Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нутгийн өөрийн удирдлага дахь иргэдийн оролцоонд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.6 Улс төр судлал
Улсын дугаар : 4546
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : удирдлага, иргэдийн оролцоо, улс төрийн оролцоо, орон нутгийн хөгжлийн сан, бодлого төлөвлөлт, шийдвэр

Аннотаци

1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаар ардчиллын бодит баталгааны нэг болох нутгийн өөрийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж, бүрэлдэх үйл явц эхэлсэн. Энэ хугацаанд түүнийг төлөвшүүлэх эрх зүйн үндсийг шинээр тогтоож улмаар төвлөрлийг сааруулах талаар багагүй ажлуудыг хийжээ. Орон нутгийн түвшинд нутгийн өөрийн удирдлагын байгууллагын бэхжүүлэхэд иргэдийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэдэг. Орон нутгийн түвшинд иргэдийн оролцоог хангахын тулд иргэдийн ашиг сонирхлыг тодорхойлох, нэгтгэх, боловсруулах улмаар бодлогын хэрэгжилтийг хангах шаардлагатай. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлснээр иргэдэд ардчилал бол зөвхөн хувь хүнтэй холбоотой бус хүмүүс нийтээрээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оролцох, тулгамдаж байгаа асуудлаар санал нэгдсэнээр бодлого шийдвэрт тусгах боломжтой байдгийг бодитоор ухамсарлах боломжийг олгож байдаг. Ийм учраас нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага дахь иргэдийн оролцоо, эрх мэдлийг улс орны хийгээд орон нутгийн түвшний институтүүдийн харилцан хамааралд авч судлах нь туйлын ач холбогдолтой юм.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд нутгийн өөрийн удирдлага дахь иргэдийн оролцооны талаар онолын болон эмпирик судалгаа хийж, орон нутгийн түвшинд бодлого боловсруулж шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангахад нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тодруулж орон нутагт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох зорилго тавьсан.
Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд тоон болон чанарын судалгааг хослуулан холимог судалгааны арга зүйг хэрэглэж дээрх ажлыг гүйцэтгэлээ. Үүнд:
1. Нутгийн өөрийн удирдлага дахь иргэдийн оролцоог хангах асуудлыг онолын үндэстэйгээр судлах

2. Орон нутгийн түвшинд өөрийн удирдлагын байгууллага дахь иргэдийн оролцооны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх

3. Холбогдох эрх зүйн баримт бичгүүдийг судлах

4. Ховд аймгийн иргэд болон аймгийн, сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс судалгаа авч иргэдийн оролцоонд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд хоорондын хамаарлыг судлах зэрэг ажлыг гүйцэтгэлээ.
Тоон судалгааны аргуудаас асуулгын арга, чанарын судалгааны аргуудаас баримт бичгийн судалгаа, болон ганцаарчилсан ярилцлагын аргыг ашигласан. Судалгааны үндсэн оролцогчид нь иргэд болон аймаг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчид юм. Аймгийн төвийн болон, алслагдсан сумуудын иргэдийг тэнцүү тоотой хамруулах зорилгоор пропорциональ буюу хувь тэнцүү давхаргат түүврийн аргыг сонгон судалгаандаа хэрэглэсэн. Судалгаанд нийт хүн амын амын 1 хувийг хамруулах зорилгоор 1000 иргэнийг судалгаанд хамруулсан.
Таамаглалаа баталж судалгааны зорилтуудаа хангахын тулд Ерөнхий статистик шинжилгээ, Найдварт байдлын шинжилгээ, Хүчин зүйлийн шинжилгээ, Корреляци хамаарлын шинжилгээ гэсэн 4 төрлийн шинжилгээг хийсэн.
Судалгааны ажил нь зохиогчийн эрхийн хуудас, талархал, товчилсон үгийн жагсаалт, хүснэгтийн жагсаалт, графикийн жагсаалт, судалгааны хураангуй, гарчиг: удиртгал, 3 бүлэг, 13 дэд бүлгээс бүрдэнэ.
ҮНДСЭН АГУУЛГА
Нутгийн өөрийн удирдлагын талаарх судалгаа нь ихэвчлэн салбар дундын шинжтэй хийгдэж иржээ. Нутгийн өөрийн удирдлагын байгууллага нь иргэний нийгмийн нэг бүрэлдэхүүн бөгөөд үндсэн хуульд тунхагласан засгийн эрхийг иргэд бодитоор эдлэх, төрийн үйл хэрэгт шууд оролцох эрх нь хангагдах орчин юм хэмээн тодорхойлсон байдаг.
Холбогдох судалгааны бүтээлүүдээс харахад нутгийн өөрөө удирдах ёсны онолын сэтгэлгээ нь хэд хэдэн урсгал чиглэл болж хөгжсөн. Орчин үеийн судлаачид нутгийн өөрөө удирдах ёсны хөгжлийн онолыг дараах таван чиглэлд авч үзсэн байна. Үүнд:
1. Чөлөөт хамтлагийн (коммунити) онол.

2. Өөрийгөө удирдах аж ахуй ба нийгмийн онол: / The economic and public theory of local self-government/

3. Төрийн үүргийн онол: /Theory of state role/

4. Дуализмын онол /The theory of dualism/

5. Нийгмийн үйлчилгээний онол /Theory of social service/
Дэлхийн улс орнуудын нутгийн өөрөө удирдах байгууллагын туршлагыг дараах загварт хуваан авч үзэж болно. Үүнд:
1. Англисаксоны загвар:

2. Франц буюу эх газрын загвар

3. Герман болон зарим орны хэрэгжүүлсэн коммунны загвар

4. М.Голдсмит ба Г.Балдерсхайм нарын гаргасан Их Британи, АНУ-ын загвар

5. Нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даасан загвар (хуучнаар ЗХУ, Куба, Хятад)
Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил нь тухайн улс орны төрийн байгууламж, улс төрийн тогтолцооны хэв маяг, хэлбэр, иргэдийн аж төрөх ёс, зан заншил, уламжлал зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой харилцан адилгүй хөгжсөн байна. Мөн аль ч хэлбэр нь давуу болон сул талуудтай, амьдралд дангаараа хэрэглэгдэхгүй болох нь түүхэн хөгжлийн явцад тодорхой болсон байна. Тийм ч учраас дэлхийн улс орнууд тэдгээрээс өөрийн оронд аль нь үр дүнтэй, амьдралд нийцэх хэсгийг сонгон авч нутгийн өөрийн тогтолцоондоо тусгаж хэрэгжүүлсээр иржээ
Иргэдийн оролцоог иргэд санал бодлоо илэрхийлж шийдвэр гаргахад нөлөөлөх үйл явц гэж тодорхойлдог бөгөөд аливаа асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг дэмжин ажиллах, хамжилцан гүйцэтгэх, уг үйлд бие, сэтгэлээрээ байлцах, хамтран бүтээх гэсэн агуулгатай ойлголт юм. Иргэдийн оролцооны үе шат нь доороос дээш ахих тусам иргэдийн зүгээс нөлөөлөх нөлөөлөл нь улам бүр нэмэгддэг байна.
Монгол Улс ардчилсан засаглал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр 1992 оноос орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг шинээр тодорхойлох шаардлага гарсан. 2001 оны 11 сарын 9-ний өдөр Монголын нутгийн удирдлагын II их хурлаар Нутгийн өөрөө удирдах ёсны Монгол улсын тунхаг бичгийг баталсан. Уг баримт бичгийн 3-р зүйлд “Нутаг дэвсгэрийн аливаа нэгжид оршин суугчид өөрсдийн амьдрал аж ахуйд хамаарах бүхий л асуудлыг ардчилсан шууд, нууц, тэгш, тогтмол хугацааны, бүх нийтийг хамарсан сонгуулиар сонгон байгуулсан төлөөллийн байгууллаараа дамжуулан өөрсдийн итгэл үнэмшил, нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн хөрөнгө мөнгөнийхөө хэмжээнд, хууль тогтоох дээд байгууллагаас батлан гаргасан хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн зохицуулах эрх мэдлийг нутгийн өөрөө удирдах ёс хэмээнэ” гэж тодорхойлжээ.
Нутаг дэвсгэр бол аливаа төрийн чухал элемент учир түүний дотоод зохион байгуулалтын нэг чухал асуудал нь төрийн чиг үүргийг нутаг дэвсгэрээр хуваарилах явдал байдаг. Монгол улсын нутгийн өөрөө удирдах байгууллагын шинэ тогтолцоо нь үндсэндээ гурван үе шатыг дамжин хөгжиж иржээ:
1. 1992-2002 оны үе: Энэ үед социализмын үеийн тогтолцоог халж, хосолмол хэлбэрт суурилсан шинэ тогтолцоог бүрдүүлсэн болон орон нутагт төсвийг захиран зарцуулах эрх мэдлийг шилжүүлсэн байна.

2. 2003-2012 оны үе: Орон нутагт шилжүүлсэн төсвийн эрх мэдлийг буцаан төвлөрүүлж, нутгийн захиргааны үйл ажиллагааг өргөн хүрээтэй шинэчлэх зорилт тавьсан.
3 2013-2023 оны үе: Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн хөрөнгө хуваарилснаар хөдөө орон нутгийн иргэдийн идэвх сэргэж эхэлсэн.
Өнөөгийн нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үндэс нь төв засгаас хуваарилсан төсвийг хэрхэн захиран зарцуулах шийдвэрт иргэдийн оролцоог хамруулах тухай асуудал юм.
Шийдвэр гаргах үйл явцад иргэд ба төрийн бус байгууллагын оролцох хүрээ, боломж туйлын хязгаарлагдмал, тэдний санал зөвлөмжийг харгалзах эсэхийг шийдвэр гаргагчид үзэмжээрээ шийдэх хандлага маш түгээмэл ажиглагдсан байна гэж Монгол дахь Нээлттэй нийгэм хүрээлэнгийн 2006 оны бодлогын судалгааны тайланд дурдсан байна. Олон Улсын Мэрси Кор байгууллагаас явуулсан судалгааны дүнд
•Иргэдийн идэвх, сонирхол муу
•Мэдээллийн хүртээмж тааруу
•Иргэдийн хурлаар хэлэлцэх асуудлын хүрээ хязгаарлагдмал
•Төсвийн эрх мэдэл хомс, иргэдийн төлөөлөгчид иргэдтэйгээ холбоо султай гэх мэт олон талын шалтгаан бий хэмээн дурдсан байдаг.
Сонгогч иргэдтэйгээ хамтран ажиллаж, үйл ажиллагаандаа татан оруулах нь төрийн албан тушаалтнуудын зүгээс иргэдийн оролцоог хангах, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх болон иргэдийн хэрэгцээнд нийцэхүйц үйл ажиллагааг явуулах үйл явцынх нь нэгээхэн хэсэг юм. Мэдээлэл түгээх, түгээх, хүрч ажиллах замаар сонгогдсон төлөөлөл нь иргэдэд хүртээмжтэй байж, хамтран ажиллах, тэдний хэрэгцээг бүрэн дүүрэн мэдрэх боломжтой.
Нутгийн өөрийн удирдлага дахь иргэдийн оролцоонд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах зорилгоор Ховд аймгийн нийт 1000 орчим иргэдээс 76 асуулгатай судалгааг цахим болон цаасан хэлбэрээр хослуулан авсан. Судалгааны дүнгээс үзэхэд аймгийн төвийн оролцогчдын 45 хувь нь орон нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн уламжлалт эх сурвалж буюу орон нутгийн сонин, телевизээс авч байна. Аймгийн төвөөс хамгийн алслагдсан нутгийн судалгаанд оролцогчдын 33 хувь нь сошиал сүлжээгээр, 38 хувь нь аймаг орон нутгийн дарга, төлөөлөгчдийн ард иргэдтэй уулзах уулзалтаас, 29 хувь нь бусдын ам дамжсан ярианаас сураг төдий мэдээлэл авдаг болох нь харагдаж байна.
Судалгаанд оролцогчдын 38 хүртэлх хувь нь сумын түвшинд бодлого төлөвлөх шийдвэр гаргах үйл явцад дунд зэргийн оролцоотой, 14 хүртэлх хувь нь маш сайн оролцдог байна.
Судалгааны үр дүнгээс үзэхэд судалгаанд оролцогчдын
53.7 хувь нь иргэд өөрсдийн оролцоотойгоор шийдэгдэж байгаа үйл ажиллагааны үр дүнгээс бодит үр дүнг хүртдэг байх нь иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ хэмээн үзсэн байна. Мөн иргэдийн оролцоог урамшуулах тогтолцоог бүрдүүлэх, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил дээр илүү санаачилгатай ажиллах ёстой гэж судалгаанд оролцогчдын
22.4-
26.5 хувь нь үзсэн байна.
Нутгийн өөрөө удирдах ёсны асуудал нь улс төр, эдийн засаг, түүх, менежмент, төрийн удирдлага зэрэг шинжлэх ухааны судлагдахуунд зохих байрыг эзэлсэн олон талт, өргөн хүрээтэй ойлголт юм.
“Нутгийн өөрийн удирдлага дахь иргэдийн оролцоонд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ (Ховд аймгийн жишээн дээр)” сэдэвт энэхүү судалгаагаараа нутгийн өөрийн удирдлага дах иргэдийн оролцооны талаарх онолын болон эмпирик судалгааг хийн, иргэдийн оролцоонд нөлөөлөх хүчин зүйлсийн харилцан хамаарлын шинжилгээний зураглалыг гаргаж бодитой, үр дүнтэй оролцоог бий болгох боломжийг тодруулах нь энэ ажлын үндсэн зорилго юм.
Судалгааны зорилгод хүрэхийн тулд нутгийн өөрөө удирдах ёс, түүний судлагдсан байдал, нутгийн өөрийн удирдлагад оролцох иргэдийн оролцооны хэлбэрүүдийн талаарх олон улсын туршлагыг судалж тоймлох, иргэдийн оролцоонд нөлөөлөх хүчин зүйлсийг талаар эмпирик судалгаа хийж харьцуулах, нутгийн өөрийн удирдлага дах иргэдийн оролцооны эрх зүйн орчны шинжилгээ хийх, орон нутгийн түвшинд бодлого боловсруулж шийдвэр гаргах үйл явц дах иргэдийн оролцооны чиг хандлага хэрхэн өөрчлөгдөхийг судлах зорилтууд дэвшүүлсэн.
Судалгааны удиртгал хэсэгт судалгааны асуултууд, судалгааны зорилго, зорилтууд; нэгдүгээр бүлэгт судалгааны онол, арга зүй; хоёрдугаар бүлгийн судалгааны арга зүйн хэсэгт судалгааны загвар, судалгааны талбар, судалгааны оролцогчид, өгөгдөл цуглуулах арга хэрэгсэл, өгөгдөл цуглуулах үйл явц, өгөгдлийн задлан шинжилгээ, судалгааны ёс зүйн хэм хэмжээ, судалгааны ажлын хязгаарлалтуудыг; гуравдугаар бүлэгт Монгол Улсын нутгийн өөрийн удирдлага дах иргэдийн оролцооны өнөөгийн байдал болон Ховд аймгийн хэмжээнд хийсэн судалгааны үр дүн зэргийг авч үзсэн болно.
Бидний үзэж байгаагаар “Нутгийн өөрөө удирдах ёс гэдэг нь тухайн орон нутгийн уугуул иргэд, оршин суугчид өөрсдийн нутаг дэвсгэрийн хэмжээний асуудлыг өөрсдөө бие даан хэлэлцэж, шийдвэрлэх, татварын бодлогоор дамжуулж, нутгийн өөрсдийн төсвөө бүрдүүлэх, иргэдийн сонгуулийн байгууллагаар дамжуулж, нутгийн өөрийн удирдлагыг дангаараа буюу төрөөс шилжүүлсэн зарим чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх чадавх бүхий институц, ардчилсан нийгмийн илэрхийлэл мөн” гэж тодорхойлж байна.
Монгол Улсын хувьд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг иргэдийн чөлөөт ардчилсан шууд сонгуулиар байгуулагдсан төрийн бус статустай улс төрийн байгууллага гэж тодорхойлох хандлагатай байна. Манай орны хувьд нутгийн удирдлагад өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослох зарчим тунхаглагдсан байдаг ч хоёр хэлбэрийг хослох бус нэг нь удирдаж нөгөө нь оролцох хэлбэр байна.
Нутгийн өөрөө удирдах ёс нь ард түмний эрх мэдлийн хэвтээ хуваарилалтын бодит илэрхийлэл төдийгүй төрөөс (төвөөс) захирч, чиглүүлж оролцохгүйгээр зөвхөн нутгийн иргэд орон нутгийнхаа асуудлыг өөрсдөө бие даан шийдвэрлэх боломжийг хангасан эдийн засгийн төдийгүй эрх зүйн онцгой статус, ардчилсан ёсны чухал институц юм.
Нутгийн өөрөө удирдах ёсны асуудал бол судлагдахууны өргөн цар хүрээтэй нэн чухал сэдэв бөгөөд тухайлсан сэдвийн хүрээнд Нутгийн өөрийн удирдлага болон иргэдийн оролцооны чиглэлээрх судалгааныхаа үр дүнгээр дараах үйл ажиллагааг эрчимжүүлэх нь иргэдийн нийтийн хурал, түүнд оролцох иргэдийг оролцоог нэмэгдүүлэх боломжийг бий болгоно гэж үзэж байна. Үүнд,
1.Иргэдийн оролцоо хангах боломжийг нэмэгдүүлэхийн тулд багийн иргэдийн нийтийн хуралд оролцогсод болон багийн иргэдийг улирал тутам сургалт, мэдээллээр хангаж байх.

