Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын нийгмийн халамжийн бодлогын шинэчлэлийн хувилбарууд (социологийн шинжилгээ)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.4 Социологи
Улсын дугаар : 4603
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : амьжиргаа, зорилтот бүлэг, ядуурал, ядуу өрх, өгөгдөл

Аннотаци

Нийгмийн халамжийн бодлогод зайлшгүй тодруулах нэг асуудал нь нийгмийн халамжийн ихэнх хөтөлбөр нь өрхийн амьжиргааг дэмжсэн зорилтот хөтөлбөр хэдий ч зөвхөн хүнсний эрхийн бичгийн хөтөлбөр нь өрхийн амьжиргаанд суурилсан, бусад хөтөлбөр нь категорийн буюу хүн амын бүлгүүдэд суурилсан, нийтлэг халамжийн хөтөлбөр байна. Энэхүү зөрчил бүхий хэрэгжилтийг бидэнд нэгэнт хийгдсэн байгаа үндэсний хэмжээний өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны мэдээлэл, бусад мэдээллийн санг ашиглан, дүн шинжилгээ хийж, үр нөлөөллийн ирээдүйн төсөөллийг тооцоолон, бодлого боловсруулагч нарт тодорхой шийдлийг санал болгох нь чухал юм.
Тус эрдмийн ажлын хүрээнд дээр дурдсан асуудлыг бодит мэдээллийн санд суурилан судалж, нийгмийн халамжийн мөнгө болон мөнгөтэй дүйцэх шилжүүлгийг өрхийн амьжиргаанд суурилан хүргэвэл нийгмийн нэг үзэгдэл болох ядуурлын хамралтын хүрээнд хэрхэн нөлөөлөх талаар онцлон авч үзсэн болно.
Сэдэвт ажлын зорилго нь өрхийн амьжиргаанд суурилсан нийгмийн халамжийн бодлогын шинэчлэлийн үр нөлөө, хувилбарыг тооцоолж, ядуурлыг бууруулах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулахад оршино.
Эрдмийн ажилд судлаач тоон болон чанарын судалгааны аргуудыг өргөн ашигласан. Чанарын судалгааны арга болох баримт бичгийн шинжилгээг хийсэн бол тоон судалгааны арга хоёрдогч мэдээлэлд үндэслэсэн их өгөгдлийн шинжилгээ хийлээ.
Нийгмийн халамжийн тухай хуулиудад баримт бичгийн шинжилгээ хийж, гол өөрчлөлтүүдийг харьцуулан тодорхойлсон.
Хоёрдагч мэдээлэлд үндэслэсэн их өгөгдлийн шинжилгээний аргыг /big data analysis/ ашиглалаа. Ажлын хүрээнд их өгөгдлийн дүрслэх болон урьдчилан таамаглах аналитикийн аргуудыг ашигласан. Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгааны мэдээллийн сан, нийгмийн халамж үйлчилгээний нэгдсэн мэдээллийн санг нэгтгэн, халамжийн үйлчилгээний мөнгөн тэтгэмжийг өрхийн амьжиргааны түвшин болон хүн амын бүлгийг хослуулан тооцож, өнөөгийн байдлыг дүрслэн, нийгмийн халамжийн бодлогын хувилбарыг санал болгосон юм.
Судалгаа, шинжилгээний ажилд суурилан нийгмийн халамжийн бодлогын гурван хувилбарыг санал болгож байна.
А. Нийгмийн халамжийн бодлогын тэг хувилбар буюу өнөөгийн хувилбар
Энэхүү бодлогын хувилбарт өнөөгийн нийгмийн халамжийн бодлогыг хэвээр хадгалах. Нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулж буй мөнгөн дүнгийн сүүлийн 10 жилийн хандлагыг эргэж харцгаая. 2012-2016 онуудад Улсын төсөвт эзлэх хувь, хэмжээ 3-
3.6 хувь байсан хэдий ч мөнгөн дүнгээрээ
181.5 тэрбум төгрөгнөөс
266.6 тэрбум төгрөг болтлоо өсч байсан. Үнэндээ улсын төсөв өөрөө тэлж, түүнд эзлэх хувь, хэмжээ өөрчлөгдөөгүй ч мөнгөн дүнгээрээ өссөөр байсан. 2017 оноос нийгмийн халамжийн сангийн зарцуулалт огцом нэмэгдэж
526.5 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд 2020, 2021 онуудад Ковид цар тахлын нөлөөгөөр бүр
2.9 их наяд төгрөгт хүрч, улсын төсвийн
18.3 хувийг эзлэх болсон. Ковид цар тахлын нөлөөний он жилүүдийг эс тооцсон ч 2018, 2019 онуудад ч нийгмийн халамжийн сан улсын төсвийн
6.0 гаруй хувь буюу 600 гаруй тэрбум төгрөгт хүрсэн. Бид энэхүү салбарт нийгмийн халамжийн сангаас гадна олон улсын байгууллагуудын буцалтгүй тусламж, зээлийн төсөл, хөтөлбөрийг өчнөөнийг зарцуулж, үр дүнг нь үл тооцож байгаа билээ.
