Монгол улсад анх удаагаа бүрэлдэн бий болж байгаа Их сургуулийн эмнэлгийн тогтолцооны үед, судлаач миний бие, эмнэлгийн мэргэжилтний, түүний дотор хүний их эмчийг мэргэшүүлэх сургалтын нөхцөл байдлын судалгааг хийн, түүндээ үндэслэн чадамжид суурилсан хөтөлбөр боловсруулж, суралцагч эмчийн эмнэл зүйн чадамжийн ахицыг үнэлэх 3 үе шаттай судалгааг 2016-2021 онд хийв. Манай оронд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт зохион байгуулах эрх зүйн орчин бүрдэж, 60 гаруй жил хөгжжээ. Энэ хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүний их эмчийг мэргэшүүлэх сургалтын өнөөгийн нөхцөл байдлын судалгааны үр дүнд тулгуурлан тулгамдаж буй асуудлыг тодорхойлбол:
●Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт нь эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжил, өнөөгийн бодит эрэлт, хэрэгцээ шаардлагыг зарим талаар бүрэн хангахгүй байна.
●Бэлтгэгдсэн нийт эмч, төрөлжсөн нарийн мэргэшлийн эмчийн харьцаа өндөр байгаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийн зарчим алдагдсаныг харуулж байна.
Иймд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх үүднээс их эмчийн төгсөлтийн дараах сургалтыг ДЭМБ-аас тавьж буй нийтлэг шаардлагад нийцүүлэн чанартай зохион байгуулах шаардлага зүй ёсоор урган гарч байна. Ерөнхий мэргэшил судлалаар суралцагч эмчийн эзэмшвэл зохих цогц чадамжийг олон улсын жишиг болон өөрийн орны хүний их эмчийн мэргэшүүлэх сургалтын нөхцөл байдлын судалгаанд үндэслэн тодорхойлов. Сургалтаар зайлшгүй таньж мэдэх 22 шинж тэмдгийг ялган оношилж, анхан шатны эмчилгээг эхлүүлэх, гардан үйлдлийн 11-14 чадварыг биечлэн гүйцэтгэж, туршлага хуримтлуулах боломжтой болж байна. Эмнэл зүйн цогц чадамжид суурилан, өөрийн орны хүн ам зүйн онцлогийг харгалзсан хүний их эмчийг мэргэшүүлэх чадамжид суурилсан хөтөлбөрийн нэгэн хувилбарыг боловсруулав. Төгсөлтийн өмнөх сургалтын агуулгын залгамж холбоог хангаснаар суралцагч эмч зонхилон тохиолдох эмнэл зүйн асуудлыг мэргэжлийн түвшинд өөртөө итгэлтэйгээр шийдэх, практик ур чадвар төлөвших нөхцөл бүрдүүлж байна гэж үзлээ.
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг суралцагч эмчийн эмнэл зүйн асуудлыг бие даан шийдвэрлэх чадварын эзэмшилтээр судалсан. Суралцагчдын анхан шатны эмчилгээг бие даан эхлүүлэх чадамжийн түвшин сургалтын эхэнд дунджаар
62.2% байсан бол сургалтын эцэст
78.3% болж 16,1 хувиар ахисан. Бие даан гүйцэтгэх чадварын ахицыг Т-тестээр үнэлэхэд ерөнхий үнэлгээ t = -
9.967, р= .000 гарсан нь статистикийн үнэн магадлалын шинжүүрээр ач холбогдол бүхий түвшинд тодорхой ахиц гарсныг нотолж байна. Мөн хөтөлбөрийг амжилттай дүүргэх үед суралцагч эмч нарын бие даан хийх түвшиний ахиц гардан хийх нийт 14 үйлдлийн 12-т нь 15 хувиас дээш өсөлттэй байна. Сургалтын эхэнд болон төгсгөлд гардан гүйцэтгэх чадварыг АНОВА шинжилгээгээр үнэлэхэд p=.717, p=.031 байгаа нь ахиц гарсныг гэрчилж байна.
Суралцахуйн үр дүн нь суралцагч эмчийн өөрийн үнэлгээ, сургагч багш нарын үнэлгээний дүнтэй нийцэж байгаа нь бидний боловсруулсан сургалтын хөтөлбөр хүний их эмч мэргэжилтний цогц чадамж төлөвшихөд тодорхой хувь нэмэр оруулж байна гэсэн дүгнэлтэд хүргэлээ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0