Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хүрээлэн буй орчны хамгааллын асуудал чухал болоод байна. Хүрээлэн буй орчны эдийн засгийн салбар үүсч эхэлснээс хойш эдийн засгийн өсөлт нь хүрээлэн буй орчныг бохирдуулж байгаа нь олон эрдэмтдийн анхаарлын төвд байна. Эдийн засгийн өсөлт нь хүрээлэн буй орчны бохирдолд ихээхэн хувь нэмэр оруулдаг болохыг судлаачид тодорхойлсон байдаг. Гэсэн хэдий ч хүрээлэн буй орчны бохирдол болон эдийн засгийн өсөлтийн уялдаа холбоог нарийвчлан тайлбарлаж чадахгүй хэвээр байна. Судалгаанаас харахад 1960-аад оноос хойш болсон томоохон байгалын гамшигт үзэгдлүүд нь хүний үйл ажиллагааны буруутай үйлдлээс болсон бөгөөд хүрээлэн буй орчинд илүү их анхаарал хандуулахад хүргэсэн. Иймээс хөгжингүй болон хөгжиж байгаа орны хүрээлэн буй орчны бодлого, бүс нутаг болон дэлхий нийтийн хүрээлэн буй орчны бохирдолд нөлөөлж буй байдлыг практикийн ач холбогдол талаас нарийвчлан шинжилж, судлах шаардлагатай байна.
Эдийн засгийн өсөлтийн гол цөм нь үйлдвэрүүд байдаг бөгөөд бизнесийн үйл ажиллагаа, хэт үйлдвэржилт зэрэг нь хүрээлэн буй орчинд усны бохирдол, агаарын бохирдол, хог хаягдлын бохирдол, дуу чимээний бохирдол, хөрсний бохирдол, хүлэмжийн хийн ялгарал болон бусад хор хөнөөлийг учруулсаар байна. Бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн өсөлт болон хүрээлэн буй орчны бохирдлын хоорондын холбоо хамаарлыг тооцоолохыг оролдсон цөөнгүй судалгаа хийгдсэн байдаг. Үүний үр дүнд хүрээлэн буй орчинтой холбоотой хууль, эрх зүйн шинэчлэлт, холбогдох зохицуулалтууд гарах болсон. Гэвч хүрээлэн буй орчны чанар дээрдэхгүй хэвээр байна. Иймээс Төв Азийн орнуудын хүрээлэн буй орчны бохирдлын нөлөөлөгч хүчин зүйлсийн нэг болох эдийн засгийн өсөлтөөс шалтгаалсан хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах шаардлага тулгарч байна. Төв Азийн бүс нутагт эдийн засгийн өсөлт нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө учруулж буй асуудалын хүрээнд маш цөөхөн судалгаа хийгдсэн байна. Ялангуяа эдийн засгийн өсөлтөөс шалтгаалан хүрээлэн буй орчны бохирдолд үзүүлэх нөлөөллийг шалгах эконометрикийн аргуудыг ашигласан хүрээлэн буй орчны бохирдол тус бүрт эмпирик дүн шинжилгээ хийгдсэн судалгаа одоогийн байдлаар хийгдээгүй байна.
Энэхүү судалгааны зорилго нь Төв Азийн орнуудын эдийн засгийн өсөлт болон хүрээлэн буй орчны бохирдол хоорондын хамаарлыг 1990-2020 онуудын тоон өгөгдөл ашиглан эконометрикийн аргуудаар тооцоолон эмпирик байдлаар судлах юм. Энэхүү судалгаа нь Төв Азийн орнуудын эдийн засгийн өсөлтөөс хамааран хүрээлэн буй орчны бохирдол улам нэмэгдэж байгааг эконометрик аргуудыг ашиглан эмпирик дүн шинжилгээгээр нотолсон. Энэ нотолгоо нь судалагааны бүлэг тус бүр дээр хүрээлэн буй орчны бохирдлуудын хамаарлыг шинжлэхдээ өөр өөр эконометрикийн аргуудыг ашиглан хүрээлэн буй орчны эдийн засагт эконометрик тооцооллуудыг үр дүнг дэлгэрэнгүй тайлбарласан. Судалгааны ажил нь гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт (Онолын хэсэг) эдийн засгийн өсөлтийн онолын үүсэл хөгжил, хүрээлэн буй орчны эдийн засгийн үндэс, хөгжлийн үе шатнаас эхлэн авч үзэж, эдийн засгийн өсөлт болон хүрээлэн буй орчны хоорондын хамаарлыг судалсан эрдэмтдийн онолууд, эмпирик судалгаанууд болон эконометрикийн аргуудаар судалсан судалгаануудыг авч үзнэ. Тухайлбал, 1-р бүлэгт удиртгал хэсэг, эдийн засгийн өсөлт, хүрээлэн буй орчин болон байгалийн нөөцийн эдийн засгийг холбосон онолын үндэслэл, болон эмпирик судалгаануудыг толилуулж байна. 2-р бүлэгт Төв Азийн эдийн засаг, хүрэээлэн буй орчин болон байгалын нөөцийн өнөөгийн төлөв байдлыг нэгтгэсэн болно. Хоёрдугаар хэсэгт (Судалгааны хэсэг), Төв азийн орнуудын хүрээлэн буй орчны бохирдол болон эдийн засгийн өсөлт хоорондын хамаарлын судалгааг Агаарын бохирдол (3-р бүлэг), Усны бохирдол (4-р бүлэг), Хог хаягдлын бохирдол (5-р бүлэг), Газар тариалангийн хөрсний бохирдол (6-р бүлэг), Сэргээгдэх эрчим хүч болон сэргээгдэхгүй эрчим хүчнээс ялгарах хүлэмжийн хийн ялгарал (7-р бүлэг) зэрэг жишээн дээр харуулсан бие даасан таван судалганааас бүрдэнэ. Төгсгөлд нь, гуравдугаар хэсэгт (8-р бүлэг), энэхүү судалгааны ажлын дүгнэлт болон хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах бодлогын зөвлөмжүүдийг нэгтгэн харуулахын зэрэгцээ цаашдын судалгааны чиглэлийг тодорхойлсон болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 16
Ишлэгдсэн тоо : 0