Нийгмийн халамжийн мөнгөн шилжүүлгийн хөтөлбөрүүдийн өнөөгийн төрх, өсөн нэмэгдэж буй хандлагыг илүү нарийн харуулах үүднээс 51 хөтөлбөрийг 8 дэд хөтөлбөр болгон социал шинжээр нь тодорхойлж, үр шим хүртэгчдийг амьжиргааны түвшингийн хувьд аль бүлэгт хүрч буйг тодорхойлсон. Бид өрхийн амьжиргааг дэмжсэн нийгмийн халамжийн бодлогыг хэрхэн үр дүнгүй зарцуулж буйг энэхүү шинжилгээгээр дэлгэрэнгүй харуулсан.
B Нийгмийн халамжийн бодлогын аядуу шинэчлэлийн хувилбар
Тооцооллын дүнд өнөөгийн олгож буй нийгмийн халамжийн мөнгө болон мөнгөтэй дүйцэх хөтөлбөрийн
50.1 хувь нь ядуурлын шугмаас доош амьжиргаатай ядуу буюу “бүлэг 1” өрхүүдэд,
15.8 хувь нь Ядууралд өртөх эрсдэл бүхий ядуурлын шугамыг 25 хувь өсгөсөн буюу “бүлэг 2” өрхүүдэд,
34.1 хувь ядууралд өртөх эрсдэл бүхий ядуурлын шугамыг 25 хувь өсгөсөн бүлгээс дээш өрхийн амьжиргааны түвшинтэй “бүлэг 3” өрхүүдэд оногдож байна. Шинжилгээний ажлын хүрээнд нийгмийн халамжийн 51 хөтөлбөр тус бүрийг өрхийн амьжиргааны гурван түвшинд хэрхэн хүрч буйг тусгайлан тооцож, харуулсан байгаа.
Энэхүү нийгмийн халамжийн бодлогын аядуу хувилбарт судлаач миний бие Бүлэг 1, 2 - т олгож буй нийгмийн халамжийн мөнгөн шилжүүлгийг хэвээр үлдээж, бүлэг 3 - т олгож буй нийгмийн халамжийн мөнгөн шилжүүлгийг танах санал дэвшүүлж байгаа юм. Ингэснээр нийт халамж хүртэгчдийн
34.4 хувь нь нийгмийн халамжийн мөнгөн шилжүүлгээс үр шим хүртэхгүй бөгөөд үүний үр дүнд нийт халамжийн сангийн төсвөөс
175.2 тэрбум төгрөг хэмнэгдэнэ. Ингэсэн тохиолдолд нийгмийн халамжийн мөнгөн шилжүүлгийн тодорхой хувь хэмнэгдэх боловч ядуурлын хамралтын хүрээнд ямар ч нөлөөлөл үзүүлэхгүй юм. Учир нь ядуурлын хамралтын шугамаас доош амьжиргаатай өрх буюу бүлэг 1, ядууралд өртөх эрсдэл бүхий ядуурлын шугамыг 25 хувь өсгөсөн бүлэг 2 - т байгаа өрхүүд өнөөдөр авч буй нийгмийн халамжийн мөнгөн шилжүүлгийг хэвээр авна гэсэн үг.
Харин Бүлэг 3 буюу
34.4 хувь нь нийгмийн халамжийн мөнгөн шилжүүлгийг зогсоож буй нь тухайн өрхийн амьжиргааны түвшинд өөрчлөлт гарахгүй бөгөөд харин энэхүү мөнгө болон мөнгөтэй дүйцэх нийгмийн халамжийн 51 хөтөлбөрөөс бусад нийгмийн халамжийн хөтөлбөрт хамрагдах эрх нь нээлттэй үлдэх юм.
C. Нийгмийн халамжийн бодлогын эрс шинэчлэлийн хувилбар
Бүлэг 3-т олгож буй нийгмийн халамжийн мөнгөн шилжүүлгийг зогсоож, хэмнэгдсэн төсвийг өрхийн амьжиргаанд суурилсан Бүлэг 1, 2-т халамжийн зорилтот бүлэгт барьж буй өнөөгийн хүн амын бүлгийн категорын аргаа баримтлан, мөнгөн шилжүүлгийг өсгөн өгөх. Ингэснээр бүлгүүдэд үзүүлэх мөнгөн дүнгийн өөрчлөлтийг гаргаж, бүлэг хоорондын хөдөлгөөнийг тооцоолсон юм. Өөрөөр хэлбэл амьжиргаа сайтай бүлэгт очиж байгаа хөтөлбөрүүдийг зогсоож, ООТА мэдээллийн санг ашиглан халамжийн хөтөлбөрүүдийг ядуу бүлэгт тухайлан чиглүүлэх боломжтой. Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг илүү үр дүнтэй болгохын зэрэгцээ халамжийн нийт өртөг зардлыг нэмэгдүүлэхгүй байх хамгийн оновчтой арга нь одоо категорын аргаар зорилтот бүлгээ тодорхойлж байгаа хөтөлбөрүүдийг ядуу хүн амд тухайлан чиглүүлэх явдал юм. Жишээлбэл, бүлэг 3-т харьяалагддаг ахмад настны дэмжлэг, хөнгөлөлтийн мөнгөн дүнг бүлэг 1 болон бүлэг 2-т ноогдох ахмадуудад тэнцүү хуваарилан, нэмж олгоно гэсэн үг.
Энэхүү шинэчлэлийн үр дүнд хүн амын амьжиргааны түвшний өөрчлөлт мэдээллийн санд бүлэг 1 буюу ядуурлын шугамаас доош амьжиргаатай бүлэг нь
45.7 хувиас
33.9 хувь болж буурах юм. Харин бүлэг 2 буюу ядууралд өртөх эрсдэл бүхий ядуурлын шугамыг 25 хувь өсгөсөн бүлэг нь
16.5 хувиас
17.3 хувь, бүлэг 3 буюу ядууралд өртөх эрсдэл бүхий ядуурлын шугамыг 25 хувь өсгөсөн бүлгээс дээш өрхийн амьжиргааны түвшинтэй бүлэг нь
37.8 хувиас бүр
48.8 хувь болж тэлж байна. Нийгмийн халамжийн бодлогын шинэчлэлийн үр дүнд нийгмийн халамжийн мөнгөн шилжүүлгийг ашиглан, өрхийн орлого нэмэгдэх бөгөөд үүнээс хамааран үндэсний хэмжээний ядуурлын хамралтын хүрээ нь
7.3 пунктаар буурах боломжтой юм. Энэхүү тооцооллыг хийхдээ шинжилгээ хийсэн сангийн иргэдийн тооны өөрчлөлтийн хувийг үндэсний хэмжээний ядуурлын хамралтын хүрээнд тархааж тооцлоо. Мөн тус шинжилгээгээр өрхийн амьжиргааны гурван бүлэг хоорондын шилжих хөдөлгөөнийг харах нь учир дутагдалтай бөгөөд ядуурлын шугамнаас доош амьжиргааны түвшинтэй иргэдийн дотоод хөдөлгөөнийг мөн хянаж, ядуурлын гүнзгийрүүлэлтийн нөлөөг тооцож, үр дүнг гаргасан. Нийгмийн халамжийн хөтөлбөрийн үр шим хүртэгчдийг тухайн хөтөлбөрийн зорилгод нийцүүлэн зөв тодорхойлон, хамруулж чадвал тэдний өрхийн нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, соёлын хэрэгцээнд эерэгээр нөлөөлж, дэвшлийг авчирдаг. Харин нийгмийн халамжийн хөтөлбөрийн зорилгод үл нийцсэн үр шим хүртэгчдийг хянах, түүнээс татгалзах нь энэхүү дисфункци үүсэх нөхцлөөс сэргийлж чадах юм.
Хэдийгээр судалгааны ажлаар бодлогын гурван хувилбарыг харуулж, сонголт хийх боломжийг эрэлхийлсэн ч аядуу хувилбарын үр дүнд бий болсон хэмнэлтийг үр ашиггүй зарцуулснаас өнөөгийн төсөвт тааруулан, эрс шинэчлэл хийхийг зөвлөмж болгон хүргүүлж байгаа юм.
Судлаачийн судалгааны аргазүйд дэвшүүлсэн “Өрхийн амьжиргааг дэмжих зорилго бүхий нийгмийн халамжийн мөнгөн шилжүүлгийг зорилтот бүлэгт оновчтой хүргэснээр ядуурлын хамралтын хүрээг багасгах боломжтой” гэсэн таамаглал нь үүгээр батлагдаж байна. Өнөөгийн хэрэгжүүлж буй нийгмийн халамжийн 51 хөтөлбөрийг зорилгын дагуу зөв хэрэгжүүлж чадвал нийгмийн үзэгдэл болсон ядуурлын хамралтын хүрээг багасгахад нэгэн хөшүүрэг болох юм. Гэхдээ нийгмийн халамжийн бодлогын эрс шинэчлэлээс үүсэж болох хүн амын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэндийн сайн болон сөрөг үр дагаврыг энэхүү ажлаар судлаагүй бөгөөд зайлшгүй нарийвчлан судлах нийгмийн үзэгдэл гэдгийг онцгойлон дурдая.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 4

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 93
Сүүлийн сард 12
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :