Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Цаг уурын гамшигт үзэгдлийн хүн амд үзүүлэх нөлөөллийн судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4567
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : цаг агаар, аюул, хүний аюулгүй байдал, цаг агаарын гамшгийн эрсдэл, хүчтэй салхи шуурганы эрсдэлийн үнэлгээ

Аннотаци

Хүний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдлын хамгийн чухал асуудал юм. Хүмүүс болон тэдний хүрээлэн буй орчныг хамгаалахын тулд тусгай мэргэжлийн салбарыг бий болгох үндэслэлтэй шаардлага улам бүр нэмэгдэж байна. Хүний аюулгүй байдлыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны тайланд "хүмүүсийн эрх чөлөө, нэр төртэй, ядуурал болон айдсаас ангид амьдрах эрх" гэж тодорхойлсон байна.
НҮБ-ын 1994 оны Хүний хөгжлийн тайланд дурдсанаар байгаль орчны аюулгуй байдал нь хүний аюулгүй байдлын үндсэн хүчин зүйл юм. Байгалийн гамшиг улс орны аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж, сүүлийн жилүүдэд, ялангуяа уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаарын гамшигт үзэгдлийн давтамж, хор хөнөел нэмэгдэж, хүний аюулгуй байдалд аюул учруулах болсон.
Дэлхийн цаг уурын байгууллагын судалгаагаар сүүлийн 50 жилд цаг агаар, уур амьсгал, устай холбоотой 11 000 гаруй гамшиг тохиолдож, 2 сая буюу өдөрт 115 хүн нас бардаг байна. Манай улсад цаг агаарын аюулт үзэгдэл жилд дунджаар 63 удаа тохиолддог бол сүүлийн 10 жилд 1.6-
2.8 дахин нэмэгджээ. Ялангуяа үер ус, салхи шуурга, аянга цахилгаан зэрэг гэнэтийн үзэгдлийн тоо хурдацтай нэмэгдэх хандлагатай байна.
Манай улсад сүүлийн 20 жилд цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас нийт 522 хүн амь насаа алдаж,
15.6 сая толгой мал хорогдож,
111.6 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Цаг уурын гамшгаас үүдэлтэй хүн амын амь нас, эрүүл мэнд, орон гэргуй болсон тохиолдлын дийлэнх нь зуд, ган гачиг биш, харин хүчтэй салхи, шороон болон цасан шуурга, аадар бороо, аадар цасан шуурга зэрэг цаг агаарын аюулт үзэгдлээс
шалтгаалж байна.
Цаг агаарын аюулт үзэгдэл дотор хүчтэй салхи шуурга хамгийн олон давтагддаг бөгөөд давтагдал нь өсөх хандлагатай байна. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдагсдын
45.1 хувь, малын хорогдлын
70.1 хувь нь хүчтэй салхи шуурганы аюулт үзэгдлээс болж байна.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Алсын Хараа-2050 Монгол Улсын урт
хугацааны хөгжлийн хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүд болон Гамшгаас хамгаалах тухай хууль болон Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулиудад цаг агаарын аюулт үзэгдлийн эрсдэлийг бууруулах бодлого арга хэмжээг тусгаж өгсөн байна.
Цаг агаарын аюулт үзэгдлээс хүн амд эрсдэл учруулж болох хүчин зүйлсэд цаг агаарын аюулт үзэгдэл, түүний шинж чанар, нийгэм-эдийн засаг болон улс төрийн нөхцөл, шинжлэх ухаан технологийн дэвшил зэрэг маш өргөн хүрээний олон зүйлс багтаж байдаг. Цаг агаарын гамшгийн эрсдэлийг бууруулах, дасан зохицох нэгэн хүчирхэг арга зам бол эрт сэрэмжлүүлэх огтолцоо юм. Эрт сэрэмжлүүлэх тогтолцоо нэвтэрснээр дэлхий нийт хүний амийг аврах тал дээр сүүлийн жилүүдэд нэлээд ахицтай ажиллаж байна.
