Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Таримал ойн биомассын хуримтлал, нүүрстөрөгчийн шингээлт



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.5 Газар, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан
Улсын дугаар : 4529
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : хээр, эко-физиологи, өсөлт, ойжуулалт, үндэс

Аннотаци

Нэгдсэн Үндэстний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцыг хэрэгжүүлэх Парисын хэлэлцээрийг Монгол Улс 2016 онд соёрхон баталж, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг шинэчлэн 2030 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг
22.7 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлсний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг
9.0 хувьд хүргэх, цөлжилт, газрын доройтолд нэн хүчтэй өртсөн газрын талбайг
4.0 хувиар бууруулах, хүлэмжийн хийн шингээлтийг 11 хувиар нэмэгдүүлэх зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлсэн.
"Тэрбум мод" Үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнд 1.5 тэрбум мод (Хайлаас
308.9 сая, Улиас
176.2 сая, жимс, жимсгэнийн мод (Чацаргана
37.6 сая) ) тарихаар төлөвлөгдсөн ба түүний 30 орчим хувийг хуурай гандуу бүс нутагт тарихаар төлөвлөжээ ("Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө. 2023).
Тиймээс хуурай хээрийн бүсэд тарималжуулсан моддын тухайн орчинд дасан зохицож буй байдал, таримал моддын нүүрстөрөгчийн шингээлт, хөрсний органик нүүрстөрөгчийн нөөцийг бүрдүүлэхэд үзүүлж буй нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцоолох шаардлага үүсэн бий болоод байна.
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ойг нөхөн сэргээх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилгоор модлог болон сөөглөг ургамлыг тарьж ургуулан нүүрстөрөгчийн шингээлт, хөрсний органик нүүрстөрөгчийн нөөцийг нэмэгдүүлэхэд хуурай хээрийн бүсэд газарзүйн байршлын хувьд ялгаатай талбайд тарималжуулсан Хайлаас [Ulmus pumila L), Улиас (Populus sibirica Horth ex Tausch.), Чацарганы (Hippophae rhamnoides L) үзүүлэх хувь нэмрийгтодорхойлоход энэхүү судалгааны зорилго оршино.
Уг зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэв. Үүнд:
1. Моддын өсөлт, навчны морфологи-экофизиологийн үзүүлэлтийг үнэлэх;

2. Газрын дээд болон газрын доод хэсгийн биомассын хуримтлал, хуваарилалт, нүүрстөрөгчийн агууламж, нүүрстөрөгчийн шингээлтийг тооцон тодорхойлох;

3. Хялгасан үндэсний динамикийгтодорхойлох;

4. Таримал ойн хөрсний шинж чанарт үзүүлэх нөлөө, хөрсний органик нүүрстөрөгчийн нөөцийг тодорхойлох;
Энэхүү судалгаанд Монгол орны хуурай хээрийн бүсийн цөлжилт, газрын доройтлыг сааруулах зорилгоор газарзүйн байршлын хувьд ялгаатай 2 талбайд тарималжуулсан 3 зүйл модлог ургамлуудыг сонгож авсан. Хоёр талбайд тарималжуулсан 3 зүйл модлог ургамлын өсөлт, морфологи-экофизиологийн онцлог, биомассын хуримтлал, хуваарилалт, модны нүүрстөрөгчийн агууламж, шингээлт болон хөрсний органик нүүрстөрөгчийн нөөцийг цогц байдлаар судалсанд уг бүтээлийн шинэлэг тал оршиж байна.
Уур амьсгалын өөрчлөлт, сөрөг нөлөөллийг бууруулах, хүлэмжийн хийн шингээлт, хөрсний нүүрстөрөгчийн нөөцийг нэмэгдүүлэх, усны нөөцийг хамгаалахад модлог ургамлыг тарьж, таримал ойг бий болгох нь хүрээлэн буй орчинд өндөр ач холбогдолтой болохыг бидний судалгааны үр дүн харуулж байна.
Хуурай хээрийн бүсэд ой үржүүлгийн зорилгоор тарималжуулсан Хайлаас, Улиас, Чацарганы 10 настай моддын хувьд тухайн орчиндоо дасан зохицсон болохыг моддын өсөлт, физиологийн үзүүлэлтүүд, биомассын хуримтлал, түүний хуваарилалт зэрэг үзүүлэлтээр үнэлэн тодорхойлов. Тарималжуулсан модод нь биологи, экологийн хувьд ялгагдах онцлогтой хэдий ч Улиас нь өсөлт, навчны морфологи, навчны биомассын хуримтлалын үзүүлэлтүүдээр, Хайлаас нь физиологийн үзүүлэлтээр (жишээ нь: навчны усны потенциал, хлорофиллын флоуресценц, амсрын эсийн хөдлөл зүй) давуу байхад харин Чацаргана хэмжилтийн бүх үзүүлэлтүүдээр бусад зүйлийн ургамлаас (Улиас, Хайлаас) харьцангуй доогуур үзүүлэлтэзр үнэлэгдэж буй нь тухайн ургамлын цэцэглэлт, жимслэлттэй холбоотой гэж үзэж байна.
Биомассын хуримтлал, түүний хуваарилалт (газрын дээрх болон газрын доорх хэсгийн биомасс) нь газарзүйн байршлын ялгаатай таримал ойн судлагдсан модлог ургамлуудын хувьд харилцан адилгүй зүй тогтолтой байгааг бид судалгааны ажлын үр дүнгээр тодорхойлов. Таримал ойн нийт дундаж биомасс
6.98 тн/га, үүнээс газрын дээрх биомасс
3.98 тн/га, газрын доорх биомасс
2.99 тн/га тус тус хуримтлуулсныг тооцон тогтоолоо. Таримал ойн 1 га талбайн моддоос шингээгдэх нүүрстөрөгчийн хэмжээг
12.75 тн/га болохыг тооцоолон тогтоов. Судалгаанд хамрагдсан модлог ургамлын зүйл тус бүрээр тодорхойлсон нүүрстөрөгчийн шингээлтийн тооцооллоос үзвэл Улиас
5.25 тн/га, Хайлаас
3.82 тн/га, Чацаргана
2.80 тн/га нүүрстөрөгчийг тус тус шингээх буйг тодорхойлов.
Таримал моддын хялгасан үндэсний динамикийн судалгааны үр дүнгээс үзэхэд ургамал ургалтын эхэн, дунд үед хялгасан үндэсний бүтээмж хамгийн өндөр байв. Судлагдсан моддын хялгасан үндэс нь хөрсний 0-20 см-ийн гүнд зонхилон тархдаг болохыг судлан тогтоов. Хялгасан үндэсний тархалт, диаметрийн ангиллаар судалгаанд хамруулсан моддын зүйлийн түвшний ялгааг тодорхойлов. Таримал моддын хялгасан үндэс диаметрийн
0.5-1.0 мм ангилалд эзлэх хувь өндөр байгаа бөгөөд хялгасан үндэсний бүтээмж Эрдэнийн талбайд 1.69 гр м2, Баяннуурын талбайд 1.33 гр м2 байв. Мөн хялгасан үндэсний өөрчлөлт (turnover rate) нь зүйлүүдийн хувьд харилцан адилгүй (Улиас 1.41 гр м2, Чацаргана 1.0 гр м2, Хайлаас
0.67 гр м2) тус тус эрчимтэй байгааг тодорхойлов.
Доройтсон газарт зориудаар таримал ойн бий болгосноор хөрсний органик нүүрстөрөгчийн нөөцийг нэмэгдүүлэхэд эерэг хувь нэмэр оруулдаг болохыг энэхүү судалгааны үр дүн илэрхийлж байна. Таримал ойн хөрсний органик нүүрстөрөгчийн нөөц хяналтын талбай буюу мод тариагүй талбайгаас даруй 1-
2.5 дахин их байгааг тогтоосон бөгөөд зүйлийн түвшинд харьцуулан тооцвол Хайлаас (
45.90±
2.09 тн/га), Чацаргана (
39.21 ±
2.65 тн/га), Улиас (
39.23±
4.07 тн/га) байгааг илрүүлэв.
Бидний судалгааны дүнг нэгтгэн дүгнэхэд ойн үржүүлгийн зорилгоор тарималжуулсан модод нь тухайн орчинд дасан зохицож, хөрсний үржил шим сайжрахад эерэг нөлөө үзүүлж, хөрсний органик нүүрстөрөгчийн нөөцийг нэмэгдүүлж, таримал ойгоос шингээх нүүрстөрөгчийн шингээлт нэмэгдэж байгааг тогтоов. Улмаар ойг тарьж ургуулахдаа агро-ойн аж ахуйг хослуулан хөгжүүлэх, нутгийн иргэдийн оролцоог хангах нь орон нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах, таримал ойн цаашдын тогтвортой менежментийн тогтолцоог хангах боломжийг бүрдүүлэхэд үр дүнтэй арга хэмжээ болно.
Ийнхүү энэхүү цогц судалгаагаар таримал ойн биомассын хуримтлал, хуваарилалт, нүүрстөрөгчийн шингээлт, үндэсний хөгжил, хялгасан үндэсний динамик, таримал ойгоос хөрсний шинж чанар, хөрсний органик нүүрстөрөгчийн нөөц бүрдэхэд үзүүлэх нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр Монгол улсад анх удаа тодорхойлон гүйцэтгэв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 166
Сүүлийн сард 17
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0