Модны ишний жилийн цагирагийн өсөлт ба түүний анатомийн бүтцэд уур амьсгалын хүчин зүйлсийн нөлөөллийг тодорхойлох судалгааг Дархан цаазат Богдхан уулын зүүн хэсгийн шинэсэн (Larix sibirica Ldb) ойн жишээн дээр ойт хээрийн шилжилтийн бүсийг төлөөлүүлэн явуулав. Судалгааны бүс нутгийн уур амьсгалын үзүүлэлтийн олон жилийн чиг хандлагыг 1965-2007 оны хугацаанд тодруулан авч үзэв. Энэ үед жилийн хур тунадасны хэмжээ харьцангуй тогтвортой байгаа боловч агаарын темпратур жилд дунджаар 1.5 К-ээр нэмэгдсэн нь хуурайшилтыг ихэсгэх үндсэн нөхцөл болсон. Бидний судалгааны үр дүнгээс үзэхэд жилийн цагирагийн өсөлт нь тухайн жилийн VI сарын хур тунадас, өмнөх жилийн намрын хур тунадасны хэмжээнээс шууд хамаарч байгааг тогтоосон болно. 100-аас дээш настай моддын хувьд жилийн цагирагийн өсөлт өмнөх жилийн VII сарны агаарын темпратуртай эсрэг хамааралтай байгаа нь тодорхойлогдсон.
Модны диаметрийн жилийн өсөлт XII сарын цасны хэмжээтэй сөрөг хамааралтай байгаа бөгөөд энэ нь зузаан цасан бүрхүүл тухайн бүс нутгийн хувьд модны өсөлтөнд хамгийн их нөлөө үзүүлдэг өрөөсгөл хүр эрвээхэйн өндөгний өвөлжилтөнд эерэг нөлөө үзүүлдэгээр тайлбарлагдана. Модны ишний анатомийн бүтцийн өөрчлөгдлийг 11 төрлийн ангиллаар ялган шинжилгээ хийхэд хамгийн их хувьсалтай байгаа нь хэвийн болон харьцангуй өргөн оройн модлог бүхий жилийн цагирагийн тоо бөгөөд тогтвортойгоор багасаж байгаа нь ургамал ургалтын хугацааны 150 С-аас дээш температур бүхий өдрийн тоо болон богино хугацааны гангийн давтамжаас шалтгаалж байгааг тогтоов. Нэмэгдэж байгаа гангийн давтамж нь модны ишний жилийн цагираг үүсэхгүй байх нөхцлийг бүрдүүлж байна.
Монгол Алтайн нуруу түүний орчмын бүс нутаг нь 2000-3000 жилийн тэртээгээс нүүдэлч-малчдын соёл иргэншлийн томоохон түшиц нутаг болон ашиглагдсаар иржээ. Энэ нутгийн ой харьцангуй өндөрт өргөгдсөн буюу д.т.д. 2300 м-ээс дээш тархах бөгөөд өндөр уулын болон хээрийн бүсийн шилжилтийн хил дагуу өөр хоорондоо тусгаарлагдсан алаг цоог тархалттай төдийгүй малын бэлчээрлэлтэнд их хэмжээгээр ашиглагдаж байгаа өвөрмөц шинжтэй ажээ. Төв Азийн энэхүү бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн дулаарлын дундаж хэмжээнээс харьцангуй илүү дулаарч байгаа бүс нутгуудын нэг билээ. Түүнчлэн, Монгол улсын хэмжээгээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн системд шилжиж мал хувь хүмүүст ирснээр 1990 оноос эхлэн иргэдийн газар ашиглах дадал маш ихээр өөрчлөгдөж ирсэн. Үүний нэг тод илрэл нь ойгоос системгүйгээр дураараа мод огтолж ашиглах болсон явдал юм.
Энэхүү ажлын хүрээнд бид уур амьсгалын дулаарал ба мод огтлолтын нөлөөгөөр модны жилийн цагирагийн өсөлт, ойн бүтэц хэрхэн өөрчлөгдөж байгааг тодруулахыг зорьсон болно. Уур амьсгалын дулаарал болон малчдын газар ашиглах явц модны ишний жилийн өсөлтөнд хэрхэн нөлөөлж байгааг нийтдээ 1800 гаруй шинэс (Larix sibirica Ldb) модны өрөмдөж авсан дээжинд шинжилгээ хийх замаар тодорхойлсон болно. Модны өсөлтийн хувьд эрс ялгаатай бүлгүүдийг ангилахдаа төсөөтэй байдлын шинжилгээ болон хэмжилтийн нэгжгүй олон олон талт хэмжүүрийн (non-metric multidimensional scaling) шинжилгээг ашигласан. Модны өсөлтийн олон жилийн явц түүний чиг хандлагыг тодорхойлохдоо ялгаатай насны бүлгүүдийн хувьд тухайн нутгийн модны өсөлтийн муруйг гаргаж тодорхойлсон болно. Уур амьсгалын олон жилийн үзүүлэлтүүд ба модны жилийн цаграгийн өсөлтийн хэмжээний шинжилгээгээр агаарын температур нэмэгдэх явдал нь модны өсөлтөнд эерэг нөлөөтэй байгааг харуулж байна. Ургамал ургалтын хугацааны эхэн, зуны эхэн үеийн агаарын температурын нэмэгдэлт, мөн өмнөх жилийн хаврын хур тунадасны хэмжээнээс шууд хамаарч байгаа нь тодорхойлогдлоо. Ойн хөдлөлзүй хүний үйл ажиллагааны нөлөөгөөр ихээхэн өөрчлөгдсөн байна. Тухайлбал, системгүй мод огтлолтын нөлөөгөөр судалгааны бүс нутгийн хувьд хоорондоо эрс ялгаатай өсөлтийн 22 чиг хандлага бүхий бүлгүүд ялгарсан. Жилийн цагирагийн судалгааны үр дүнд тухайн нутагт 1935 оноос эхлэн тодорхой хэмжээний огтлолтууд хийгдэж байсан боловч, 1990 оноос хойш энэ байдал маш ихээр нэмэгдэж ирснийг илтгэж байна.
Учир нь модны хожуулын тоо болон амьд моддын тооны харьцаа нь ой дотор 2:1, харин ойн захад
0.9:1 байгаа бөгөөд ихэнх огтлолт сүүлийн 20 жилийн туршид хийгдсэн болох нь тодорхойлогдлоо. Мөн түүнчлэн нутгийн иргэдийн зуслангийн нягтшил болон модны хожуул ба амьд моддын тооны харьцаа гэсэн үзүүлэлтүүдийн хамаарал өндөр байгаа нь тогтоогдсон. Монгол Алтайн нурууны судалгааны энэхүү бүс нутагт ойн сан их хэмжээгээр хорогдож байгааг харуулж байна.
Монгол Алтайн нурууны ой хээрийн шилжилтийн бүс болох хээртэй хиллэн оршдог Сибир шинэсэн (Larix sibirica Ldb) ойн одоо ба өнгөрсөн хугацааны сэргэн ургалтын явцыг судалж үзсэн болно. Энэхүү бүс нутгийн агаарын жилийн дундаж температур 1940 оноос хойш
2.10С-ээр нэмэгдэж байгаа төдийгүй ойн сан нутгийн иргэдийн малын бэлчээрлэлтийн үндсэн нөөц газар болон ашиглагдаж байна. Өнгөрсөн хугацааны ойн сэргэн ургалтын явцыг модны ишний жилийн цагирагийн шинжилгээнд үндэслэн сэргээн босгосон ба одоогийн сэргэн ургалтын явцыг ойн дэвсгэрт тоологдож байгаа цухуйц, хөрсний үрийн нөөц мөн жижиг хэмжээтэй модны тоогоор тодорхойлов.
Ойн сэргэн ургалтын явц ХХ зуун улмаар ХХI зууны эхэн хүртэлх хугацаанд ой дотор тодорхой хэмжээгээр явагдсан ба харин ойн зах орчимд 1970 оноос хойш эрс буурчээ. Жижиг хэмжээтэй моддын нягшил нь ойн зах орчмын малын тоо толгойн нягтшилаас ойд шугаман хамаарлаар, харин ойн зах орчимд экспоненциалаар буурч байгаа нь тодорхойлогдсон.
Дийлэнх жижиг моддын хувьд ямар нэг хэмжээгээр малын бэлчээрлэлтэнд өртөн идэгдэж гэмтсэн байхад ойн зах орчимд 1-2 настай шинэсний цухуйцын тоо нэмэгдсэн болох нь тодорхойлогдов. Энэ нь малын бэлчээрлэлтийн нөлөөгөөр өвслөг ургамал багасаж энэ нь модны үр соёолж ургах нөхцлийг нэмэгдүүлсэнтэй, нөгөө талаас ойд бэлчээрлэж байгаа мал жижиг хэмжээтэй цухуйцыг идэхээс илүү өсвөр жижиг моддыг сонгон иддэгтэй холбоотой. Мөн судалгааны үр дүнгээс үзэхэд нийт малын тоо толгойн нягтшил төдийгүй дан ямааны тоо толгойн нягтшил өсвөр мод, цухуйцын тоо хэмжээнд ижил нөлөө үзүүлж байгаа нь тухайн бүс нутагт ямаан сүргийн бэлчээрлэлт нь ойн сэргэн ургалтыг хязгаарлагч хүчин зүйл болж байгааг илэрхийлж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0