Манай улсын хүн амын гуравны нэг нь ядуу, орлогын хомсдолтой, ажилгүйдлийн түвшин өндөр, эдийн засгийн өсөлт тогтворгүй, уул уурхайгаас хэт хамааралтай байгаа зэрэг нь хувь хүний орлогыг нэмэгдүүлэх асуудлыг тогтолцоонд нь, мөн хөнгөн аж үйлдвэрийн салбарыг объект болгон сонгож ажиллагчдын орлогыг нэмэгдүүлэх арга замыг диссертацийн судалгааны хэмжээнд дэвшүүлэх шаардлагыг бий болгож байна.
“Ажиллагчдын орлогын тогтолцоог шинэчлэх боломжийн судалгаа” сэдэвт энэхүү диссертацийн “Таамаглал”-ын оронд хувь хүний орлого бүрдэх зах зээлийн эдийн засгийн боломжит эх үүсвэрүүд нэмэгдээгүй, хөдөлмөрийн үнэлэмж бага байгаа, мөн хөнгөн үйлдвэрүүдийн менежмент, цалин хөлсний зохион байгуулалт ажиллагчдын орлогыг нэмэгдүүлэхэд бодитой нөлөөлөхгүй байгаа болон ажиллагчдын орлогын тогтолцоог шинэчлэхэд төрийн бодлого зохицуулалт, нийгмийн түншлэлийн механизмын хүчтэй нөлөөлөл, оролцоо дутагдаж байна гэсэн “Асуудал”-ууд дэвшүүлж “Хувь хүний орлогын бүрдэлт, хуваарилалтад оролцогч субъектуудын ашиг сонирхлыг хангасан, ажиллагчдын орлогын тогтолцоог шинэчлэх оролцоонд тулгуурласан менежментийн загвар боловсруулж, хэрэгжүүлэх боломж, арга замыг санал болгох” зорилго дэвшүүлсэн. Дэвшүүлсэн зорилгод хүрэх зорилтуудаа Хувь хүний орлого бүрдэх онол арга зүй, улс орнуудын туршлагыг судлан дүн шинжилгээ хийж ажиллагчдын орлогын тогтолцоог шинэчлэх онол, арга зүйн хувилбар боловсруулах; Макро эдийн засгийн болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарын ажиллагчдын орлогын өөрчлөлт, үйл явцад судалгаа, шинжилгээ хийж тулгамдсан асуудлыг тодорхойлох; Ажиллагчдын орлогын тогтолцоог шинэчлэх оролцоонд тулгуурласан менежментийн загвар, хэрэгжүүлэх боломж арга замыг санал болгох гэж тодорхойлсон.
Судалгаа, шинжилгээгээ шинжлэх ухааны судалгааны асуудлыг шийдвэрлэх системчилсэн арга, индукцийн хандлагад тулгуурлан, макро-мезо-микро түвшинд хийж зах зээлийн эдийн засгийн шилжилтийн эхэн үеэс 2020 он буюу “COVID -19 цар тахал”-ын үе хүртлэх макро эдийн засгийн статистик болон нөхцөл байдлын, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрүүд дээр тав, таван жилийн давтамжтай гурван удаа санал асуулгын буюу чанарын судалгаа хийж дүгнэлт, гарц шийдлийн санал, зөвлөмж боловсруулсан.
Статистикийн тоон болон нөхцөл байдлын судалгааны дүн зах зээлийн нөхцөлд хувь хүний орлогын эх үүсвэр нэмэгдэх боломж эрх зүйн хувьд бүрдсэн ч ажиллагчид цалингаас өөр орлогын найдвартай эх үүсвэргүй, ДНБ-д эзлэх цалин хөлс ашгаас 2 дахин бага, ХХДХ амьжиргааны баталгаажих доод түвшний өсөлтөөс 3 дахин хоцорсон, 1996 онд
17.6 хувь байсан хөнгөн үйлдвэр, уул уурхайн салбарын цалин хөлсний түвшний зөрүү 2019 онд
2.2 дахин болж 13 дахин өссөн зэргээр бага орлогоос үүдэлтэй “Чөтгөрийн тойрог”-т эргэлдсээр байх нөхцөл болж байгааг, үйлдвэрүүд дээр хийсэн санал асуулгын харьцуулсан судалгааны дүн хөдөлмөрийн үнэлэмж эрс буурсан, цалин хөлсний менежментдээ анхаарсан үйлдвэрийн ашиг орлого өсч, ажиллагчдын сэтгэл ханамж дээшилж байгаа зэргийг нотолж байгаа билээ.
