Нулимсны хонхрыг хамрын хөндийтэй холбох замын бүтцийн хувилбарууд дакриоцисториностоми мэс заслын үр дүнд нөлөөлөх нь
Үндэслэл: Насанд хүрэгсдийн нулимс гоожих гол шалтгаан болох хамар-нулимсны цоргоны анхдагч бөглөрлийн үед хийгддэг үндсэн мэс засал нь дакриоцисториностоми юм. Нулимсны хонхрыг бүрдүүлэгч ясны хэмжээ, уг хонхрын харалдаа байрлах дэгээ сэртэн, хамрын дунд хясаа, самалдгийн урд сархиаган хөндийн бусад ястайгаа холбогдох байршил зүйн хувилбаруудыг судлан тогтоох нь мэс заслыг гэмтэл багатай хийх, хүрцийг чөлөөлөх, мэс ажилбарыг үр дүнтэй болгоход чухал ач холбогдолтой. Иймд бид нулимсны хонхрын бүтэц, байршил зүй түүний олон янз байдал нь дурангийн мэс заслын үр дүнд нөлөөлдөг эсэхийг Монгол хүнд судлан тогтоох зорилго тавилаа.
Зорилго: Монгол хүний нулимс дамжуулах замын бүтэц, байршил зүйн хувилбаруудыг тодорхойлж уламжлалт болон дурангийн дакриоцисториностоми мэс заслын үр дүнг харьцуулан судлах.
Материал, арга зүй: Судалгаанд нийт 584 үйлчлүүлэгчийг оролцуулан мэс засал хийлгэсэн болон харьцангуй эрүүл бүлгийн харьцаа 1:1 байхаар тооцож санамсаргүй түүврийн аргаар сонгон авлаа. Нулимсны хонхрыг хамрын хөндийтэй холбох замын бүрдэл, байршил зүйн хувилбаруудын хэмжээг компьютерт томографийн шинжилгээгээр, уламжлалт болон дурангийн мэс засал хийлгэсэн үйлчлүүлэгчийг 6 сарын турш дагаж, үзлэг шинжилгээ хийн судалсан. Нулимсны суваг угаах сорилоор чөлөөтэй бол мэс засал амжилттай, саадтай бол дахин бөглөрсөн гэж тооцсон. Мэс заслын дараах зовуурь, сэтгэл ханамжийг үнэлдэг Lac-Q олон улсын стандарт асуумжийг ашиглан мэс засалд орсон үйлчлүүлэгчдээс асуумж авч 2 бүлэгт харьцуулан судаллаа.
Үр дүн: Судалгаанд оролцогсдын дундаж нас
63.10±
11.30 жил, хүйсийн харьцаа 2 бүлэгт статистикийн хувьд ялгаагүй байв (P=
0.091). Мэс засал амжилттай болсон бүлэгт хоншоор ясны духны сэртэнгийн зузаан
4.41±1.96 мм, дахин бөглөрсөн бүлэгт харьцангуй зузаан
4.97±1.04 мм тодорхойлогдсон (P<
0.05). Нийт тохиолдлын
94.5%-д хамрын дунд хясаа нулимсны хонхрын харалдаа, хааж байрласан хувилбар илэрсэн ба үлдсэн цөөн тохиолдолд нулимсны хонхрын арын заадаснаас хойш орших хувилбар тодорхойлогдсон. Мэс засал амжилттай болсон бүлгийн 82%-д дэгээ сэртэн, 79%-д урд сархиаган хөндий нулимсны хонхрын харалдаа бэхлэгдсэн хувилбар илэрсэн бол дахин бөглөрсөн бүх тохиолдолд дээрх бүтцийн хувилбарууд илэрсэн (P<
0.05). Нулимсны хонхрыг бүрдүүлэгч хоншоор ясны духны сэртэнгийн зузаан нь хамар ясны өндөртэй урвуу хамааралтай байна (P<
0.05). Мэс засал үргэлжлэх дундаж хугацаа дурангийн мэс заслын бүлэгт
10.22±
6.13 минут, уламжлалт мэс заслын бүлэгт
28.51±
10.52 минут байсан ба бүлгүүдэд статистикийн хувьд ялгаатай байна (P<
0.05). Мэс засал амжилттай болсон хувь дурангийн бүлэгт
96.5%, уламжлалт бүлэгт
93.8% байсан бөгөөд бүлэг хоорондын ялгаа ажиглагдсангүй (P=
0.85).
Дүгнэлт:
1.Нулимсны хонхор, хамар-нулимсны сувгийн бүрдэлд ордог хоншоор ясны духны сэртэн харьцангуй зузаан, энэ нь хамрын өндөртэй урвуу хамааралтай, нас, хүйс болон бүлгүүдийн хооронд ялгаагүйг Монгол хүнд тодорхойлов.
2.Нулимсны хонхрыг бүрдүүлэгч хоншоор ясны духны сэртэн зузаан, дэгээ сэртэн, хамрын дунд хясаа, самалдаг ясны урд сархиаган хөндий зэрэг бүтцүүд нулимсны хонхрын харалдаа хааж байрлах нь дакриоцисториностоми мэс заслын үр дүнг бууруулж байна.
3.Дурангийн дакриоцисториностоми мэс заслын үр дүн нь уламжлалт мэс заслын аргаас ялгаагүй, сэтгэл ханамж өндөр, мэс заслын үргэлжлэх хугацаа богино, дахих эрсдэлээс зайлсхийх бүрэн боломжтой байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 20
Ишлэгдсэн тоо : 0