Монгол орны нуурын хотгорын хэв шинжийн тодорхойлолт 50-иад жилийн түүхтэй (Цэрэнсодном, 1971) юм. Одоогоор Монгол орны нуурын хотгорын хэв шинжийн ангилалд чиглэгдсэн геоморфологийн судалгаа хийгдээгүй байдаг. Монгол орны нуурын хотгорын гарал үүсэл, морфологи хэв шинжийг нарийвчлан тодорхойлж, ангилалыг шинэчлэн боловсруулж олон улсын түвшинд хүргэх шаардлага тулгарч байна. Монгол оронд хийгдсэн нуурын судалгааг 4 үед хувааж хөгжлийн түүхийг тодорхойлсон, нуурын хотгорын гарал үүсэл, морфологи хэв шинжийн шинэчилсэн ангилалыг боловсруулсан, геоморфологийн шалгуур үзүүлэлтийн тусламжтайгаар нуурын хотгорын хэв шинжийг тодорхойлсон, нуурын хотгорын геоморфологийн шинэ мужлал үйлдэж эдгээр мужуудад байрлах 32 нуурын хотгорын гарал үүслийг шинэчилсэн, судалгаанд морфометрийн шинжилгээ, сансрын зургийн шинжилгээ, геофизикийн аргыг шинээр хэрэглэсэн, хурдсын нас тогтоох аргаар судалгааны үр дүнгээ баяжуулсан зэрэг нь энэхүү судалгааны шинэлэг тал болно. Нуурын хотгорын гарал үүсэл, морфологи хэв шинжид тулгуурласан ангилалуудад харьцуулалт хийж, нуурын хотгорын үндсэн 11 хэвшинж, 26 дэд хэвшинж бүхий шинэчилсэн ангилалыг боловсруулав. Эдгээрээс Монгол орны газарзүйн байрлал, нуурын гарал үүсэл, хотгорын хэв шинжээс хамаарч тус орны нутаг дэвсгэрт 8 хэвшинж, 20 дэд хэвшинж ялгарч байгааг тогтоов.
4. Монгол орны нуурын хотгоруудын гарал үүсэл, морфологи хэв шинжид нэгдүгээрт тектоникийн нөлөө, хоёрдугаарт мөстлөгийн нөлөө, гуравдугаарт гадаад хүчний бусад нөлөө тусгалаа олдог зүй тогтолтой байна. Аливаа нуурын хотгор үүсэхэд дан ганц нөлөөн доор үүсдэггүй, гадаад, дотоод үйл явц харилцан адилгүй боловч тодорхой нөлөө үзүүлж тэрхүү нуурын хотгорын хэв шинжид тусгалаа олсон болохыг судалгааны үр дүнгүүд баталж байна. Байгалийн тэнцвэртэй байдлыг хадгалах чухал үүрэгтэй хам бүрдлийн нэг болох нуурын хотгорын гарал үүслийг судлах нь шинжлэх ухааны хувьд өндөр ач холбогдолтой юм. Нуур, цөөрөм, ус намгархаг газрыг хамгаалах, тогтвортой байдлыг хадгалах, нууртай холбоотой байгалийн нөхцөл, нөөцийг үндэсний нийгэм-эдийн засаг, аж ахуй, аялал жуулчлалын салбарт ашиглахад энэ судалгааны ажил нь суурь нөхцлийг бүрдүүлэх юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0