Цаг уурын салбарын судлаачид судалгааны ажлууд хийж, технологи аргазүйн шинэчлэл тасралтгүй явуулж,суперкомпьютерын технологийг нэвтрүүлэх, өртөө, харуулыг автоматжуулах, ажиглалтын сүлжээг өргөтгөх, хиймэл дагуулын олон сувгийн мэдээг боловсруулж ашиглах, радарын тоог нэмэгдүүлэх, интернэтийн хурдыг сайжруулах, өндөр ялгах чадвартай камеруудыг орон нутагт суурилуулах, орон нутгаас ирэх цаг уурын автомат станцын мэдээг 5 минут тутамд хүлээн авч боловсруулах зэрэг ажлын үр дүнд цаг агаарын
урьдчилсан мэдээ жилээс жилд чанаржиж байна.
Цаг агаарын мэдээгээр олон нийтийг үйлчлэхэд цахим хуудас, олон нийтийн сүлжээ, интернэтэд суурилсан студи, гар утас идэвхтэй ашиглахаас гадна ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа нь сэрэмжлүүлэх мэдээ иргэдэд хурдан шуурхай хүрэх боломж илт сайжирсан байна.
PESTLE шинжилгээний үр дүн манай улсад эрт зарлан мэдээлэх тогтолцоог хөгжүүлэхэд Хууль эрх зүйн
болон Техник технологийн орчин боломжийн хэмжээнд бүрдсэн байгаа бол Эдийн засаг ба Улс төрийн орчин
сөргөөг нөлөөлж болзошгүй байгааг харуулсан. Давидсоны хамаарлыг баримтлан Монгол Улсын бүх сум, дүүргийн хэмжээнд хүчтэй салхи, цасан шуурга ба шороон шуурганы эрсдэлийн үнэлгээг хийхэд хүчтэй салхины эрсдэл Говь-Алтайн Тонхил, Халиун, Цогт сумдад "маш их", Говь-Алтайн Бугат, Шарга, Бигэр, Өмнөговийн Ханхонгор, Баян-Өлгийн Өлгий, Толбо, Өвөрхангайн Есөнзүйл сумдад "их", шороон шуурганы эрсдэл Өвөрхангайн Богд, Баян-Өндөр, Баруунбаян- Улаан, Гучин-Ус, Говь-Алтайн, Цогт, Халиун, Өмнөговийн Ханхонгор сумдад "их", цасан шуурганы эрсдэл
Өвөрхангайн Баян-Өндөрт "их" гарав. Оросын эрдэмтэн Н.В. Кобышевагийн аргаар эрсдэлийн үнэлгээ хийхэд хүчтэй салхи шуурганы нийгмийн
эрсдэл Улаанбаатар хот, Говьсүмбэр, Баян-Өлгий, Дархан-Уул аймгуудад хамгийн өндөр байгаа нь хүн амын нягтрал, цаг уурын өртөөний тоо болон аюулын магадлалаар тайлбарлагдаж байна. Хөвсгөл аймгаас бусад бүх аймагг эрсдэлийн магадлал хэт их буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байна. Эрсдэлийн магадлал
Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Баян-Өлгий, Сүхбаатар аймгуудад хамгийн өндөр гарав.
Хүн төрөлхтөн агаарын урсгалыг удирдаж аюулыг арилган, зайлуулах боломжгүй тул түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг ашиглан аюулыг урьдчилан илрүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, даван туулах чадавхыг бий болгох, тэсвэрлэж үлдэх, дасан зохицох, өөрчлөн байгуулах, хөрөнгө оруулах гэх зэрэг арга хэмжээг авч болно.
Хүний хэрэгцээ, амьдрах орчин нөхцөл нийцсэн, орон нутгийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн оролцоотойгоор бий болгосон, хүн төвтэй эрт сэрэмжлүүлэх системийг хөгжүүлэх нь зүйтэй. Үнэлгээнд суурилсан эрсдэлийн мэдлэг, аюулыг хянах, урьдчилан илрүүлэх, олон нийтэд сэрэмжлүүлэх мэдээ түгээх технологи, хариу арга хэмжээ, бэлэн байдал зэрэг нь бүгд хүн төвтэй эрт зарлан мэдээлэх системийн бүрдэл юм.
Цаашид цаг уурын гамшиг хүний сэтгэл зүй, ядуурал, хүн амын нягтрал, эрүүл мэнд, хүний хөгжилд хэрхэн
нөлөөлж буй талаар бие даасан судалгаа хийхээр төлөвлөж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 114
Сүүлийн сард 15
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :