Өнөө үед филогенез онтогенез хөгжлийн явцад хүний бие организмын эрхтэнүүдийн хувьсал өөрчлөлтийг гадаад дотоод олон хүчин зүйлтэй холбон авч үздэг билээ.
Амьд бие махбодын филогенез онтогенез хөгжлийн явцад эрхтэний хувьсалт, өөрчлөлт нь байгаль, газар зүй, цаг уур, зан заншил, эрхэлж ирсэн уламжлалт аж ахуй, соёл, зонхилон хэрэглэж ирсэн хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулж, хэрэглэх арга технологи, хоол тэжээлийг хэрэглэх дэглэм зэрэг хүчин зүйлүүдтэй салшгүй холбоотой болохыг судлаачид тэмдэглэж байна.
Филогенез онтогенез хөгжлийн явцад хүний дээд өвөг босоо явагчидаас хүн дүрст сармагчин, балар эртний, эртний, орчин үеийн хүн болох хомосапиенс болж чанарын хувьд хөгжиж ирэхдээ бие организм нь чанарын хувьд түүний дотор гавал, хоншоор, эрүү, шүд бүтэц болоод тооны хувьд асар их өөрчлөгдөж ирсэн ба цаашдаа хувьсал өөрчлөлт маш их явагдах зүй тогтол ажиглагдаж байна.
Энэ хувьсал өөрчлөлт монгол хүнийг тойроогүй бөгөөд дэлхий нийтэд ихээхэн хэмжээгээр тархаж буй шалтгаан нь тодорхойгүй шүд цоорох (шүд юүрэх) эмгэгт 1950-60 оноос хүчтэй нэрвэгдэх болсноор хүний шүд эрүү нүүрний эрхтэнд өөрчлөлтийг өгч байна.
Тухайлбал өнөөдөр Монголчууд бараг 100% шүд цоорох эмгэгт өртөж, нэг хүний аманд шүд цоорох эмгэгээс болж авахуулсан шүдний тоо 19 болж хоншоор ,эрүүний ясанд өөрчлөлт орж Монгол хүний шүд өөрийн зүй тогтлоороо шүдлэж чадалгүй ээлж дараалан (агт араа, соёо) шүдлэлтийн гажигт өртөж хүүхэд залуучуудын дунд шүд эрүүний гажиг хөгжил 60-70%-д хүрч өссөнөөр барахгүй сайхан шүдтэй болохын тулд зарим цоо эрүүл, бүтэн шүднүүдийг (хоншоор, эрүүний бага араа) авч гажигтай шүдийг шүдний богиноссон шүдний эгнээнд тааруулж засдаг эмчилгээний арга хүртэл нэвтэрч байгаа юм.
Монгол хүний тэр дотроо хүүхдүүдийн шүд яагаад ингэж ихээр шүдлэлтийн гажигт ихээр өртөх болов? Монгол хүний шүд яагаад 100% шүд цоорох эмгэгт өртөж, бүтэн болоод хагас, олдмол шүдгүйдэлд өртөх болов? Үүний шалтгааныг (хоншоор, эрүү, шүдний үзүүлэлтүүдийг) хүний дээд өвөг болох 3-4 мянган жилийн өмнөх монгол (хүрэл, хүннү, эртний монгол) хүнийхтэй харьцуулан судлаж, зажлах үйлээр дамжуулж монгол хүүхдүүдийн шүдийг зөв шүдлүүлэх, хоншоор, эрүүний ясны хэвийн хөгжлийг хангах аргыг шинжлэх ухааны үндэстэй судалж дүгнэлт өгч, ШУ-ны таамаглалыг дэвшүүлэх зорилгоор энэхүү судалгааг хийв
Судалгааны ажлын шинжлэх ухааны шинэлэг тал
Монголын эртний болон орчин үеийн хүний археологийн олдворуудад гавал ба шүдний анатоми бүтцийг орчин үеийн хүний шүдний бүтэцтэй манай оронд анх удаа харьцуулан судалж байгаа нь энэ ажлын шинэлэг тал юм.
1. Хүний дээд өвөг болон эртний хүний (хүрэл, хүннү, эртний монгол,орчин үеийн болон одоогийн монгол) хоншоор, эрүү ясанд байрлах шүдний тоог хөгжлийн филогенез, онтогенез хөгжлийн үетэй харьцуулан судлаж өөрчлөгдөж ирсэн чиглэл, зүй тогтлыг тодорхой болгож, шүд цөөрөх үзэгдлийн зарим шалтгааныг тайлсанд энэ ажлын онолын ач холбогдол оршино. Уг шалтгаан нь хүрэл, хүннү, эртний монголын, орчин үеийн хүний олдворуудын гавал, хоншоор, эрүү, шүдний эгнээг судлаж үзэхэд хоншоор эрүүний шүдний эгнээ , хоншоор, эрүүний түүшийн нум болон суурийн нум 0,9-1,5 см-ээр багасаж ирсэн явдал нь хүний агт араа шүдлэх боломжгүй болж энэ нь (ойролцоогоор 4-5 мянган жилийн мөчлөгтэйгээр) хоншоор эрүүний хөгжилт, шүдний шүдлэлтэнд мэдэгдэхүйц тод ажиглагдаж байгааг тогтоосон.
2. Хүний филогенез онтогенез хөгжлийн явцад явагдаж буй “шүд цөөрөх “ үзэгдэл болон хоншоор эрүүний ясны түүшийн нум, суурийн нум цаашид агчих явц үргэлжлэх хандлагатай байгаа нь өнөө цагт хүний шүд шүдлэх явцад үүсч буй буруу болон дутуу шүдлэлтээр илэрч хүний мичин өвгөөс орчин үеийн ухаант хүн хүртэлх хэдэн сая жилийн хугацаанд шүдний тоо 38 –аас 36,36-аас 32,32- оос 28, 28- аас 26, 26-аас 24 болтлоо цөөрөх магадлалыг 3 хувилбараар гаргасан.
3. Хүний филогенез онтогенез хөгжлийн явцад хамгийн сүүлд шүдэлдэг “агт араа” шүднээс эхлэн соёо, их араа, үүдэн 2-р шүд,бага араа ,7-р шүднүүд шүдлэхгүй болох магадлал байгааг эрэмбэлж тооцсон нь дээрхи хувилбаруудыг гаргах үндэс болсон.
4.Орчин цагийн Монгол хүний толгойн ясны нүүрний хэсгийн (хоншоор.эрүү) кранио антропометрийн бүх үзүүлэлт хүннүгийн үеийн хүмүүсийнхтэй харьцуулахад багассан ба антрофогенезын бүх үе шатад толгойн ясны тархины хэсгийн хөгжил нүүрнийхээ хэсгийн (хоншоор, эрүү) хөгжлийг бодвол илүү эрчимтэй явагддаг болохыг тогтоосон.
Хамгаалахаар дэвшүүлж буй үзэл баримтлал
1. Орчин цагийн Монгол хүний хоншоор, эрүү, шүдний эгнээний нум богиносож, өргөсөж, тагнайн хүнхэр ихэсч, толгойны брахицефаль хэв маяг давамгайлж байна.
2. Орчин цагийн Монгол хүүхдэд хоншоорын 2-р бага араа огт шүдлэх үүсгэвэргүй , хоншоорын зүүн дээд соёо, зүүн дээд 2-р үүдэн шүд эрүүний баруун талын 1-р үүдэн шүд шүдлэлт нь хоцрох эсвэл огт шүдлэхгүй гажигт өртөх магадлал өндөртэй байгаа ба агт арааны 60 %-д нь шүдлэлт нь гажиж байгаа нь шүдний тоо цөөрөх хүчин зүйл болж байна.
3. Хүний дээд өвгүүдийн бие эрхтэний өвөрмөц бүтцүүд филогенез хөгжлийн явцдаа давтагдан гарч ирдэг зүй тогтлын дагуу хоншоор эрүүн дээр шүдний тоо цөөрөх, олшрох(тохиолдол бага), үүдэн болон араа шүднүүд зайтах, шүдний нумын хэлбэр өөрчлөгдөж гурвалжин болох, хоншоор эрүү дангаараа хэт томрох, хэт багасах, гавал багасах (микроцефаль) зэрэг шинжүүд давтагдаж байгаа шалтгааныг өнөөдөр Нүүр ам судлалын шинжлэх ухаанд шалтгаан нь тодорхой бус эмгэгүүд гэж үзэж байгаа өнөө үед уг шалтгааныг филогенезийн шалтгаан гэж үзэх үндэс байна.
4. Монголчуудын дунд шүд цоорох эмгэг сүүлийн 60 жилд 99% болж нэг хүний аманд байх хорхойтсон шүдний тоо 19,9 болтлоо өсөж, нэг хүний аманд байхгүй шүдний тоо 17-19 болсон нь шүдний үндсэн үүрэг болох хоол тэжээлийг зажлах үйлийг бүхэлд нь хямралд оруулж байгаа нь хүний нэгэн биеийн хөгжлийн явцад хоншоор эрүүний зөв хөгжлийг алдагдуулж буй үндсэн хүчин зүйл гэж үзээд хүүхдийн хоншоор эрүүний хөгжлийг шүд шүдлэх үетэй уялдуулан зажлах хүчээр (нэг шүдэнд 20-80кг, нийт шүдэнд 290кг) тогтмол сэдээж өгснөөр шүдийг зөв, бүрэн шүдлүүлж, шүд эрүү нүүрний хэвийн хөгжлийг хангаж өгөх суурь өгөгдөл байж болох боломж байна.