Цацрагийн биологи бол амьд организм болон цацрагийн хооронд харилцан үйлчлэлийг судалдаг салбар дундын шинжлэх ухаан юм. Энэ харилцан үйлчлэл нь физик, хими, биологи, анагаах ухаан зэрэг олон салбарын нийлбэрээс тогтдог. Учир нь цацраг туяа бодис дундуур нэвтрэх үед ионжсон атом, молекул болон тэдгээрийн энергийн түгэлт нь амьд организмийн эсийн бүтцийг эвдэж, биологийн нөхөн сэргээх процесст нөлөөлдөг. Цацраг, туяа нь анагаах ухаан болоод хүрээлэн буй орчин, биологи гэх зэрэг олон шинжлэх ухааны салбаруудад чухал үүргийг гүйцэтгэдэг. Мөн амьд биетийн дүрс, бүтцийн оношлогоо болон олон төрлийн хорт хавдарын үед туяа эмчилгээгээр ашиглах боломжийг олгодог. Тиймээс байгалийн ба хиймэл цацраг идэвхт бодисын амьд организмд үзүүлэх нөлөөлөлийг биомолекул болон эсийн түвшинд судалж, ойлгох нь хүний амьдралыг сайжруулах, уртасгахад чухал ач холбогдолтой. Рентген болон гамма туяаны үйлчлэл өргөн хүрээнд сайн судлагдсан. Харин ионжуулагч чадвар өндөртэй сансрын цацрагийн (протон, хүнд цэнэгт бөөмс, ...) үйлчлэлийг судлах нь орчин үеийн цацрагийн биологийн тулгуур асуудал юм. Учир нь эсийн түвшинд энэ төрлийн цацрагийн энергийн түгэлт нь рентген туяаны үйлчлэлээс эрс ялгаатай байдаг. Тиймээс лабораторын хурдасгуурт протон болон хүнд цэнэгт бөөмсийн жинхэнэ туршилтыг эсийн түвшинд гүйцэтгэх, төлөвлөхөд компьютер загварчлал, онолын тооцооны үнэлгээ хийх шаардлагатай. Цацраг-бодисын физик харилцан үйлчлэлийг загварчлахад туршилтын баримтанд тулгуурласан Монте-Карло аргыг өргөн ашигладаг. Энэ нь цэнэгт бөөмс бодис дундуур нэвтрэх үед ионжиж, цочирсон атом, молекул болон харилцан үйлчлэлээс үүссэн хоёрдогч бөөмсийн энергийн бодит түгэлтийг мэдээллийг өгдөг. Энэхүү нэг сэдэвт бүтээл нь GEANT4-DNA Монте Карло багц программыг хэрэглэн нано болон микро хэмжээнд цэнэгт бөөмс болон цацраг идэвх изотопын физик харилцан үйлчлэлийг загварчлах, усны молекулын ионжилтын кластер түгэлтийг шинжих, улмаар биологийн эсийн бодит геометр бүтэц дээрх цацрагийн нөлөөг тооцоолох математик загварчлалын арга аргачлал боловсруулахад чиглэсэн болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0