2.Багийн Иргэдийн Нийтийн хурлаас гаргасан шийдвэрийг ил тод нээлттэй болгож, биелэлтийг хангах, багийн нийт өрхөд хэрэгжилтийн тайланг тогтмол хүргэж, гарсан үр дүнд тулгуурлан дараа дараагийн шийдвэрт үндэслэл болгож, бодлого, шийдвэрийн залгамж чанарыг бий болгож ажиллах.

3.Багийн нийт иргэдийн оролцоог хангах үүднээс иргэдийн нийтийн хурлыг айл, өрхийн оролцоог хангаж жилд хоёроос доошгүй жишиг хурлыг зохион байгуулах.

4.Багийн Иргэдийн Нийтийн хуралд аймаг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийг тогтмол оролцуулж байх, засаг захиргааны анхан шатны нэгжид тулгамдаж буй асуудлаар гаргаж буй санал, санаачилгыг шат шатанд нь шийдвэрлэхэд нэгдсэн нэг ойлголт, байр суурьтай болох нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд анхаарах.
Сум, орон нутгийн удирдлагууд Иргэдийн Нийтийн хурлын ажлын уялдааг сайжруулах, орон нутгийн төсвийн төлөвлөлт, зарцуулалтад Иргэдийн Нийтийн хурлын санал, шийдвэрийг сайтар харгалзаж байх зэрэг асуудлууд нь нутгийн өөрийн удирдлагын байгууллагад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал алхам болно гэж үзсэн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 9

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 180
Сүүлийн сард 12
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :