зөөлөн хүчний бодлого явуулах шаардлагатай байв. Тиймээс Монгол Улсын Үндсэн хууль, Гадаад бодлогын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд үндэсний аюулгүй байдлыг олон улсын эрхзүйн хүрээнд улс төр-дипломатын арга замаар хангах тухай зааж өгсөн байдаг.
Монгол Улс олон улсын тавцан дахь өөрийн улсын эзлэх жин нөлөөг нэмэгдүүлэх, үндэстний онцлог, ялгарах давуу талыг бусдад таниулах. улмаар гадны хөрөнгө оруулагчдийг өөртөө татах замаар эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай юм.
Гэвч өнөөдөр Монгол Улсад зөөлөн хүчний бодлогыг тодорхойлсон баримт бичиг. стратеги байхгүй байна. Тиймээс энэхүү судалгаагаар зөөлөн хүч Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг улс төр-дипломатын арга замаар хангах чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг тодорхойлж, Монгол Улсын зөөлөн хүчний нөөц, боломжид дүн шинжилгээ хийж, зөөлөн хүчний бодлогыг боловсронгуй болгохыг зорьсон болно.
Монгол Улс бол түүх, соёлын дахин давтагдашгүй, гайхалтай өв уламжлалтай ард түмэн бөгөөд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн эдийн засгаа сэргээх бүрэн боломжтой юм. Соёлын яам өнгөрсөн хоёр жилийн хугацаанд соёлыг хамгаалах, хөгжүүлэх эрхзүйн орчинг сайжруулахад анхаарч, ажиллаж ирсэн байна. Цаашид виртуал эдийн засгийн харилцаанд орж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг шинэ, шилдэг технологитой хослуулан экспортлох боломжтой юм.
Соёлын бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, монгол брэндийг бий болгох нь дан ганц Соёлын яамны ажил биш бөгөөд цаашид төрийн агентлагуудын нэгдсэн, залгамж бодлого, төр ба иргэд, уран бүтээлчдийн нягт хамтын ажиллагаа чухал байх болно.
Зөөлөн хүчний бодлогоор тэргүүлэгч улсуудын туршлагаас харахад, сайн засаглал, эрчимтэй бөгөөд тогтвортой эдийн засгийн хөгжил нь зөөлөн хүчний бодлогын үндэс суурь болж байна. Өөрөөр хэлбэл, тухайн улсын эдийн засгийн хөгжил цэцэглэл нь бусдыг татах гол хүч болдог бөгөөд тэрхүү эдийн засгийн чадамж дээрээ тулгуурлан зөөлөн хүчний бодлогоо илүү далайцтай явуулдаг байна.
Эцэст нь, зөөлөн хүч нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг улс төр-дипломатын арга замаар хангах үндэс мөн бөгөөд Монгол Улс соёлын дипломат ажиллагаа явуулж, зөөлөн хүчийг идэвхжүүлэх нөөц, боломжтой юм. Монгол Улсын зөөлөн хүчний бодлогыг амжилттай хэрэгжүүлэх гол үндэс суурь бол улс төр нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн эрчимтэй бөгөөд тогтвортой хөгжил нь байх болно. Үүний тулд, Монгол Улс тээвэр ложистикийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэж, байгалийн баялаг бүхий орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, эрчимтэй мал аж ахуйг хөгжүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, эдийн засгаа эрчимжүүлэх нь нэн чухал юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 14
Ишлэгдсэн тоо : 0