Монгол дахь зэсийн хүдэр баяжуулах үйлдвэрийн хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөл, ажиллагсдын мэргэжлээс шалтгаалсан өвчин, түүний дарамтын судалгаа
Үндэслэл: Өнгөт металлын хүдэр олборлох, баяжуулах үйлдвэрлэлийн технологийн ажиллагааны явцад бий болсон ажлын байрны аюултай хүчин зүйлсийн үйлчлэл нь ажилтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, өвчин эмгэг үүсгэх, улмаар хөдөлмөрийн чадвар алдуулж, амь насаа алдах үр дагаварт хүргэдэг. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, ажиллах хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн хэдий ч нөгөө талаас мэргэжлээс шалтгаалсан болон хөдөлмөрийн чадвар түр алдах өвчлөл ихсэх хандлагатай байна. Эрдэнэт үйлдвэрийн ажлын байрны аюултай хүчин зүйлсийн үйлчлэлээс үүссэн мэргэжлээс шалтгаалсан өвчний судалгааны үр дүнгээс үзэхэд гуурсан хоолойн архаг үрэвсэлт өвчнөөр 371 (
44.2%), нуруу ууцны захын мэдрэлийн ёзоорын үрэвсэлт өвчнөөр 268 (
31.9%) тус тус байгаа нь анхаарал татаж байна.
Зорилго: Зэсийн хүдэр баяжуулах үйлдвэрийн ажлын байрны аюултай хүчин зүйлсийн үйлчлэлд ажилтнуудын өртөлт, мэргэжлээс шалтгаалсан өвчний хөдөлмөрийн чадвар алдалтаас үүсэх дарамтын судалгаа хийхэд оршино.
Судалгааны ажлын арга аргачлал: Судалгааг эргэмж болон агшингийн судалгааны үечилсэн загваруудаар хийж гүйцэтгэсэн. Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн эрүүл ахуйн лабораторийн 2009-2020 онд хийгдсэн хэмжилтийн дүнг (n=26355) баримтын аргаар, 2018-2020 оны цулцанд нэвтрэх тоосны (n=521), тоосонд агуулагдах талст цахиурын (n=221) сорьцыг стандарт арга, аргачлалын дагуу цуглуулан, шинжилгээг итгэмжлэгдсэн лабораторид хийж гүйцэтгэв.
Мэргэжлээс шалтгаалсан өвчний 1999-2019 онд тохиолдолд статистик дүн шинжилгээ хийж, өвчний улмаас алдагдсан амьдралын жил, эдийн засгийн хохирол, түүний дарамтыг эргэмж судалгааны загварыг ашиглан гүйцэтгэж, цуглуулсан мэдээ баримтыг боловсруулав.
Өгөгдлийн сан дахь мэдээллийг STATA
15.0 программруу хөрвүүлж, шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс, үр дагавар гэсэн хамаарлын дагуу статистик боловсруулалт хийж гүйцэтгэв.
Үр дүн: Ажлын байрнаас цуглуулсан нийт тоосны сорьцын
2.9% нь, ажилчдын амьсгалын түвшинд цуглуулсан уушгины цулцанд нэвтрэх тоосны сорьцын 5% нь, тоосонд агуулагдах талст цахиурын сорьцын
16.1% нь тус тус зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байв. Ажлын байр дахь тоосны өртөлт нэмэгдэх нь ажилтнуудын дунд мэргэжлээс шалтгаалсан гуурсан хоолойн архаг үрэвсэлт өвчний тохиолдлыг нэмэгдүүлж байна (r=
0.70, p=
0.0035). Энгийн регрессийн шинжилгээний үр дүнгээр тоосны өртөлт 1 мг/м3 хэмжээгээр нэмэгдэхэд мэргэжлээс шалтгаалсан гуурсан хоолойн архаг үрэвслийн тохиолдол 100 ажилтан тутамд
0.5 тохиолдлоор нэмэгдэж байна (p=
0.003, R2=
0.49).
Ажлын байр дахь шуугианы түвшинд хийсэн хэмжилтийн дүнгээр
35.3% нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс (85дБ) хэтэрсэн бөгөөд 1989-2019 онуудад сонсгол алдах эмгэг нийт 21 буюу 100 ажилтан тутамд
2.5 тохиолдол бүртгэгдсэн байна. Ялангуяа хэвчин, хольц бэлтгэгч, бутлуурчин, шигшүүрчин, металл эдлэл цэвэрлэгч, токарьчин зэрэг ажил мэргэжлийн ажилтнууд нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн шуугианд өртөж байна (p=
0.0001).
Уул уурхайн экскаватор, өрмийн машинч, белаз зэрэг хүнд машин механизмын жолооч, метал эдлэл цэвэрлэгч, хэвчин, хольц бэлтгэгч, бутлуурчин, шигшүүрчин зэрэг технологийн тоног төхөөрөмжийн машинч нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс (50дБ) хэтэрсэн биед дамжих доргионы нөлөөлөлд өртөж байна. Эрдэнэт үйлдвэрийн ажлын байр дахь доргионы үйлчлэлээс шалтгаалсан ажилчдын бүсэлхий нурууны мэдрэлийн ёзоор сүлжээний эмгэгээр 2009-2019 онуудад нийт 247 буюу 100 ажилтан тутамд
29.5 тохиолдол бүртгэгдсэн.
Эрдэнэт үйлдвэрт 1999-2019 онд бүртгэгдсэн нас барсан ажилчдын дунд мэргэжлээс шалтгаалсан тоосны шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэлт өвчний оноштой байсан 635 (
33.8%), нуруу ууцны мэдрэлийн судлын ёзоорын үрэвсэлт эмгэгээр 495 (
26.4%), дээд мөчний үений үрэвсэлт өвчнөөр 138 (
7.4%), уушги тоосжих өвчнөөр 89 (
5.9%), хөлийн хөх судас бүдүүрэх эмгэгээр 23 (1.5%), сонсгол буурах эмгэгээр 28 (1.9%) тус тус мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас амьдралын жилийг алдсан (YLL) байна.
Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дунд 1999-2019 онд мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тоосны шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэлт өвчнөөр 30730 (
43.3%), нуруу ууцны мэдрэлийн судлын ёзоорын үрэвсэлт эмгэгээр 19031 (
26.8%), химийн бодисын архаг хордлогоор 7060 (
9.9%), хөлийн хөх судас бүдүүрэх эмгэгээр 4731 (
6.7%), дээд мөчний үений үрэвсэлт өвчнөөр 4449 (
6.2%) тус тус хөдөлмөрийн чадварын улмаас амьдралын жилийг (YLD) хамгийн ихээр алдсан байна.
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа нэмэгдэх тусам нөхөн төлбөрийн хэмжээ нэмэгдэж байгааг энэхүү судалгааны үр дүнгээр тогтоолоо. Мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих өвчнөөр өвчилсөн ажилчдад хамгийн их нөхөн олговор олгожээ.
Дүгнэлт: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд нь ажлын байр дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн уушгины цулцанд нэвтэрдэг тоос, талст цахиур, шуугиан, доргионы нөлөөлөлд өртөн ажиллаж байгаа нь мэргэжлээс шалтгаалах өвчин үүсгэхэд хүргэж байна. Ажилчид мэргэжлээс шалтгаалсан тоосны шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл, бүсэлхий нурууны мэдрэлийн сүлжээний ёзоорын үрэвсэлт эмгэгийн улмаас хамгийн их амьдралын жилийг алдаж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 9
Ишлэгдсэн тоо : 0