Ийнхүү онол, арга зүйн боловсруулалт, судалгаан дээрээ тулгуурлан ажиллагчдын орлогын тогтолцоог шинэчлэх арга замын санал боловсруулсан. Үүнд:
Нэгдүгээрт, Төрийн бодлого, зохицуулалтын хүрээнд ажиллагчдын орлого, чадамжийг дээшлүүлэхэд чиглэсэн нөлөөллийн тогтолцоог бий болгох, энэ нь нэгд, төрийн бодлого, дэмжлэг болон “Эрх, үүрэг, хариуцлага”-ын механизмаар байгууллагуудын өрсөлдөх чадвар, чадавхийг дээшлүүлэхэд нөлөөлөх, хоёрт бизнес эрхлэгчид болон олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн нөлөөллийн стратегийг хэрэгжүүлэх гэсэн хоёр чиглэлийн үйл явцаар хэрэгжих боломжтой юм.
Хоёрдугаарт, “Ажиллагчдын орлогын тогтолцоог шинэчлэх оролцоонд тулгуурласан менежментийн загвар” санал болгосон. Үүнд нэгд, хувь хүний орлого бүрдэх, хуваарилалтад оролцогч субьектууд нийгмийн түншлэлийн зарчмаар орлого, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, менежмент хэрэгжүүлэх, хөнгөн үйлдвэрийн салбарт тарифын хэлэлцээрээ байгуулах, хоёрт, бизнесийн байгууллага цалин хөлсний системээ өөрчлөн сайжруулахдаа үндсэн цалинг тогтмол, ба хувьсах хэсэг болгон зааглаж, хувьсах хэсгийг ажиллагчдыг илүү бүтээмжтэй ажиллах шалгуур үзүүлэлтээр дүгнэх, гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний систем, Скенлоны системийг нэвтрүүлэх, оролцооны менежментийн үр дүнтэй арга “Бүтээмжийн хөдөлгөөн” өрнүүлж, орох орлогоос ажиллагчдад хуваарилах зэрэг хөнгөн үйлдвэрүүдэд нэн даруй хэрэгжүүлэх боломжтой зөвлөмж, саналыг дэвшүүлсэн. Харин ДНБ-д цалин хөлсний эзлэх хувийг нэмэгдүүлэх, микро түвшинд орлогын анхдагч хуваарилалтыг тэгш, шударга болгох арга замын саналд дэвшүүлсэн бүтээмжээ дээшлүүлсний дүнд шинээр бий болгох нэмэгдэл өртгийн хуваарилалтад зарчмын өөрчлөлт оруулах санааг цаашид Засгийн газар, ажил олгогч, ҮЭ-ийн хооронд хэлэлцэх, нэмэлт судалгаа шаардагдах ажиллагчдын орлогыг нэмэгдүүлэх стратегийн шинжтэй шийдэл болно гэж үзлээ.
Гуравдугаарт, “төр, ажил олгогч, ажилтан” гэсэн гурван субьект, тус бүрийн ашиг сонирхол “татвар шимтгэл, ашиг, цалин хөлс”, эдгээрийн нийлбэр буюу нийтлэг ашиг сонирхол ДНБ-ийн өсөлтийг хангах чухал хөшүүрэг “Эрх, үүрэг, хариуцлага”-ын зохистой хослол бүхий тогтолцоо бий болгох гэсэн агуулгатай субъектуудын оролцоонд тулгуурласан, тэдний ашиг сонирхлыг хангах, нөхцөл, үйл ажиллагааны зарчмыг нэгтгэсэн “Ажиллагчдын орлогын тогтолцоог шинэчлэх гурвал загвар” боловсруулсан.
Дөрөвдүгээрт, гурвал загварыг хэрэгжүүлэх субьект тус бүрийн үүрэг функци, үйл ажиллагаа, хүртэх үр өгөөжийг тусгасан “Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт харилцаа, үйл ажиллагааны механизм”-ыг санал болгосон.
Тавдугаарт, Ажиллагчдын орлогын тогтолцооны шинэчлэлийг орчин үеийн хөдөлмөрийн эдийн засгийн онол, практикт тусгалаа олоод байгаа “Зохистой хөдөлмөр”-ийн багц үзүүлэлтийн динамикаар хэмжих боломжтой гэж үзсэн. Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалыг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж байгаа учраас тогтвортой, үнэ цэнэтэй бөгөөд Үндэсний статистикийн мэдээллийн сангийн “Тогтвортой хөгжил болон Зохистой хөдөлмөр” гэсэн бүлэгт зарим үзүүлэлтийн мэдээллийг албан ёсоор оруулж байгаа билээ.
Ийнхүү судалгааны үр дүнд боловсруулсан ажиллагчдын орлого, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд чиглэсэн санал, зөвлөмжүүдийг нийгмийн түншлэлийн талууд төр, захиргааны болон эзэд, үйлдвэрчний эвлэлийн бүх шатны байгууллага, мэргэжлийн холбоод, бизнесийн байгууллагууд хэрэгжүүлэх боломжтой юм. Мөн диссертацийн ажлын хүрээнд хийсэн судалгаа, түүний үр дүнг энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэм шинжилгээний байгууллага, судлаачид судалгааны хэрэглэгдэхүүн болгон ашиглах, мөн их, дээд сургуулиуд сургалтын материал болгон ашиглах бололцоотой гэж үзэж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 17
Ишлэгдсэн тоо : 0