Хөрс нь амьд организм оршин тогтнох үндсэн суурь, экологийн тэнцвэрт байдлын үндэс бөгөөд ус, агаар, ургамал, амьтан зэрэг хүрээлэн буй орчинтой мөнхийн харилцан үйлчлэлд оршдог. Манай оронд 1930-аад оноос хойш уул уурхай, аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хүрээлэн буй орчны бохирдлын асуудал, тэр дундаа хөрсний бохирдол бий болсон гэж үздэг. Ялангуяа, олон жил олборлолт, боловсруулалт хийж буй уурхайнуудын ойр орчны хөрсөн дэх хүнд элементийн бохирдол, шилжилт хөдөлгөөнийг тухайн бүс нутгийн үйлдвэрлэлд өртөөгүй үндсэн хөрстэй харьцуулан судалж, бохирдлын зэрэг, эх үүсвэрийг тогтоох шаардлагатай. Мөн хүнд металлаар бохирдсон тохиолдолд хэрхэн цэвэрлэх, металлын бохирдлыг ямар аргаар бууруулах талаар зөвлөмж гаргах, ижил төстэй бохирдлын үнэлгээтэй харьцуулан судлах нь онол, практикийн хувьд чухал ач холбогдолтой юм.Энэхүү нэг сэдэвт бүтээлдээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ойр орчны хөрсний шинж чанар, бохирдлыг үнэлж, улмаар тухайн газар нутгийн хөрсний бохирдлыг бууруулах тохиромжтой аргыг сонгон тогтоох зорилго тавьсан болно. Зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг тавьж ажилласан. Үүнд: 1. Үйлдвэрийн бүсийн хөрсөн дэх элементийн агуулгыг улирлын өөрчлөлт болон хөрсний зүсэлтийн дагуу тодорхойлох;
2. Үйлдвэрийн бүсийн өнгөн хөрсөн дэх микро элементийн агуулгыг шаталсан экстракцийн аргаар судлах;
3. Электрокинетикийн аргаар үйлдвэрийн бүсийн хөрсөн дэх зэсийн бохирдлыг бууруулах. Үйлдвэрийн бүсийн хөрсөн дэх Cu, Mo, As-ийн агуулга тус бүр 1443-4866, 24-49, 26-52 мг/кг байгаа нь хяналтын, хот суурингийн болон хаягдлын далангийн бүсийн хөрс болон Монгол улсын хөрсний чанарын стандарт (MNS5850:2008)-ын хортой агууламжаас өндөр байгааг тогтоов. Мөн үйлдвэрийн бүсийн хөрсөн дэх элементийн агуулгыг хөрсний зүсэлтийн дагуу (0-100 см хүртэл) харьцуулан судлахад, 0-20 см-н зузаантай өнгөн хөрсөн дэх Cu, Mo, As-ийн агуулга MNS5850:2008 стандартын хортой утгаас тус бүр 22, 9, 4 дахин өндөр байгаа зэрэг нь хүний үйл ажиллагааны нөлөөлөлд өртсөн үйлдвэрийн бүсийн техноген хөрс болохыг батлав. Статистик анализын болох хуримтлалын фактор тооцоолсноор үйлдвэрийн бүсийн өнгөн хөрсөн дэх зэс нь асар их хуримтлагдсан бөгөөд, геохуримтлалын индексээр хүний үйл ажиллагааны нөлөөгөөр бохирдол үүссэн болохыг тогтоолоо. Мөн корреляцийнанализаар үйлдвэрийн бүсийн хөрсөн дэх Cu-ийн агуулгаас Mo, As-ийн агуулга шууд хамааралтай болохыг батлав. Хөрсөн дэх эрдсийн анализаар үйлдвэрийн бүсийн хөрсөнд халькопиритийн (CuFeS 2 ) эрдэс илэрсэн бөгөөд шаталсан эксракцийн анализ болох шинэ аргаар үйлдвэрийн бүсийн хөрсөн дэх Cu нь органик нэгдэл, сульфидын фракцтай холбогдсон байгаа нь хөрсөнд хялбар уусдаггүй эрдэс хэлбэрээр оршиж байгаа болохыг тогтоосон нь эрдсийн анализын үр дүнг батлав. Мөн дөрвөн бүсийн хөрсөн дэх As, Pb, Zn-ийн агуулга үлдэгдэл фракц болон органик нэгдэл, сульфидын фракцтай холбогдсон нь хөрсөнд анхдагч, хоёрдогч эрдэс хэлбэрээр оршиж байгааг
нотлов. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрийн бүсийн хөрсний бохирдлыг электрокинетикийн аргаар бууруулах судалгааг анх удаа лабораторийн нөхцөлд судалсан бөгөөд Cu-ийн бохирдлыг анодын туйлд 90%, Мо, As- ийн агуулга дунджаар 89%, 81%-иар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан нь Эрдэнэтийн үйлдвэрийн бүсийн хөрсний бохирдлыг электрокинетикийн аргаар бууруулах боломжтойг батлав. Электрокинетикийн аргаар хөрсний бохирдлыг бууруулахдаа 156 цагийн турш 15 В хүчдэлд, хөрсний хоёр талдаа электродын үүртэй реакторийн металл авалт хамгийн өндөр буюу туршилтын оновчтой нөхцөл болохыг тогтоов.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0