Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

“XV-XIX Зууны Монгол ба Солонгос: түүх, эх сурвалжийн шинжилгээ



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4566
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : монголын эзэнт гүрний дараах үе, монгол, чосөнь улс, мин улс, чин улс, түүхийн сурвалж, харилцаа

Аннотаци

Монголын эзэнт гүрний дараах үе буюу XV-XIX зууны Монгол-Солонгосын харилцааны түүх нь нэгдсэн байдлаар, хангалттай судлагдаагүй шинэ сэдэв юм. Тиймээс энэ сэдвийг улируулан судалж, нэгтгэн дүгнэх ажлыг хийв. Бидний судалгааны үр дүнд дараах зүйлс тодорхой болов. Монгол, Солонгос хоёр орны харилцаа нь Хүннү хийгээд Эртний Чосөнъ улсын харилцаанаас эхтэй, өнө эртний харилцаа бөгөөд XIII-XIV зууны Монголын эзэнт гүрний үед хамгийн оргил үедээ хүрч, тэрхүү харилцааны ул мөр, нөлөө нөлөөлөл асар их ажээ. Харин XIV зууны сүүлчээс эхлэн Монгол-Солонгосын төр засгийн төвшний харилцаа үндсэндээ тасарсан боловч, XV-XIX зууны үед Монгол улс Солонгосын Чосөнъ улстай цэрэг, батлан хамгаалахын талаар харилцан холбогдсон тохиолдол хэдэнтээ гарч байжээ. Мөн түүнчлэн, хоёр улсын хооронд соёл, хүмүүнлэг, эдийн засгийн харилцаа тодорхой хэмжээнд явагдаж байсан агаад Чосөнъ улсын “4-дөгч хөрш” нь Монгол байсан гэсэн саналыг дэвшүүлж байна. Ийнхүү хоёр орны харилцаа, хэлхээ холбоо хэдэн зууны турш үргэлжилсэн нь бодит хэрэгцээ шаардлагаас гадна түүхэн ой санамжтай холбоотой.
Өгүүлэн буй үед монгол, солонгосчууд бие биеийн талаар тодорхой ойлголт төсөөлөлтэй байжээ. Солонгос сурвалжийн цөөн мэдээнээс үзэхэд, XV-XVI зууны үед монголчууд Чосөнъ зэрэг нангиад бус угсаатныг өөрсдийн төрөл хэмээн дотночилж үздэг байсан ажээ. Харин Манжийн эрхшээлийн үед Монголын сэхээтнүүд Чосөнъ улсын талаар тодорхой ойлголттой байж ном судартаа товч боловч тусгаж иржээ.
Харин Монголын талаарх чосөнъчүүдийн ойлголт XV зуунаас XX зууны эхэн хүртэл хувиран өөрчлөгдөөгүй тогтвортой байсан агаад монголчуудын талаарх ерөнхий ойлголт төсөөлөл нь “хүчирхэг Монгол” байжээ. Монголчууд харьцангуй сулран доройтож, Чин улсын эрхшээлд орсон хойно ч Монголын тухай чосөнъчүүдийн төсөөлөл урьдын хэвээр байж, монголчууд их хүчирхэг, хэзээ мөдгүй Чин улсыг түлхэн унагаана хэмээн үзсээр байв.
Монгол-Солонгосын харилцаа нь XV-XIX зууны үед ч бүрмөсөн тасралгүй явсаар XX зууны эхэнтэй золгосныг бид судалгаагаараа тодруулснаар Монгол, Солонгос нь 2000 гаруй жил тасраагүй өнө эртний харилцааны уламжлалтай улсууд болох нь тогтоогдлоо. Ийм эртний бат суурьтай харилцааны уламжлал тасралгүй явсаар 1990 он хүрсэн нь Монгол Улс-БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа бараг бүхий л салбарт маш өндөр төвшинд хүрэх үндэс суурь нь болжээ.
Нөгөөтээгүүр, Солонгосын Чосөнъ улсын албан түүхийн хамгийн гол 3 сурвалжаас XV-XIX зууны Монгол-Солонгосын харилцаа болон Монголтой холбоотой мэдээ баримт 700 гаруй илэрч олдов. Тэдгээр нь гуравдагч этгээдийн байр сууринаас бичигдсэн, үнэн бодтой бөгөөд зарим нь бусад ямар ч сурвалжид гардаггүй ховор чухаг мэдээ баримт байна. Эдгээр нь XIV-XIX зууны Монголын түүхийг судлахдаа, хятад, манж, орос зэрэг харь хэлний сурвалжид голчлон тулгуурладаг байсныг эргэн харж, нарийвчлан нягтлах боломжийг олгож байгаагаараа ач холбогдолтой юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 106
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :