Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол хэлний нэр томьёон дахь орлох нэрийн судалгаа (Барилгын салбарын жишээгээр)



Салбар : Инженерийн ухаан, технологи , 2.11 Бусад инженерчлэл, технологи
Улсын дугаар : 4023
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : Дублет, ойролцоо утга, мэргэжлийн үг хэллэг, хэрэглээ, үзэгдэл

Аннотаци

Энэхүү судалгааны ажилдаа шинжлэх ухаан, техник технологийн салбарын нэр томьёонд орлох нэр үүсэх шалтгаан, түүний хэрэглээг барилгын салбарын жишээгээр тодорхойлж, оновчтой хувилбарыг тогтоох арга зүйг боловсруулах зорилго тавин орлох нэрийн талаар эрдэмтдийн хийсэн судалгааг нэгтгэн дүгнэх; орлох нэрийн үүсэх шалтгааныг тодруулах; орлох нэрийн хэрэглээний онцлогийг мэргэжлийн салбарын орчуулгын болон тайлбар толь бичиг, мэргэжлийн ном сурах бичиг, сэтгүүл, барилгын стандарт, норм ба дүрмийн жишээгээр судалж, дүн шинжилгээ хийх; монгол хэлний үг бүтэх ёсонд тулгуурлан орлох нэрийн хэрэглээний оновчтой хувилбарыг тогтоох үндэслэлийг гаргах зэрэг зорилтыг дэвшүүлэн ажиллав.
Судалгааны ажлыг бичихдээ нэр томьёон дахь орлох нэрийн талаарх үзэл баримтлал, эрдэмтдийн санал, дүгнэлтийг холбогдох ном зохиолоос бүртгэх аргаар цуглуулж нэгтгэн дүгнэж, чөлөөт түүврийн аргаар толь бичиг, сурах бичиг, мэргэжлийн ном зохиол, улсын стандарт, норм ба дүрмээс судалгааны хэрэглэгдэхүүнийг цуглуулж судалгааны баримтыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, жишин зэрэгцүүлэх аргаар статистик боловсруулалт хийн судалгааны онол, хэрэглээний үр дүнг ерөнхийлөн дүгнэх аргаар тодорхойлов.
Энэхүү нэг сэдэвт бүтээлийн судалгаанд мэргэжлийн нэр томьёоны орчуулгын болон тайлбар толь, мэргэжлийн сурах бичиг, барилгын норм ба дүрэм, стандарт гэсэн 3 чиглэлийн эх сурвалж ашиглан мэргэжлийн нэр томьёоны орчуулгын толь, тайлбар толиос 1357 нэр томьёоны оноолт, 513 нэр томьёоны тодорхойлолт; мэргэжлийн сурах бичгээс давхардсан тоогоор 2100 нэр томьёо, 600 жишээ өгүүлбэр; барилгын норм дүрэм, стандартад хэрэглэсэн 640 нэр томьёог тус тус түүвэрлэн нийт 2342 нэр томьёог үндсэн хэрэглэгдэхүүн болгов.
Судалгааны ажлын нэгдүгээр бүлэг “Нэр томьёо, түүний тогтолцоот шинж, оноолт”, “Орлох нэрийн асуудал, түүний судлагдсан байдал”, “Монгол нэр томьёонд орлох нэр үүсэх шалтгаан” хэмээх гурван дэд бүлэгтэй. Энэ бүлэгт монгол хэлний нэр томьёо болон нэр томьёоны тогтолцоон дахь орлох нэрийн талаар эрдэмтдийн хийсэн дүгнэлтийг нэгтгэн, түүнд үндэслэн тодорхой санал дэвшүүлж, монгол хэлэнд орлох нэр томьёо үүсэх хэд хэдэн тохиолдол, шалтгааныг тодруулсан.
Судалгааны ажлын хоёрдугаар бүлэг “Гадаад үгээр орлох нэр томьёо бүтэх нь”, “Дагаврын аргаар орлох нэр томьёо бүтэх нь”, “Үг нийлэх аргаар орлох нэр томьёо бүтэх нь”, “Үгийн утга шилжих аргаар орлох нэр томьёо бүтэх нь” гэсэн дөрвөн дэд бүлэгтэй. Энэ бүлэгт орлох нэр томьёоны бүтэх аргын талаар ерөнхийлөн өгүүлж үүнийг барилгын нэр томьёоны жишээгээр судлан статистик, тоо баримт гаргасан.
Судалгааны ажлын гуравдугаар бүлэг “Барилгын нэр томьёоны орчуулгын толь бичиг дэх орлох нэрийн хэрэглээ”, “Мэргэжлийн сурах бичиг дэх орлох нэрийн хэрэглээ”,
“Барилгын стандарт, норм ба дүрэм дэх орлох нэрийн хэрэглээ”, “Орлох нэрийн оновчтой хувилбарыг тогтоох үндэслэл” гэсэн дөрвөн дэд бүлэгтэй. Энэ бүлэгт монгол нэр томьёон дахь орлох нэр томьёоны хэрэглээг барилгын нэр томьёоны орчуулгын болон тайлбар толь бичиг, мэргэжлийн сурах бичиг, гарын авлага, барилгын стандарт, норм ба дүрэмд тулгуурлан судалж нэр томьёоны хувилбарыг тоог тогтоож, үг бүтэх ёс, хэрэглээний хэвшмэл байдалд үндэслэн дүн шинжилгээ хийж оновчтой хувилбарыг тогтоох үндэслэл боловсруулсан.
Судалгааны үр дүнд орлох нэр нь шинжлэх ухааны тодорхой ухагдахууныг нэрлэх, сэтгэл хөдлөлийн өнгө аяс илэрхийлэхгүй, гарал үүсэл, бүтцийн ялгаатай, найруулгын хувьд ялгаагүй орлох чанартай, үнэмлэхүй ойролцоо утга бүхий мэргэжлийн үгс байна гэж дүгнэв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 68
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :