Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Удирдлагын гэрээ эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарт нөлөөлөх нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.1 Сэтгэл судлал
Улсын дугаар : 4487
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : чанар, үйлчилгээний чанар, эмнэлгийн тусламж,

Аннотаци

Төрийн захиргааны шинэчлэлийн нэгэн чиглэл болох төрийн зарим үйлчилгээг удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлэх, улмаар гэрээний гүйцэтгэл, үр дүнг харгалзан хувьчлал явуулах ажлыг 1990-ээд оны сүүл үеэс эрүүл мэндийн салбарт туршин хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын шийдвэр (1997 оны 160, 218 дугаар тогтоол)-ээр 1997 онд нийслэлийн Баянзүрх дүүрэг (БЗД)-ийн нэгдсэн эмнэлэг болон 16 аймгийн 47 сумын эмнэлгийн удирдлагын үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгүүлэн хувьчлах аргыг туршилтын журмаар хэрэгжүүлж, зарим нь үр дүнд хүрч, нөгөө хэсэг нь амжилтгүй болж гэрээ цуцлагдсан байдаг. Харин энэхүү шинэчлэл, туршилтын онолын үндэс, хэрэгжилтийн явц, үр дүн, туршлага, сургамж, цаашдын чиг хандлагыг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанартай уялдуулан судалж, үнэлэлт, дүгнэлт өгөх асуудал орхигдоод байгаа билээ. Учир нь эрүүл мэндийн салбар дахь удирдлагын гэрээ нь тусламж, үйлчилгээний чанарт ахиц дэвшил гаргахад чиглэгддэг онцлогтой. Нэгдүгээр бүлэг буюу удиртгалд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах тулгамдсан хэрэгцээ байгааг, уг асуудлыг шийдвэрлэхэд удирдлагын гэрээ эергээр нөлөөлдөг болохыг нотлох сэдвийн үндэслэл, судалгааны асуултууд, зорилго, зорилтуудыг тодорхойллоо.
Судалгааны хамрах хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй дөрвөн дүүргийн нэгдсэн эмнэлгийг судалгааны объект болгон сонгож, судалгааг гүйцэтгэлээ. Удирдлагын гэрээгээр ажиллаж байгаад одоо хувийн өмчид бүрэн шилжээд байгаа “Баянзүрх эмнэлэг” ХХК нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд үр ашигтай үзүүлэх, орчин үеийн технологийг нэвтрүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн жишээг Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай харьцуулан авч үзсэн болно.
Диссертацийн хоёрдугаар бүлэгт төрийн захиргааны шинэ удирдлагын үзэл баримтлал ба менежментийн ухааны зангилаанд Монгол улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэл,эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар авч үзэн, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг тодорхойлох нийтлэг чиг хандлагууд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар түүний үзүүлэлтүүд, эрүүл мэндийн салбарт хэрэглэж байгаа чанарыг хангах арга техникүүд, удирдлагын гэрээ, түүний эрүүл мэндийн салбар дахь хэрэглээний талаар дурдлаа. Энэ бүлэгт судалгааны үзэл баримтлалын хүрээг чанар бол стандартын хэрэгжилт, чанар бол үйл ажиллагааны үр дүн, чанар бол үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж хэмээн тодорхойлж, дэвшүүлсэн зорилго, зорилтуудтай уялдууллаа.
Диссертацийн гуравдугаар бүлэгт тоон болон чанарын судалгааны өгөгдлүүдийг цуглуулж, боловсруулж, шинжлэхэд ашиглах судалгааны аргуудыг сонгож, судалгааны арга зүйг тодорхойлов. Энэхүү судалгаанд баримт бичгийн шинжилгээний арга, кейс судалгааны арга, тоон өгөгдөл цуглуулах арга (Статистик мэдээлэлд түшиглэсэн тоон судалгаа, “Менежментийн чадамжийн индекс тодорхойлох” анкет, Сэтгэл ханамжийг тодорхойлох анкет), ба статистикийн арга, бусад аргуудыг хэрэглэсэн болно.
Диссертацийн дөрөвдүгээр бүлэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эрх зүйн зохицуулалт, бодлогын баримт бичгүүдэд чанарын асуудлыг тусгасан байдалд шинжилгээ хийлээ. Эрүүл мэндийн салбарын нөөцүүдийн хүрэлцээ, хангамжийн талаар, Баянзүрх нэгдсэн эмнэлгийн удирдлагын багтай байгуулсан удирдлагын гэрээний онцлог, хэрэгжилт, Нэгдсэн эмнэлгүүдийн чанарын удирдлагын хэрэгжилт, Нэгдсэн эмнэлгүүдийн менежментийн чадамжийн үнэлгээ, “Баянзүрх эмнэлэг” ХХК-ийн менежментийн чадамжийн дахин үнэлгээ хийсэн талаар тус тус дурдлаа. “Баянзүрх эмнэлэг” ХХК-ийн гүйцэтгэлийн үнэлгээг 2012-2020 оны үндсэн үзүүлэлтүүдийн үнэлгээ, 2012-2020 оны санхүүгийн