Гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой олон улсын болон Монгол Улсын эрх зүйн зохицуулалт, тэдгээрт хамаарах нэр томьёо, хэрэгжүүлэх практикийг судлан дүн шинжилгээ хийх замаар хамгийн тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэх, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход оршино.
Судалгааны ажлын зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Тухайлбал,
1. Гэр бүл, гэрлэлт, өмчийн талаарх олон ургалч үзэл, орчин үеийн чиг хандлагыг судлах;
2. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаарх эрх зүйн ойлголт, түүний агуулгыг тодорхойлох;
3. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалттай холбоотой хууль цаазын түүхэн эх сурвалжуудыг судлан дүн шинжилгээ хийх;
4. Гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой шүүхийн практикийг судлан дүн шинжилгээ хийх;
5. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар өөрийн орны эрх зүйн зохицуулалтыг гадаадын зарим орны эрх зүйн зохицуулалттай харьцуулах замаар санал дүгнэлт гаргах;
6. Гэр бүлийн гишүүн, эд хөрөнгийн талаарх үндэсний хууль тогтоомжийн нийцлийг судлах;
7. Гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой эрх зүйн зохицуулалтад тулгамдсан асуудлыг тодруулж, боловсронгуй болгох талаар оновчтой шийдэлд хүрэх санал боловсруулж дэвшүүлэх зэрэг асуудлууд хамаарч байгаа болно.
Гэр бүл, өмчлөх эрх, гэр бүлийн дундын эд хөрөнгийн ойлголт, түүний мөн чанар, агуулгыг Үндсэн хуулийн болон иргэний эрх зүйн шинжлэх ухааны онолын үүднээс тодорхойлж, эрх зүйн зохицуулалтыг үндэсний болон гадаадын зарим улсын Иргэний, Гэр бүлийн, Өв залгамжлалын хууль тогтоомжийн хүрээнд харьцуулан судалсан нь диссертацийн ажлын онолын ач холбогдол оршино.
Гэр бүлийн дундын эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалтын асуудлыг ийнхүү дагнан судалснаар, гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой хэрэг, маргааныг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулна хэмээн тооцож байна. Гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулсан зарим хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, өөрчлөлт оруулах онолын үндэслэлийг боловсруулах, түүгээр дамжин эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход судалгааны ажлын практик ач холбогдол оршино. Ингэснээр энэ төрлийн хэрэг, маргааныг шийдвэрлэх үед эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхэд эргэлзээтэй, хүндрэлтэй байсан асуудал шийдэгдэж шүүхийн шийдвэр үнэн зөв гарах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Энэхүү судалгааны ажил нь манай улсад гэр бүлийн дундын эд хөрөнгийн зохицуулалтыг шинжлэх ухааны үүднээс судалсан анхны судалгаа юм. Судалгааны ажлын бүлэг тус бүрт дүгнэлт хийсэн бөгөөд тэдгээрт гэр бүл, өмч, гэр бүлийн дундын өмчийн талаарх орчин үеийн хандлага, Иргэний хууль, Гэр бүлийн тухай хуульд зарим өөрчлөлт оруулах шинэлэг саналуудыг тусгаж ерөнхий дүгнэлтэд нэгтгэн авч үзсэн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 22
Ишлэгдсэн тоо : 0