НҮБ-ын Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний чуулга уулзалтаар “Эх дэлхийгээ шинэчилье: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр - 2030” баримт бичгийг баталж, хөгжлийн бодлогоо “тогтвортой хөгжил” хэмээн тодорхойлж, хэнийг ч орхигдуулалгүй, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, эх дэлхийгээ хамгаалж, хүн төрөлхтнийг тайван амгалан, хангалуун, эрх тэгш амьдрах боломжоор хангахад чиглэгдсэн зорилтуудыг дэвшүүлсэн.
“Хүүхдийн суурьшил, амьдрах орчны асуудлыг зохицуулах тухай” Стамбулын Тунхаглал (1996)-д “Тогтвортой хөгжлийн төлөөх бидний хүчин чармайлт нь хүүхэд өсвөр үеийнхний амьдрах орчин нөхцөлийг илүү сайжруулахад чиглэх бөгөөд хүүхэд, өсвөр үеийнхэн аюулгүй, эрүүл, баталгаатай амьдрах нөхцөлөөр хангагдах шаардлагатай” хэмээн заасан. Мөн хүүхдийн асуудлаарх НҮБ-ын Тусгай чуулганаар “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” Тунхаглалыг баталсан нь хүүхдэд ээлтэй хот, орон нутгийг хөгжүүлэх үйл явцын эхлэл болсон.
Хот суурин газрууд хүүхдэд ээлтэй байх нь улс орнуудын хөгжлийн илэрхийлэл, хөгжлийн гол үзэл баримтлал болжээ. (UNICEF, 1997) Дэлхийн олон хотууд хүүхэд залуучуудад ээлтэй хотыг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргах болсноор хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд томоохон ахиц гарч, хүүхдийн аж байдлыг сайжруулах, тэдний эрхийг хамгаалахад чиглэсэн бодлого, стратеги, хөтөлбөр боловсруулахад хургэснээс гадна уг асуудлыг засаглалын бүх түвшинд зайлшгүй хэрэгцээ шаардлага байна гэдгийг нотолж чадсан.
Манай улсын нийт хүн амын
45.3 хувь буюу 2 хүн тутмын нэг нь нийслэл хотод, тэр дундаа хүн амын
95.1 хувь нь төвийн 6 дүүрэгт амьдарч байна. Нийт нутаг дэвсгэрийн ердөө
0.3 хувийг эзлэх Улаанбаатар хотод хүн амын дийлэнх нь төвлөрч буйгаас харахад хотжилт эрчимтэй байна. Хүн амын хэт төвлөрөл, орчны бохирдол, нийгмийн үйлчилгээний ачаалал, улс төр, нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал зэрэг нь хүүхдийн аж байдалд сөргөөр нөлөөлөх болсон.
Дэлхий дахинаа хот суурин газраа хүүхдэд ээлтэй болгон хөгжүүлэхийг зорих болсон энэ цаг үед Улаанбаатар хот хүн төвлөрсөн, орчин үеийн метрополис хотын хувьд хүүхдэд ээлтэй байдлыг судлах шаардлага тулгарч байгаа нь энэхүү сэдвийг сонгох үндэслэл болсон.
Судалгааны ажлын зорилго: Хүүхдэд ээлтэй хотын үзэл баримтлалын хүрээнд хотын хүүхдэд ээлтэй байдлыг үнэлэх шалгуур үзүүлэлт, аргачлалыг боловсруулан Улаанбаатар хотын хүүхдэд ээлтэй байдлын индексийг тооцож, цаашид индексийг сайжруулах санал зөвлөмжийг боловсруулахад оршино.
Судалгааны арга зүй: Хотын хүүхдэд ээлтэй байдлыг үнэлж буй шалгуур үзүүлэлтүүд нь өөр хоорондоо ялгаатай хэмжих нэгжээр илэрхийлэгддэг тул тэдгээрийг нэгдсэн нэг хэмжүүрт оруулахын тулд 0-10 хооронд байх тодорхой хэмжих нэгжгүй хэмжүүр болох индекст хувиргах юм. Хүүхдэд ээлтэй байдлын индекс нь хүүхдийн эрх, тэдний сайн сайхны төлөөх үүрэг амлалтыг биелүүлэхийн тулд тухайн улсын засгийн газраас гаргаж буй хамгийн их хүчин чармайлтын хэмжээг тодорхойлох хэрэгсэл юм.
НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF), Childwatch International Research Network, Bernard Van Leer, Children’s environment research group (CERG) байгууллагуудын 2011 онд хамтран боловсруулсан “Хүүхдэд ээлтэй хот, орон нутгийг үнэлэх үнэлгээний арга хэрэгсэл” -д тулгуурлан хотын хүүхдэд ээлтэй байдлыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг өөрийн орны нөхцөлд тохируулан 6 бүлгийн 56 шалгуур үзүүлэлтийг боловсруулж, УБ хотын хүүхдэд ээлтэй байдлын индексийг тооцсон.
Судалгааны үр дүн: Улаанбаатар хотын хүүхдэд ээлтэй байдлын ерөнхий индексийг 6 дэд бүлгийн 56 үзүүлэлтээр тооцсон. Тухайн индекс хангалттай сайн үед
10.00 байх ёстой. Улаанбаатар хотын хүүхдэд ээлтэй байдлын индекс 2017 онд
4.17 байна.
Дүгнэлт: Улаанбаатар хотын хүүхдэд ээлтэй байдлын нэгдсэн индекс
4.16 -
4.55 байгаа нь 100% байх ёстойгоос
41.6% -
45.5% нь хангалттай байгааг харуулж байна. Хүүхдийн оролцоо, хүүхдийн амьдрах орчин, эрүүл мэнд, хүүхдийн аюулгүй байдал дэд бүлгийн индекс байвал зохих индексийн дундаж (
5.00 )-аас доогуур, хүүхдийн боловсрол, чөлөөт цагийн орчин дэд бүлгийн индекс дунджаас маш бага дээгүүр байгаа нь УБ хотын хүүхдэд ээлтэй байдал хангалтгүй байгааг харуулж байна. Эндээс дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:
•УБ хотод хог хаягдал, бохирдол их, хүүхдийн өвчлөл өндөр байгаа нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
• УБ хотод хүүхэд тоглох талбай, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар, ногоон байгууламж тун дутмаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн орчин бүрдээгүй байгаа нь “хүүхдэд ээлтэй бус хот” болох нь харагдаж байна.
•УБ хотод осол гэмтэл, хүчирхийлэл, гэмт хэргийн гаралт өндөр, хүүхдүүд олон нийтийн газар, нийтийн тээврээр зорчиход аюултай байгаа нь хүүхдэд эрсдэлтэй хот болж байна.
Судалгааны дүнгээс харахад УБ хотын боловсролын бүх байгууллагуудад хүүхдэд ээлтэй орчин үйлчилгээг нэвтрүүлж, хүүхэд бүрт адил тэгш үйлчлэх боловсролын тогтолцоог хөгжүүлэх хэрэгцээ маш өндөр байна. Хүүхдийн сайн сайхны төлөөх үйл ажиллагааг удирдан чиглүүлэх гол үүргийг төр хүлээх бөгөөд хот суурин газрын хүүхдийн онцлог, хэрэгцээг тусгасан хотын хүүхдэд ээлтэй байдлыг сайжруулах, дэмжихэд чиглэсэн бодлого стратеги боловсруулан хэрэгжүүлэх нэн шаардлагатай байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0