гүйцэтгэл, шинэчлэлийн хөдөлгөгч зургаан хүчин зүйлийн үнэлгээний талаар, Кейс болон “Баянзүрх эмнэлэг” ХХК-ийн 2012-2019 онуудад үйлчлүүлэгчдээс авсан сэтгэл ханамжийн үнэлгээ, судалгаанд хамрагдсан нэгдсэн эмнэлгүүдийн үйлчлүүлэгчдээс авсан сэтгэл ханамжийн харьцуулсан үнэлгээ хийсэн талаар дурдлаа. Мөн гэрээ ба эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын шүтэлцээг менежментийн чадамжийн үзүүлэлтүүдээр давхар шинжилж үзэхэд гэрээгээр ажиллаж байгаа болон гэрээний үр дүнгээр хувьчлагдсан эмнэлгүүдийн аюулгүй байдал ба стандарт, үйлчлүүлэгчдэд хандах хандлага, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж гэсэн чанарын үзүүлэлтүүд бусад эмнэлгүүдийнхээс илүү сайн байгааг илрүүллээ.
Судалгааны ажлын өгөгдлийн шинжилгээний дүнгээр уг ажлын хүрээнд дэвшүүлсэн асуудал нь тоон болон чанарын шинжилгээний үр дүнгээр батлагдаж, судалгааны зорилго, зорилтууд хангагдан, судалгааны асуултууд хариулагдсан гэж үзэж байна.
Судалгааны ажлын явц, эцсийн үр дүн, тэдгээрээс урган гарсан дүгнэлтүүд, зарим санал, зөвлөмжийг тавдугаар бүлэг буюу дүгнэлтэд хураангуйлан тусгалаа. Тухайлбал “Баянзүрх эмнэлэг” ХХК-ийн менежментийн чадамжийн үнэлгээг дахин үнэлэхэд дундаж үнэлгээ
80.6 хувьтай, хамгийн өндөр нь зорилго, зорилтын үзүүлэлт
89.9 хувьтай байв. “Баянзүрх эмнэлэг” ХХК нь менежментийн чадамжийн хувьд бусдаас давуу болох нь хоёр удаагийн менежментийн чадамжийн үнэлгээгээр батлагдлаа.
Судалгааны үзэл баримтлалын хүрээнд тусгагдсанаар чанар бол стандартын хэрэгжилтийн түвшинг харуулна гэж үзвэл Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны MNS 5095:2017 стандарт, ДЭМБ-ын удирдамж буюу дөрвөн олон улсын стандарт, Зонхилон тохиолдох эмчилгээ, оношилгооны болон Түгээмэл үйлдлийн стандарт, нийт 338 удирдамжийг хэрэгжүүлж, Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг тус тус мөрдөн ажиллаж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаатай холбоотой 22 журмыг 2019 онд шинэчлэн баталж чанарын хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг
98.6 хувиар хангажээ. Ажил эрхэлж байгаа 66 их эмч эмчлэх, 111 сувилагч сувилах, дөрвөн эм зүйч эм барих эрхийн гэрчилгээтэй ажиллаж, “Баянзүрх эмнэлэг” ХХК нь 2010, 2013 онд гурван жилээр, 2015, 2020 онд таван жилээр магадлан итгэмжлэл авсан нь чанарын хөгжлийн хөтөлбөрийн үндсэн үзүүлэлтүүдийг ханган эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд чанартай хүргэж буйн бодит илэрхийлэл юм.
Чанар бол үйл ажиллагааны үр дүн учраас төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагыг удирдлагын гэрээгээр ажиллуулсны үр дүнд байгууллагын (санхүүгийн болон үйл ажиллагааны) бие даасан байдал дээшилж, эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүд жил бүр сайжирсан, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нотолгоонд тулгуурлан, багаар ажиллах замаар эмнэлзүйн ур чадвар нь дээшилж эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарт ахиц гарсан нь судалгаагаар батлагдлаа. Санхүүгийн захиран зарцуулах эрхийг мэргэшсэн, чадварлаг мэргэжилтнүүдээр гүйцэтгүүлж, Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу санхүү, бүртгэлийн кодыг батлан хэрэгжүүлж, улсын төсвөөс авах санхүүжилтийг тэглэсэн зэрэг нь санхүүгийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай захиран зарцуулах үйл ажиллагаа явуулсны үр дүн юм.
Чанарын ахицыг үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж илэрхийлдэг бөгөөд “Баянзүрх эмнэлэг” ХХК -ийн үйлчлүүлэгчдээс 2012-2019 онуудад авсан судалгаагаар сэтгэл ханамжийн түвшин
87.6-
92.0 хувьтай байгаа нь өндөр бөгөөд иргэдийн хүсэн хүлээсэн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлж байгааг илтгэж байна гэж дүгнэсэн болно.
Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн (Ковид-19) халдвар тархаж Монгол Улсад улмаар зөөвөрлөгдөн орж ирж бүх нийтийг хамарсан дэгдэлт явагдаж давагдашгүй хүчин зүйл тохиолдсон тул 2020-2022 оны статистик мэдээллийг бүрэн оруулах боломжгүй болсон билээ.




Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 6

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 123
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :