Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нойр булчирхайн архины шалтгаант цочмог үхжилт үрэвслийн оношилгоо, эмчилгээг боловсронгуй болгох нь



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 4250
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : НОЙР БУЛЧИРХАЙ, ХАВАН, ҮХЖИЛ, ШИНЭ АРГАЧЛАЛ, АРХИ

Аннотаци

Нойр булчирхайн цочмог үрэвсэл өвчнөөр өвдсөн эмчлүүлэгчдийн 20-30 хувь нь хүнд зэргээр өвчилж, эмнэлэгт хэвтсэн эмчлүүлэгчдэд нас баралт 15% тохиолддог. НБЦҮ өвчин үүсгэдэг олон шалтгаан байдаг ба тэдгээрийн дотроос архи, согтууруулах төрлийн ундаанаас шалтгаалсан НБЦҮ зонхилох хувийг эзэлдэг. Нойр булчирхайн архины шалтгаант цочмог үрэвсэл нь дэлхийн олон оронд тулгамдсан өвчлөлүүдийн нэг бөгөөд тухайн улс орны согтууруулах ундааны хэрэглээний түвшингээс хамаараад тохиолдол харилцан адилгүй байна. Монгол оронд хийсэн Г.Баяраа, М.Ганбаатар (2011) нарын судалгаагаар нойр булчирхайн цочмог үрэвсэл үүсгэж байгаа шалтгааны нэгдүгээрт архины шалтгаан орж байсан ба нас баралт 15,3 % байна. Нас баралтын шалтгаанд нойр булчирхайн үхжил, хордлого, цус алдалт, олон эрхтний дутагдал зонхилох хувийг эзэлжээ. Олон улсад нойр булчирхайн үхжил, өвчний хүнд явцыг тодорхойлох, хагалгаанд орох заалт, эмчилгээний горимыг сонгох болон тухайн өвчтөний биеийн байдлыг үнэлэхдээ хамгийн түгээмэл хэрэглэгддэг Ranson, APACHE II, BISAP зэрэг үнэлгээний шалгууруудыг ашигладаг байна. Монгол улсын нөхцөлд дээрх үнэлгээний системүүдийн зарим үзүүлэлтийг тодорхойлох боломж аймаг дүүргийн эмнэлэгт хязгаарлагдмал байдаг. Мөн манай орны нөхцөлд тохирсон НБЦҮҮ-ийг ялгаж оношлох оношилгооны аргачлал, нэгдсэн удирдамж байхгүй, өвчин эхэлснээс хойш хэдий хугацааны дараа ямар шалгуурт үндэслэж нойр булчирхайн цочмог үрэвслийн явц, тавиланг үнэлж эмийн болон мэс засал эмчилгээг сонгох чиглэлд хийгдсэн судалгааны ажил дутмаг байна. Иймд дээр дурдсан үндэслэлд тулгуурлан, тулгамдаж буй чухал асуудлуудыг шийдвэрлэх судалгааг хийх, архины шалтгаант нойр булчирхайн цочмог үхжилт үрэвслийн оношилгоо эмчилгээний аргыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгаа юм. Судалгааны ажлын зорилго Нойр булчирхайн архины шалтгаант цочмог үхжилт үрэвслийн хүнд зэргийг эрт оношлох, эмчилгээний сонголтыг боловсронгуй болгох
Судалгааны ажлын зорилт:
1. Нойр булчирхайн архины шалтгаант цочмог үхжилт үрэвсэл, түүний хүнд зэрэг үүсэхэд нөлөөлсөн зарим хүчин зүйлийг тодорхойлох.

2. Нойр булчирхайн архины шалтгаант цочмог үхжилт үрэвслийн эмнэл зүй, шинжилгээний үзүүлэлтүүдийн онцлогийг тогтоох.

3. Нойр булчирхайн архины шалтгаант цочмог үхжилт үрэвслийн эмчилгээний сонголт, түүний үр дүнг тодруулах.

4. НБ-н цочмог үхжилт үрэвсэл, түүний хүнд зэргийг эрт оношлох шинэ шалгууруудыг тодорхойлж оношилгоо, эмчилгээний алгоритм боловсруулах. Материал, арга зүй: Бид агшингийн загварыг ашиглан ажиглалтын судалгааг хийсэн. Тусгайлан боловсруулсан 90 асуулт бүхий карт ашиглан эмчлүүлэгчийн баримт шинжилгээнд үндэслэж ретроспектив байдлаар мэдээ мэдээллийг цуглуулав. Судалгааны материалын түүврийг зорилгот түүвэрлэлтийн аргаар хийсэн. УНТЭ, УГТЭ-т 2008 оны 11 дүгээр сарын 01-нээс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд архины шалтгаант НБЦҮ оношоор хэвтэж эмчлэгдээд гарсан ба нас барсан 2263 эмчлүүлэгчийн архивын бичиг баримт, өвчний түүх байсан. Судалгааны шалгуур хангасан, судалгааны картын асуумжид хариулт авах шаардлагад нийцсэн 122 эмчлүүлэгчийн архивын баримт бичиг буюу өвчний түүхийг сонгон түүвэрлэсэн. Судалгааны үр дүнд боловсруулалт хийхэд өвчин үүсгэсэн шалтгаан хүчин зүйл, үр дүн буюу өвчний тавилангийн харилцан хамаарал, хүч нөлөөг судлахад корреляцийн шинжилгээний арга ашигласан. Оношилгооны шинэ аргачлалд хамаарах эмнэл зүйн шинж тэмдгүүд, шинжилгээнд илрэх өөрчлөлт зэргийг дундаж хэмжигдэхүүн, стандарт хазайлт, Анова тест, регрессийн шинжилгээний аргуудыг ашиглан тооцоолж статистик боловсруулалт хийв. Судалгааны үр дүн НБАШЦҮҮ оноштой, судалгаанд хамрагдсан эмчлүүлэгчдийн насны доод хязгаар 25, дээд хязгаар 71 байсан ба 26 наснаас 60 хүртэлх насны хүмүүс дийлэнх хувийг (
87.4%) эзэлж байсан ба судалгаанд хамрагдсан эмчлүүлэгчид насны хувьд хэвийн бус тархалттай байна. Бидний судалгаанд НБЦҮ өвчнөөр өвдсөн эрэгтэйчүүд 101 (
82.8%) байгаа нь эмэгтэйчүүдээс
4.5 дахин илүү байна.
Эмчлүүлэгчдийн хэрэглэсэн архи, согтууруулах ундааны хэмжээг судалж үзэхэд стандарт уултаас 2 дахин их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд нас баралт 7 (22,5%) архи, согтууруулах ундааг стандарт уултаас 4 ба түүнээс олон дахин их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдлуудад нас баралт 69% тохиолдсон байна. Уусан архины хэмжээ ихсэх тусам нас баралтын хувь нэмэгдэж эдгэрэлтийн хувь багасч байгаа нь статистик магадлалтай байна (p<
0.05). Эмчлүүлэгчдийн архи, согтууруулах ундааг үргэлжлүүлэн уусан хугацааг судалж үзэхэд судалгаанд хамрагдсан эмчлүүлэгчдийн 30,3% нь архи, согтууруулах төрлийн ундааг 48 цаг түүнээс их хугацаагаар үргэлжлүүлэн хэрэглэсэн байна. Архи, согтууруулах ундааг 72 цаг ба түүнээс дээш хугацаагаар хэрэглэсэн эмчлүүлэгчдийн дунд нас баралтын эзлэх хувь 75% байна. Судалгаанд нас баралтын 31 тохиолдол бүртгэгдсэнээс өвчин эхэлснээс хойш 72 цагаас дээш хугацааны дараа эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдэд тохиолдсон нас баралтын тоо 24(
77.4%) байна. Өвчин эхэлснээс хойш эмнэлэгт хэвтэх хүртэлх хугацаа нэмэгдэх нь нас баралтын тоо нэмэгдэхэд нөлөөлж байгаа статистик магадлал гарлаа (p<
0.05). Нойр булчирхайн цочмог үхжилт үрэвсэл оноштой эмчлүүлэгчдийн эмнэлэгт хэвтэх үед илэрч байсан зовиур шаналгаа эмнэл зүйн шинжийг судалж үзэхэд хэвлийн өвдөлт, бүсэлж өвдөх, нойр булчирхай орчимд өвдөх, гэдэс дүүрэх зэрэг шинжүүд судалгаанд хамрагдагсдын 70%-аас дээш хувьд илэрч байна. Судалгаанд хамрагдсан эмчлүүлэгчдийн цусны дэлгэрэнгүй шинжилгээний үзүүлэлтийн түвшинг судалж үзэхэд цусны цагаан эс, цусны саармаг эсийн ихсэлт нь нойр булчирхайн үхжилт үрэвсэл, хүнд зэргийг тодорхойлоход статистик магадлалтай байна (p<
0.05). Биохимийн шинжилгээний үзүүлэлтүүдийн түвшинг судалж үзэхэд нойр булчирхайн үхжилт үрэвсэл, хүнд зэргийг тодорхойлоход сийвэнгийн амилаза, сийвэнгийн липаза, сийвэнгийн ЛДГ, сийвэнгийн кальци, сийвэнгийн C-урвалж уураг, сийвэнгийн креатинин, сийвэнгийн прокальцитонин зэрэг үзүүлэлтүүдийн өөрчлөлт статистик магадлалтай байна (p<
0.05). Судалгаанд хамрагдсан 95(78%) эмчлүүлэгч мэс засал эмчилгээ, 27 эмчлүүлэгч эмийн эмчилгээ хийлгэсэн байна. Мэс засал эмчилгээ хийлгэсэн 95 эмчлүүлэгчийн 65 нь эдгэрч 30 эмчлүүлэгч нас барсан байна. Хэвлийн нээлттэй мэс засал эмчилгээ хийлгэсэн эмчлүүлэгчдийн хувьд нас баралт 33% тохиолдсон байна. Бага хүрцийн мэс засал хийлгэсэн эмчлүүлэгчид нас баралт 0% хувь байна. Мэс засал эмчилгээ хийлгэсэн эмчлүүлэгчдийн 75(79%) нь өвчин эхэлснээс
хойш 14 хоног түүнээс дээш хоногийн дараа мэс засал эмчилгээ хийлгэсэн байна. Өвчин эхэлсний дараах эхний 7 хоногт мэс засал эмчилгээ хийлгэсэн эмчлүүлэгчдийн хувьд нас баралт 50% байгаа бол өвчин эхэлснээс хойш 21 хоногоос дээш хугацааны дараа мэс засал эмчилгээ хийлгэсэн эмчлүүлэгчдийн хувьд нас баралт 9(
22.5%), эдгэрэлт 31(
77.5%) байна. Өвчин эхэлснээс хойш мэс засалд орох хүртэлх хугацаа нь өвчний эдгэрэлтэнд эерэг нөлөөлж байгаа нь статистик магадлалтай байна (p<
0.05). Оношилгооны шинэ аргачлалд багтсан биохимийн шинжилгээний дээрх үзүүлэлтүүдийн түвшинг судалж үзэхэд нойр булчирхайн үхжилт үрэвсэл, хүнд зэргийг оношлоход тухайн үзүүлэлтүүдийн үнэн магадлалыг статистик судалгааны АNOVA тестийн аргыг ашиглан шинжилж үзэв. Бидний судалгаагаар цусны цагаан эс, сийвэнгийн амилаза, сийвэнгийн липаза, сийвэнгийн ЛДГ, сийвэнгийн кальци, сийвэнгийн C-урвалж уураг, сийвэнгийн прокальцитонин зэрэг үзүүлэлтүүдийн өөрчлөлт статистик магадлалтай байна (p<
0.05). Оношилгооны шинэ аргачлалаар өвчний явц, нойр булчирхайн үхжилт хэлбэрийг үнэлж үзэхэд судалгаанд хамрагдсан 122 өвчтөнөөс 12 өвчтөн А ангилалд хамаарах буюу 0-3 хүртэлх оноо, 69(
56.5%) өвчтөн В ангилалд хамаарах буюу 4-6 оноо, 41(
33.6%) өвчтөн С ангилалд хамаарах буюу 7 онооноос дээш оноогоор үнэлэгдсэн байна. Нийт тохиолдлын
90.1% нь бидний боловсруулсан оношилгооны аргачлалын ангиллаар НБЦҮҮ-ийн хүнд зэрэг, нойр булчирхайн үхжилт үрэвсэл гэж үнэлэгдсэн. Оношилгооны шинэ аргачлалаар судалгаанд хамрагдагсдыг үнэлсний дараа эдийн шинжилгээтэй нь харьцуулж үзэхэд оношилгооны шинэ аргачлалын В,С ангилалд хамаарах эмчлүүлэгчид эдийн шинжилгээний хариугаар нойр булчирхайн үхжилт үрэвсэл үүссэн нь батлагдаж байна. Оношилгооны шинэ аргачлалын оноо, нойр булчирхайн үхжил хоерын харилцан хамаарлыг судалж үзэхэд 2 хувьсах үзүүлэлт эерэг хамааралтай буюу үнэлгээний системийн оноо нэмэгдэх тусам нойр булчирхайн үхжилт үрэвслийг оношлох статистик магадлалтай байна (p<
0.05).
1. НБЦҮ хүндрэхэд архи согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэх, олон хоногоор архи уух, эмнэлэгт хожуу хандах, эмчилгээ оройтож хийгдэх зэрэг хүчин зүйл нөлөөлж байна.

2. НБЦҮҮ-ийн эмнэл зүйн шинжүүдээс хэвлийн өвдөлт, бүсэлж өвдөх шинж нойр булчирхай орчимд өвдөх шинжүүд онцлог илэрч байна. Лабораторийн шинжилгээнд сийвэнгийн ЛДГ, сийвэнгийн липаза, С-урвалж уураг, прокальцитонин, сийвэнгийн креатинин ихсэх, сийвэнгийн кальци багасах нь НБЦҮ-ийн үхжилт үрэвсэл, түүний хүнд зэргийг оношлоход оношилгоо, шинжилгээний бусад үзүүлэлтүүдтэй харьцуулахад статистийн онцлог ялгаатай байна.

3. Нойр булчирхайн цочмог үхжилт үрэвслийн үе шат, явцаас хамаарч эмчилгээний аргыг сонгосон ба хүндэвтэр зэргийн үед эмийн эмчилгээний арга, хүнд зэргийн үед бага хүрцийн мэс засал, нээлттэй мэс засал эмчилгээний аргыг сонгох нь илүү ач холбогдолтой байна.

4. Судалгааны үр дүнд шинжилгээний үзүүлэлтүүдийг харгалзан НБЦҮ-ийн үхжилт хэлбэрийг эрт оношлох, өвчний явцаас хамаарч эмчилгээг сонгох оношилгоо, эмчилгээний алгоритм боловсруулав.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 63
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД