Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий даяар аюул үүсгэж, дэлхийн олон бүс нутагт байгалийн экосистемийн үйл явцад заналхийлж, нөлөөлсөөр байна. Иймд, хуурай газрын экосистемийн экологийн янз бүрийн өөрчлөлтөд үзүүлэх хариу үйлдлийг ойлгох нь бүс нутгийн төдийгүй дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт байгалийн экосистемийн үйл явцад үзүүлэх нөлөөллийг судлахад чухал ач холбогдолтой. Улмаар, уур амьсгалын өөрчлөлт, түүний бүс нутгийн ургамлын цэвэр анхдагч бүтээгдэхүүнд үзүүлэх нөлөөллийн судалгаа нь дэлхийн байгаль орчны өөрчлөлтийн судалгааны чухал үзүүлэлт болоод байна. Нөгөөтээгүүр, ургамлын цэвэр анхдагч бүтээгдэхүүний тоон үзүүлэлтийг тухайн улс, бүс нутгийн хэмжээнд тооцоолох нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулах олон улсын гэрээ хэлэлцээрт оруулах хувь нэмрийг тодорхойлоход нэн чухал юм. Монгол орны бэлчээр нь гэрийн болон зэрлэг өвсөн тэжээлтэн амьтдын бэлчээрлэдэг уугуул өвслөг, сөөгт ургамлаар эзлэгдсэн өргөн уудам газар нутаг юм. Гэсэн ч уур амьсгал, газар ашиглалтын өөрчлөлт нь бэлчээрийн урт хугацааны тэнцвэрт байдалд аюул учруулсаар байгаа нь малчид, бодлого боловсруулагчид бэлчээрийг хэрхэн менежмент хийх / дахин хуваарилах, цаашлаад ганд өртсөн бэлчээр нутгийг орон зайн хувьд хүндрэлийн зэрэглэлээр нь үнэлэх бэрхшээлтэй тулгарсаар ирсэн. Иймд, Монгол орны бэлчээрийн цэвэр анхдагч бүтээгдэхүүний хэзээ, хаана, ямар шалтгааны улмаас өөрчлөгддөг, цаашид хэрхэн өөрчлөгдөж болох нь маш чухал асуултуудын нэг юм.
Энэхүү судалгаагаар хуурай газрын экосистемд үзүүлэх дэлхийн уур өөрчлөлтийн нөлөөг цаг уурын параметрүүд болон гангаас хэрхэн хамаардаг болохыг Монголын бэлчээрийн цэвэр анхдагч бүтээгдэхүүний орон зай, цаг хугацааны өөрчлөлтөөр тодотгохыг зорилоо.
Дээрх зорилтыг ерөнхийд нь (i.) Монгол орны ганд нэрвэгдсэн бүс нутгийг МОДИС хиймэл дагуулын 2003-2018 оны ургамлын нормчилсон ялгаврын индекс (NDVI) ашиглан зураглах тэдгээрийн давтагдлыг тооцоолох, (ii.) 2003-2018 оны хооронд Монгол орны бэлчээрийн цэвэр анхдагч бүтээгдэхүүн хаана, хэзээ, хэрхэн өөрчлөгдсөнийг Бореал экосистемийн бүтээгдэхүүний симулятор (BEPS) загвараар орон зайн цаг хугацааны өөрчлөлт, чиг хандлагыг шинжлэн судлах (iii.) түүний гангаас хэрхэн хамаардаг болохыг 3 бүлэгт тус тус хуваан авч үзсэн болно.
Нэгдүгээрт, ургамалжилтын хазайцад үндэслэн ганг 4 ангид (гандуу, гантай, хүчтэй гантай, маш хүчтэй гантай) хуваан, шинжлэв. Монгол орны хэмжээнд 2003-2018 оны хооронд дунджаар жил бүр
48.33% газар нутаг ганд нэрвэгдсэн байв. Үүнээс ганд нэрвэгдсэн талбайгаараа хамгийн бага нь 2016 он (
26.32%) байсан бол нийт газар нутгийн талаас илүү хувь нь нэрвэгдсэн он жилүүд 2017 (
72.44%), 2009 (
71.1%), 2005 (
68.36%), 2006 (
66.98%), 2007 (
63.42%) болон 2004 (60%) тус тус байв. Орон зайн хувьд зүүн бүс нутгууд гандуугаас хүчтэй гангийн түвшинд 1-4 жилийн давтагдалтайгаар нэрвэгдсэн байв.
Хоёрдугаарт, 2003-2018 оны бэлчээрийн цэвэр анхдагч бүтээгдэхүүнийг процесст суурилсан Бореал экосистемийн бүтээгдэхүүний симулятор (BEPS) -ээр загварчлан, түүний уур амьсгалын үзүүлэлтүүдэд мэдрэмтгий байдлыг шинжилсэн. BEPS загварчлалын үр дүнг хээрийн хэмжилтийн биомасс мэдээтэй харьцуулан үзэхэд Монгол орны өвслөг болон сийрэг ургамалтай бэлчээрийн цэвэр анхдагч бүтээгдэхүүн тооцоолоход дунд зэргийн таарцтай (R2 =
0.59, RMSE =
13.22 г C m-2, p <
0.001) байв. Харин ой, сөөг, намгархаг газрыг төлөөлөх биомассын мэдээ байхгүйгээс BEPS загвараар тооцоолсон үр дүнг MODIS -ийн стандарт цэвэр анхдагч бүтээгдэхүүнтэй харьцуулан үзсэн. BEPS болон MODIS -ийн тооцоолсон өвслөг болон сийрэг ургамалтай бэлчээр, ой, сөөг, ургамалтай болон намгархаг газрын цэвэр анхдагч бүтээгдэхүүний хоорондын нийцэл өндөр (R2 =
0.65, p <
0.001) байв. Орон зайн хуваарилалтын хувьд Монгол орны бэлчээрийн цэвэр анхдагч бүтээгдэхүүн урд зүгээс хойд зүгт өсдөг ба хамгийн бага хэмжээ өмнөд хэсгийн сийрэг ургамалтай газар нутагт, хамгийн их цэвэр анхдагч бүтээгдэхүүн хойд хэсгийн ой модтой газарт харгалзаж байв. Жилийн нийт дундаж цэвэр анхдагч бүтээгдэхүүн
0.1572-
0.2128 Pg C yr-1 хооронд хэлбэлзэж, хамгийн бага хэмжээ нь 2017 онд, хамгийн их хэмжээ нь 2014 онд тооцоологдов. Судалгааны 2003 оноос 2018 он хооронд
0.0007 Pg C / нэг квадрат метр тутамд
0.68 г С -аар өсөх хандлагатай байв. Гэвч Монгол орны жилийн нийт цэвэр анхдагч бүтээгдэхүүний хэмжээ нийт газар нутгийн
59.06%-д нь нэмэгдсэн бол нийт талбайн
40.94%-д нь буурах хандлага ажиглагдаж байна. Түүнчлэн хур тунадас, нарны нийлбэр цацраг, температурыг цэвэр анхдагч бүтээгдэхүүнд нөлөөлөх цаг уурын голлох үзүүлэлт болгон тэдгээрийн цэвэр анхдагч бүтээгдэхүүнд үзүүлэх динамик байдлыг шинжлэв. Монгол орны бэлчээрийн цэвэр анхдагч бүтээгдэхүүн нь температуртай (r =
0.904) хамгийн их хамааралтай, хур тунадастай болон нарны нийлбэр цацрагтай r =
0.770 болон r =
0.745 -ийн хамаарлыг харуулж байв. Мөн бэлчээрийн төрлүүдийг шинжлэн авч үзвэл бут сөөг, сийрэг ургамалтай бэлчээрийн цэвэр анхдагч бүтээгдэхүүн нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий байв.
Сүүлийн бүлэгт, 2003-2018 оны хооронд тохиолдсон гангийн үзэгдэл Монгол орны бэлчээрийн цэвэр анхдагч бүтээгдэхүүнд үзүүлэх нөлөөллийг BEPS-ээр загварчилсан NPP болон NDVI -ийн хазайцыг ашиглан шинжилсэн болно. 2004-2007, 20009 болон 2017 онуудыг буюу хамгийн их талбайгаар ганд нэрвэгдсэн жилээр онцлон төлөөлүүлсэн бөгөөд дээрх онуудад Монгол орны 60 хувиас их газар нутаг ганд нэрвэгдэж, төдий чинээгээр бэлчээрийн цэвэр анхдагч бүтээгдэхүүний хэмжээ буурсан байдаг. Цаг хугацааны хэлбэлзлээр нь авч үзвэл гангийн индекс NDVI хазайц нь 2003-2018 оны нийт бэлчээрийн цэвэр анхдагч бүтээгдэхүүнтэй r =
0.61, p <
0.001 -ийн хамааралтай байсан бол орон зайн хувьд Монгол орны нийт газар нутгийн
92.95% -тай тэнцэх газар нутгийн бэлчээрийн цэвэр анхдагч бүтээгдэхүүн гангаас хамаардаг болохыг илтгэнэ. Харин ой модтой, уулархаг бүс нутгийн (
7.05%) бэлчээрийн цэвэр анхдагч бүтээгдэхүүн NDVI хазайцтай сөрөг хамааралтай гэсэн үг юм. Энэ нь дээрх бүс нутагт бага температуртай (бусад нутагтай харьцуулав), харьцангуй их хур тунадас ордог бөгөөд ганд төдийлөн өртдөггүйг илтгэнэ. Маш хүчтэй ган нь хүчтэй гантай болон гантай зэрэглэлийн гантай харьцуулахад бэлчээрийн цэвэр анхдагч бүтээгдэхүүнд илүү нөлөө үзүүлдэг ба маш хүчтэй гантай бүс нутагт / гол төлөв зүүн бүс нутгийн зарим хэсэг дэх бэлчээрийн цэвэр анхдагч бүтээгдэхүүн ойролцоогоор 75%-аар буурсан байхад хүчтэй гантай болон гантай тухайн бүс нутагт талбайн ихээхэн хэсэг 10-50%-аар буурсан байв.
Ерөнхийлөн дүгнэхэд NDVI хазайцын аргаар ганг хянах төдийгүй урьдчилан анхааруулгыг бий болгох боломжтойгоос гадна Монгол орны бэлчээрийн цэвэр анхдагч бүтээгдэхүүний гангийн нөхцөл байдлаас хэрхэн хамаарч байгаа илэрхийлэл нь ган түүнийг хязгаарлах хүчин зүйл болохыг илтгэнэ. Мөн гангийн аюулд илүү өртөж буй Монгол орны зүүн бүс нутагт анхаарлаа хандуулах шаардлагатайг харуулж байна. Нэмж дурдахад, малчид, бодлого боловсруулагчид тухайн бүс нутгуудад дахин давтагдах байгалийн гамшигт үзэгдлийн эмзэг байдлыг бага байлгах, тэдгээрийг тэсвэрлэх байдлыг өндөр байлгах зэрэгт чухал ач холбогдолтой.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 4
Ишлэгдсэн тоо : 0