Орчин үед төр, нийгэм, санхүү, эдийн засаг, худалдаа, аж үйлдвэр, цэрэг, батлан хамгаалах байгууллагуудын удирдлагын системийн чухал хэсэг болсон удирдлагын автоматжуулсан систем \УАС\-ийн найдвартай ажиллагааг хангах асуудал тулгамдсан асуудал болж байна.
Удирдлагын автоматжуулсан системийн боловсруулалт, дамжуулалт, хадгалалтын үндсэн объект нь мэдээлэл учраас орчин үеийн нийгмийн дэд бүтцийн хөгжилтэй холбоотой үүргүүдийн дотроос мэдээллийн нөөцүүдийг хамгаалах, тогтвортой байдлыг нь нэмэгдүүлэх шаардлага эн тэргүүнд тавигдаж байна.
Энэхүү судалгааны ажлаар цэргийн удирдлагын автоматжуулсан системд /ЦУАС/ ашиглагддаг мэдээлэл хамгаалах технологиудын судалгаа хийсэн бөгөөд ЦУАС нь мэдээлэл хамгаалах технологидоо криптографийн аргуудыг ашигладаг байна.
Диссертаци нь үндсэн гурван бүлэгтэй бөгөөд нэгдүгээр бүлэгт цэргийн удирдлагын автоматжуулсан системийн мэдээллийг хамгаалах онол практикт шинжилгээ хийсэн. ЦУАС-д орчин үед өргөн ашиглагдаж буй зарим технологийн шалгуур үзүүлэлтээр харьцуулсан шинжилгээ хийв.
Хоёрдугаар бүлэгт Монгол Улсын мэдээлэл хамгаалах технологийн найдвартай байдлын үнэлгээ хийж ЦУАС-ийн мэдээлэл хамгаалах технологиудын найдвартай байдалд үнэлгээ хийв.
Гуравдугаар бүлэгт ЦУАС-ийн мэдээлэл хамгаалах технологийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх боломж, арга замыг тодорхойлсон бөгөөд Офицер ахлагч нарыг ЦУАС-ийн мэдээлэл хамгаалах технологид сургаж, бэлтгэх арга замыг боловсруулсан. Бид судалгааны ажлын хүрээнд “Криптодайчин” нэртэй үндэсний мэдээлэл нууцлах зориулалттай цогц программ хангамж хөгжүүлсэн бөгөөд тус программ хангамжийг LAN, WLAN, холимог сүлжээнд туршиж үзэхэд сүлжээний болон программын илт алдаа заагаагүй болно. Бидний олон удаагийн туршилтын үр дүнг үндэслэн дээрх программ хангамжийг ЦУАС-ийн мэдээлэл хамгаалах технологид ашиглах бүрэн боломжтой нь харагдсан. Орчин үед найдвартай мэдээлэл хамгаалах технологид нэрлэгдэж буй Rijndael, Serpent, Twofish, Camellia, CAST6, RC6, Shacal2, Threefish технологиудад тулгуурлан хэрэглээний программ хангамж хөгжүүлсэн ба эдгээр мэдээлэл хамгаалах технологид харьцуулсан шинжилгээ хийхэд Twofish, CAST6, RC6 алгоритмууд орчин үеийн ЦУАС-д ашиглах бүрэн боломжтой нь бидний туршилтын үр дүнгээр харагдаж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0