XX зууны төгсгөл үеэс монгол гэр бүлийн амьдралын тогтсон хэв маяг, үнэт зүйлс, зан үйл, гэр бүлийн харилцаанд ихээхэн өөрчлөлт гарлаа. 90-ээд оноос эхэлсэн эдийн засгийн шинэчлэлийн бодлогын хүрээнд гарсан нийгмийн томоохон өөрчлөлтүүд нь гэр бүлийн амьдралд олон сайн нөлөө үзүүлсэн боловч гэр бүлийн тогтвортой байдал алдагдах, ёс суртахууны доройтолд орох, гэр бүлийн задрал, салалт, хүчирхийлэл өсөн нэмэгдэх боллоо. Иймээс гэр бүлийн амьдралд тохиолдож буй сөрөг үзэгдлүүдийн шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах хүчин зүйлийг судлах хэрэгцээ шаардлага зүй ёсоор гарч байгаа нь гэр бүлийн ёс зүйн судалгааг явуулах нэг үндэслэл болсон юм.
Энэхүү судалгааны ажилдаа: нэгдүгээрт, гэрлэлт гэр бүлийн асуудлаархи философи, социологи, сэтгэл зүйн шинжлэх ухааны зарим үзэл санааны гол агуулга, онол, арга зүйд үндэслэн үзэл баримтлалыг харьцуулан үзэх, тайлбарлах, анализ хийх замаар гэр бүлийн ёс зүйн утга санааг илэрхийлэх, хоёрдугаарт, нүүдэлчдийн ёс суртахууны уламжлалын онцлог, орчин үеийн ач холбогдолыг тодруулах, гуравдугаарт, орчин үеийн гэр бүлийн ёс суртахууны өөрчлөлт, үр дагаварт нөлөөлдөг объектив болон субъектив хүчин зүйлийг үндэслэх, дөрөвдүгээрт, гэр бүлийн ёс суртахууны өөрчлөлтийн эерэг, сөрөг үр дагаварыг илрүүлэх, тавдугаарт, гэр бүлийн ёс суртахууны олон талт асуудлыг нийгэм, сэтгэл зүй, зан суртахууны хүчин зүйлтэй уялдуулах судлах нь уг судалгааны гол зорилго байв.
Гэр бүл судлаач эрдэмтэдийн арга зүйн баримтлал, судалгаандаа үндэслэл болгож байсан эх сурвалж материал, мөн судлаачийн өөрийн үзэл санаа зэргээс шалтгаалан гэр бүлийн судалгаанд тодорхой ялгаварууд гарч байгаа нь судалгааны явцад ажиглагдсан. Гэр бүлийн судалгаа нь эхэн үедээ түүхэн арга зүйг голчлон хэрэглэж, эсвэл зөвхөн нийгмийн шалтгаанаар тайлбарлаж байсан бол орчин үеийн өрнөдийн эрдэмтэд уг асуудлыг психоаналитик философи, социологи, сэтгэл зүйн аль нэгэн чиглэлээр тайлбарлах арга зүйг голлож иржээ.
Энэ бүхнийг харгалзан үзэж гэр бүлийн судалгааны ёс зүйн шинжилгээг хийхдээ: гэр бүлийн гишүүдийн дотоод харилцааг сэтгэл зүй-зан суртахууны уялдаа холбоонд нь авч үзэх, амьдралын хэв маягийн өөрчлөлтийг нийгмийн өөрчлөлттэй уялдуулан тайлбарлах, гэр бүлийн амьдралыг материаллаг болон оюун санааны амьдралын харилцаа холбоо, шүтэлцээнд нь тайлбарлах, гэр бүлийн ёс суртахууны өөрчлөлтөд нөлөөлдөг объектив болон субъектив хүчин зүйлийг тодруулах, гэр бүлийн олон талт амьдралыг философи, социологи, психоаналитик философи, сэтгэл зүйн онол, сургаалд тулгуурлан ёс зүйн үүднээс нэгтгэн дүгнэх аргаар гэр бүлийн хосолмол буюу комплекс судалгааны шинэ арга, аргачлалыг бий болгох, ёс зүйн судалгааны эхлэлийг тавив.
Монголчуудын гэрлэлт, гэр бүлийн ёс суртахууны философийн асуудлыг голлон судлахад өнөөгийн манай нийгэмд гарч буй ёс суртахууны доголдлын үндэс, шалтгаан нь гэр бүлийн ёс суртахууны уламжлал алдагдаж байгаа явдал юм. Хэдийгээр монголчуудын гэр бүлийн харилцаанд уламжлалыг сэргээх хандлага илэрч байгаа боловч материаллаг болон биет уламжлалд хэт анхаарч, оюун санааны болон ёс суртахууны уламжлалыг үл анзаарах, үл тоомсорлох явдал байгаа нь тод ажиглагдаж байна. Нөгөө талаар, орчин үеийн гэр бүлийн харилцаанд чөлөөт ардчилсан нийгмийн шинэ үнэлэмжүүд эрчимтэй нэвтэрч байна. Үүнийг нэг талаас “дэвшил” гэж үзэж болох ч сөрөг үр дагаварыг харгалзах нь ирээдүйн гэр бүлийг төлөвшүүлэхэд анхаарах нэг хүчин зүйл юм. Хэдийгээр гэр бүлийн дотоод зөрчил нь нийгмийн шалтгаантай объектив хүчин зүйлээс хамааралтай байдаг ч гэр бүлийн гишүүдийн хайр халамж, хамтын амьдралаа зохиох хүсэл эрмэлзэл, сэтгэл хөдлөл зэрэг субъетив хүчин зүйлийн нөлөө их байдгийг тооцох нь судалгааны төдийгүй практик ач холбогдолтой юм.
Гэр бүлийн үүрэг хариуцлага суларсан, хөдөлмөрийн хуваарилалтын тэнцвэргүй байдал бий болсон, эмэгтэйчүүдийн талаархи тогтсон ойлголт эрс өөрчлөгдсөнтэй холбогдон гэр бүлийн амьдрал зохиохыг хүсэхгүй байх, эдийн засгийн сонирхлоор гэрлэх, эсвэл ганц бие явсан нь дээр гэж үзэх хандлага нэмэгдэж байгаа нь судалгаанаас ажиглагдлаа. Энэ нь гэр бүлийн үнэ цэнэ буурахад хүргэх болгоомжлолыг бий болгож буй төдийгүй гэр бүлийн тогтвортой байдал алдагдах, гэр бүл салалт, өрх гэрээ авч яваа эмэгтэйчүүдийн тоо олширч буйг үүнтэй холбон үзэхээс өөр аргагүй. Эрх чөлөөний үнэлэмжээр илүү чөлөөтэй болсон эмэгтэйчүүдийн хувийн эрх чөлөө, эдийн засгийн баталгаа, санхүүгийн хувьд эрчүүдээс хараат биш байдал олж авах чадвар өргөжиж, өндөр боловсролтой, мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд өөрөөсөө бага боловсролтой, соёл, хүмүүжил, ёс суртахууны төлөвшлөөр дулимаг эрчүүдтэй гэр бүл болоход хүргэж байгаа нь судалааны явцад анхаарал татсан нэг асуудал байлаа. Энэ нь гэр бүлд ёс суртахууны зөрчил /хурцадмал байдал/ үүсэн бий болох хөрс болж улмаар хүчирхийлэл, гэмт хэргийн шалтгаан болж байгаа нь гэр бүл дэх жендерийн судалгааг шинэ шатанд гаргах болсны нотолгоо болно.
Судалгааны дүн, статистик мэдээллээс үзвэл, гэрлэлтийн коэфицент нь өндөр, салалт харьцангуй тогтвортой байгаа нь анхаарал татаж байна. Иймээс салалт өсч байна гэсэн дүгнэлт нь нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж болох учир салалтын өсөлт бууралтыг тооцон гаргадаг судалгааны арга зүйг боловсронгуй болгох нь чухал байна. Цаашид судлаачид судалгааныхаа хэвшмэл арга зүйг өөрчилөх, хуулийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд судлаачдын санаа бодлыг сонсож харилцан уялдаатай ажиллах, гэр бүлд зөвөлгөө өгдөг төвүүдийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх нь гэр бүлийн тогтвортой байдлыг бий болгоход чухал түлхэц болно гэж судачийн хувьд үзэж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0