Орчин үед дэлхийн олон улс, орнууд шинжлэх ухаан, технологийн тэргүүний ололт, амжилтыг практикт эрчимтэй нэвтрүүлж байгаа бөгөөд тандан судалгааны мэдээг төрөл бүрийн автомат тайллын болон мэдлэгт тулгуурласан өндөр түвшингийн аргуудыг ашиглан боловсруулж, гарган авсан сэдэвчилсэн үр дүнгүүдийг янз бүрийн зорилгоор ашиглаж байна. Зайнаас тандах судлал (ЗТС) нь өнөө үеийн оронзайн төлөвлөлтийн хүчирхэг технологи хэмээн нэрлэгддэг газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн мэдээллийн санг баяжуулах нэгэн чухал эх сурвалж бөгөөд өндөр хөгжилтэй орнуудад, агаар-сансрын мэдээг оронзайн мэдээллийн системийн сэдэвчилсэн давхаргуудыг баяжуулан шинэчлэхэд өргөнөөр ашиглаж байна.
- Монгол орны хувьд өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам сийрэг, ойн болон бусад сэдэвчилсэн мэдээллээр дутмаг байдаг тул тандан судлахуйн мэдээг сэдэвчилсэн судалгаанд ашиглах нь ихээхэн үр дүнтэйгээс гадна, олон талын ач холбогдолтой байдаг. Иймд орчин үеийн зайнаас тандсан олон эх сурвалжийн мэдээг ашиглан Монгол орны ойн онцлогт тохирсон ангиллын шинэлэг арга, зураглалын аргачлал боловсруулан, сэдэвчилсэн үр дүнгээр ойн мэдээллийн санг шинэчлэн баяжуулах арга зүйг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа нь сэдвийн гол үндэслэл болж байна.
- Олон эх сурвалжийн мэдээг олон янзаар тайлж ГМС-ийг баяжуулах буюу аливаа шийдвэр гаргахад ашиглах бөгөөд тухайн сэдэвчилсэн тайллын зорилт, хэрэглэж буй алгоритмын онцлогоос хамааран янз бүрийн мэдээ болон мэдлэгийг ашиглаж болно. Дүрс мэдээнд тайлал хийхэд төрөл бүрийн автомат болон мэдлэгт тулгуурласан аргууд ихээхэн ашиглагдаж байгаа ба эдгээр аргууд нь дийлэнхдээ ангиллын арга дээр суурилсан байдаг. Ангиллын аргыг боловсронгуй болгож, үр дүнг дээшлүүлэхийн тулд эрдэмтэд, судлаачид янз бүрийн аргыг хэрэглэж, хөгжүүлсээр ирсэн бөгөөд тэдгээрийн дийлэнх нь параметрийн, сургалтгүй, хиймэл оюун ухаан, машин сургалтын зэрэг пикселд суурилсан байдаг бол сүүлийн үед объектэд суурилсан ангиллын аргууд ч түлхүү хөгжиж, ойн олон төрлийн сэдэвчилсэн судалгаанд ашиглагдаж байна.
- Судалгааны хүрээнд, өнөөгийн дэлхийн геоинформатикийн хөгжилд тулгамдаж байгаа гол асуудлын нэг болох оронзайн нийлмэл мэдээллийн системийн сэдэвчилсэн давхаргуудын нэгэн болох ойн мэдээллийн санг олон эх сурвалжийн ЗТС-ын мэдээгээр баяжуулан, шинэчлэхэд хэд, хэдэн шинэлэг аргуудыг нэвтрүүлж байгаа болно. Дүн шинжилгээний явцад гарган авсан үр дүнгүүдийг ашиглан ойн ГМС-ийн давхаргыг шинэчилж болохоос гадна, дэвшүүлсэн аргуудыг ашиглан Монгол орны ойн иж бүрэн зураглалыг өртөг багатайгаар хийх боломжтой юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0