“Ерөнхий боловсролын бодлогыг хүний эрхэд суурилсан хандлагаар шинжилсэн үр дүн” сэдэвт диссертац нь Монгол Улсын ерөнхий боловсролын бодлого, хэрэгжилтийг хүний эрхэд суурилсан хандлагаар шинжиж, бодлогыг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудыг тодорхойлох, улмаар боловсролын бодлогыг шинжлэх арга зүйн хувилбар боловсруулж, одоогийн суурь үзүүлэлтүүдийг тогтоохыг зорьжээ. Докторынсудалгааны ажил нь Тогтвортой хөгжлийн зорилтууд, хүний эрхийн олон улсын баримт бичгүүд, боловсролын талаарх төрийн бодлого зэрэг судалгааны чухал сэдэв, агуулгыг хөндсөн, гадаад, дотоодын шинжээч, судлаачдын анхаарлын төвд байгаа шинэлэг асуудал юм.
Диссертацид сурч боловсрох эрх, боловсролын чанар, хүртээмж, тэгш боломжийн талаарх ахиц дэвшил, алдаа дутагдлыг Монгол Улсын боловсролын талаарх бодлого, хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилт, үр дүн гэсэн гурван түвшинд багцлан судалсны үндсэн дээр хүний эрхэд суурилсан хандлагын үүднээс бодлогын шинжилгээ хийх арга зүй, түүний үндэслэлийг боловсруулсан билээ. Диссертацийг боловсруулахдаа боловсролын талаарх хүмүүнлэгийн онол, бүтэц үүргийн онолын үндэслэлд тулгуурлан боловсролын бодлого, эрх зүйн орчин, бодлогын хэрэгжилт, түүнээс гарч буй үр дүнг цогц байдлаар судалж, боловсролын одоогийн суурь үзүүлэлтүүд, арга зүйн үндсийг тодорхойлсонд уг ажлын онолын болон практикийн ач холбогдол оршиж байна.
Ингэхдээ боловсролын бодлого жигд, эрх тэгш хэрэгжихгүй байгаагийн нөхцөл, шалтгаан, үр дагаврыг манай улсын нийгмийн бүлгүүдийн, хот, хөдөөгийн зэрэг ялгаатай байдлаас угшилтай тэгш бус боломж бодитой байгаатай холбон шинжиллээ. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй, малчин өрхийн, хэлний цөөнх бүлгийн, дотоодын шилжин суурьшигч өрхийн, сүм хийдэд шавилан сууж буй зэрэг хүүхдэд чанартай боловсролд тэгш хүртээмжтэй хамрагдах нөхцөл хараахан бүрдээгүйгээс тэдний сурч боловсрох, хөгжих эрх нь зөрчигдөж буйг өөрийн хийсэн болон бусад судалгааны жишээ, баримтаар нотлон, тэдгээрийг шийдвэрлэх талаарх бодлогын зарим арга хэмжээг санал болгожээ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0