Дэлхийн литосферийг бүрдүүлэгч хавтангуудын шилжих хөдөлгөөн, түүний үр дүнд бий болж буй тектоникийн деформацийн тухай мэдээлэл нь томоохон хотууд, аж үйлдвэрийн бүс нутаг түүнчлэн уул уурхайн районуудын байгаль орчин, нийгэм эдийн засгийн эрсдэлийн үнэлгээг гаргахад маш чухал байдаг.
Монгол орон нь Энэтхэг ба Евроазийн хавтангуудын шахалтын бүсэд багтдаг Төв Азийн Атираат Бүсэд /Central Asian Orogenic Belt-CAOB/ оршдог (Kröner et al., 2007). Энэтхэгийн далайн хавтангийн шахалтаар үүсэж буй Гималайн нурууны өргөгдөл одоо ч үргэлжилж байна. Шахалтын хүчний улмаас Гималайн нуруунаас 2000 гаруй километрийн алсад Монгол орон дахь Алтайн нуруу, Хангайн уулс, Говь Алтайн нурууг хамарсан өргөн бүсэд террейнүүдийн хил заагуудаар шилжих, тохрох зэрэг тектоникийн деформац хэлбэрээр илэрч иржээ. Энэ тектоникийн деформацийн улмаас өнгөрсөн зуунд Монгол орны нутаг дэвсгэрт 6 магнитуд ба түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 30 гаруй тохиолдсоны дөрөв нь 8 магнитуд ба түүнээс дээш хүчтэй болсон (Schlupp, 1996a).
Хэдийгээр литосферийн шахалтын деформацийн хүч Төвдийн өндөрлөгт бүртгэгдсэнээс бага байгаа ч Монгол орны нутаг дэвсгэрт тохиолдох газар хөдлөлт сүүлийн жилүүдэд илүү эрчимжиж байна.
Олон улсад газар хөдлөх үзэгдэл, болзошгүй хүчтэй газар хөдлөлтийг урьдчилан таамаглах зориулалтаар цэгийн шилжилтийг хянах Байрлал Тогтоох Хиймэл Дагуулын Систем буюу GNSS-ийн аргыг хэрэглэж байна.
Манай оронд хиймэл дагуулаас мэдээлэл хүлээн авах байнгын станцууд ба хээрийн давтан хэмжилтийн цэгүүд шинээр суурилуулагдаад байгаа нь Монгол орны нутаг дэвсгэрийн царцдасын деформацийг хянах боломж бүрдээд байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 23
Ишлэгдсэн тоо : 0