Даяаршлаас улбаатай олон улсын харилцааны улс төр, эдийн засгийн системийн хувьсал өөрчлөлт улам эрчимжиж, дэлхийн бодлогын хүчний төвийн шилжилт хурдсан, үр дүнг нь урьдчилан таамаглахад хүндрэлтэй их гүрнүүдийн геополитикийн сөргөлдөөн хурцадахын хэрээр жижиг улс төдийгүй томоохон гүрнүүд үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулахын тулд гадаад бодлогынхоо зорилго, зорилтыг зөв тодорхойлон, нэгдмэл байдал, залгамж чанараа хадгалсан гадаад бодлого явуулах зайлшгүй шаардлага бий болжээ. Аливаа улс гүрэн олон улсын харилцааны энэхүү өөрчлөлтөд хурдан дасан зохицож, улмаар гадаад бодлогын шийдвэрээ улс үндэстнийхээ ашиг сонирхолд нийцүүлсэн, нэгдмэл, залгамж чанараа хадгалсан байдлаар гаргах нь тухайн улсын ашиг сонирхол хангагдаж, үндэсний аюулгүй байдал нь баталгаажих нэгэн чухал нөхцөл болж байна.
Нэн ялангуяа “Бүс ба зам” хэмээх санаачлагаараа дамжуулан Евразийн орон зайд гео-эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэхээр санаархаж байгаа БНХАУ, цэрэг стратегийн хүч чадавхиа нэмэгдүүлэн геополитикийн уламжлалт бодлогоо сэргээхээр оролдож буй ОХУ хэмээх дэлхийн хоёр их гүрэнтэй шууд хил залгадаг, дэлхийн улс төрийн бодлогод тэргүүлэх байр сууриа хадгалан үлдэхийг зорьж буй АНУ тэргүүтэй өндөр хөгжил бүхий, ардчилсан улсуудыг “гурав дахь хөрш”-өөрөө зарласан Монгол улсын хувьд олон улсын харилцааны дээрх адармаатай нөхцөлд улс үндэснийхээ ашиг сонирхол, аюулгүй байдлаа хангахын тулд гадаад бодлогоо ухаалгаар тунгаан боловсруулж, гадаад бодлогынхоо шийдвэрийг алдаа мадаггүй гаргах зайлшгүй шаардлагатай.
Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд манай улсын гадаад бодлогын зорилго нь “дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн” хэмээн заасан. Эндээс үзэхэд гадаад бодлого гэдэг нь улс үндэстний оршин тогтнох, хөгжин дэвших үйл явцад ихээхэн нөлөө үзүүлэхийн зэрэгцээ үндэсний ашиг сонирхолоо хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ. Үндэстэн улсын бүрэн эрх, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал, эдийн засгийн тогтвортой өсөлт, соёл уламжлал, ард түмний баян чинээлэг байдал зэрэг улс үндэстний оршин тогтнох суурь ойлголтуудыг багтаасан “үндэсний ашиг сонирхол” хэмээх ойлголт нь улс төрийн бодлогын шийдвэр гаргалт тэр дундаа гадаад бодлогын шийдвэр гаргах үйл явцын алдаа, онооноос ихээхэн хамааралтай.
Аливаа улсын гадаад бодлого нь тухайн улс гүрний оршин тогтнохуйг тодорхойлоход чухал үүрэгтэй тухай дээр өгүүлсэн. Иймд энэхүү гадаад бодлого нь хэрхэн бүрэлдэн бий болж, мөн уламжлагдан хадгалагдаж буйг судлах зайлшгүй шаардлагатай. Цэрэг-эдийн засгийн хүч чадавх сул, хүн ам цөөн, олон улсын харилцаанд байр сууриа хадгалах боломж хомс, аюулгүй байдлаа өөрийн хүчээр хангахад хүндрэлтэй, ялангуяа хоёр их гүрнээр хүрээлэгдсэн, далайд гарцгүй Монгол мэтийн жижиг буурай улсын хувьд гадаад бодлогын онолын болон практик судалгааны ажил нэн чухал билээ. 1911 онд тусгаар тогтнолоо тунхаглан зарласан монголчуудын хувьд бусдаар хүлээн зөвшөөрөгдөх үйл явц 1945 оны Ялтын бага хурал ба 1961 онд НҮБ-д элссэнээр биелсэн бол хүйтэн дайн дууссанаар гадаад бодлогоо бие даан эрхлэн явуулах эрхтэй болсон. Түүхийн энэ цаг үеүүдэд Монгол улсын гадаад бодлогын шийдвэр гаргах механизм хэрхэн бүрэлдэн бий болж, өөрчлөгдөн шинэчлэгдэж ирсэн тухай судлах хэрэгтэй ба ялангуяа их гүрнүүдийн геополитикийн бодлогын улмаас харьцангуй хожуу бие даасан, хараат бус гадаад бодлого явуулах болсон Монгол улсын өнөөгийн гадаад бодлогын шийдвэр гаргах механизмд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг судлах нь зүйд нийцнэ.
Хүйтэн дайны үед гадаад бодлогоо бусдаар тодорхойлуулж, гадаад бодлогын шийдвэрийг бусдын буюу социалист хамтын нөхөрлөлийн эрх ашигт нийцүүлэн гаргаж байсан монголчууд 1990-ээд оноос эхлэн гадаад бодлогын зорилго, чиглэлээ шинээр тодорхойлон, хэрэгжүүлэх зарчим, арга хэрэгсэл зэргээ дахин боловсруулан, гадаад бодлогын шийдвэрээ бие даан гаргах болсон билээ. Ардчилсан тогтолцоонд шилжсэн 30 шахам жилийн хугацаанд манай улсад гарч байсан улс төр, эдийн засгийн дотоод болон гадаад бодлогын шийдвэрүүдээс харахад хамгийн алдаа мадаг багатай, харьцангуй нэгдмэл, залгамж чанараа хадгалсан байдлаар гарч байсан шийдвэрүүд нь магадгүй Монгол улсын гадаад бодлогын шийдвэрүүд байсан. Энэ хугацаанд гадаад бодлого болон гадаад бодлогын шийдвэр гаргах үйл явцтай холбоотой олон арван хууль, эрх зүйн баримт бичгийг батлан гаргасны зэрэгцээ шийдвэр гаргах механизмд багтах институтуудын үйл ажиллагааны чиглэл, эрх мэдлийн хүрээ зэргийг зааглан ялгасан эрх зүйн зохицуулалтыг хангалттай хийж иржээ.
Гэвч сүүлийн үеийн гадаад улс төр, эдийн засгийн бодлоготой холбоотой гарч буй зарим шийдвэрүүд нэгдмэл бус буюу “нэг цонх”-ны зарчмаас хазайсан, бодлогын залгамж чанар нь алдагдаж буйн сацуу гадаад бодлогын шийдвэр гаргах үйл явцад оролцож буй институтууд нь эрх мэдлийн хэмжээгээ хэтрүүлдэг, зарим тохиолдолд тус тусдаа “гадаад бодлого”-тойгоос болоод гадаад түншүүдэд нь ойлгомжгүй байдал үүсдэг гэх мэт олон асуудал манай улсын гадаад бодлогын тулгамдсан асуудал болоод байна. Эдгээрийн зэрэгцээ бүхий л салбарын бодлогын шийдвэр, тэр дундаа гадаад бодлогын шийдвэр нь судалгаанд суурилдаггүй, судлаачдын санаа бодол, зөвлөмж зэргийг шийдвэр гаргалтад үндэслэл болгодоггүй, зөвхөн нам эвсэл, бүлэг фракцийн, цаашлаад хувийнхаа эрх ашигт нийцүүлсэн шийдвэр гаргах тохиолдол улс төрчдийн үйл ажиллагаанд түгээмэл болж байна. Монголын өнөөгийн улс төрчдийн дунд нийтлэг болоод байгаа хууль эрх зүйн баримт бичигт заагдсан зүйл заалтыг гуйвуулан мушгидаг, заримдаа бүр зөрчдөг явдал гадаад бодлогын шийдвэр гаргах явцад ч ажиглагдах боллоо. Манай улсын гадаад харилцаа бүхий л боломжит салбараар өргөжин тэлэхийн хэрээр салбарын яам, агентлагуудын гадаад харилцаа эрчимтэй явагдах болсон. Үүнтэй холбоотойгоор бусад яам, тамгын газар Монгол улсын гадаад бодлогын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан, бодлогын нэгдмэл байдлыг хянаж байх ёстой Гадаад харилцааны яамыг давж бусад улсуудтай харилцах, чингэхдээ Монгол төрийн нэгдмэл бодлогыг алдагдуулдаг байдал бий болоод байна. Доктор, профессор, элчин сайд Ж.Энхсайханы ахалсан судлаачдын баг 2016 онд “Монгол улсын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудалд” сэдвээр судалгааны ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд судалгааны ажлын танилцуулгад ямар учир ийм нөхцөл байдал үүссэнийг бичсэн бөгөөд эдгээр хүчин зүйлүүдэд: “улс төрийн намууд төрийн тогтолцоо, эрх мэдэл, үйл ажиллагаанд хэтэрхий оролцон нөлөөлөх болсон”, “хууль тогтоомжоор заан тогтоосон эрх мэдэл алдагдсан”, “хариуцлагын тогтолцоо ажиллахгүй байгаа”, “ГХЯ-ны эрх мэдэл хумигдаж бодлогын нэгдсэн байдалд оролцох оролцоог нь орхигдуулдаг”, “бусад дурын байгууллага, албан тушаалтан дур зоргоороо шийдвэр гаргадаг болсон”, “асуудалд үндэсний ашиг сонирхолын үүднээс ханддаггүй”, “гадаад бодлогын шийдвэр гаргахдаа бодлогын судалгаа, дүн шинжилгээний үр дүнд суурилдаггүй”, эцэст нь “төрийн албан хаагчдын ёс зүйн асуудал” гэх мэт хүчин зүйлс сөргөөр нөлөөлж байгааг жагсаан бичсэнтэй санал нийлж байна.
Гадаад бодлогын шийдвэр гаргах үйл явцад гарч буй алдааг бүрэн гүйцэд арилгах боломжгүй ч гэсэн шийдвэр гаргаж буй хүмүүс алдааг багасгах тал дээр хүчин чармайлт гаргах бүрэн боломжтой. Ингэхийн тулд ач холбогдол бүхий мэдээ мэдээллийг цуглуулан түүндээ сайтар дүн шинжилгээ хийх, гадаад бодлогын шийдвэр гаргах механизмын үйл ажиллагаанд хяналт тавих, ялангуяа нэгдмэл байдлаар бодлогын шийдвэр гаргаж байгаа эсэхийг зохицуулах боломжтой бөгөөд ингэж чадвал гадаад бодлогын шийдвэрийн үр дүн эрс сайжрах юм. Гэвч эдгээр нь тийм ч амар биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой билээ.
Гадаад бодлого нь гурван баганад тулгуурлах бөгөөд эдгээрийн эхнийх нь мэдээлэл, хоёрдахь нь дүн шинжилгээ, гурав дахь нь шийдвэр байдаг тухай олон улсын харилцааны доктор, профессор Г.Төмөрчулуун бичсэн байна. Гадаад бодлого бүрэлдэн бий болох нь нарийн төвөгтэй үйл явц ба үүний чухал бүрэлдэхүүн хэсэг нь гадаад бодлогын шийдвэр гаргах үйл явц юм. Гадаад бодлогын шийдвэрт олон улсын харилцааны систем, тухайн улсын газарзүйн байрлал, цэрэг болон эдийн засгийн хүч чадавх, түүх соёлын уламжлал, засаглалын хэлбэр, улс төрийн систем, нийгмийн бүтэц, олон нийтийн үзэл санаа, хувь хүний үзэл бодол, хүмүүжил болон ёс суртахуун гэх мэт маш олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Гадаад бодлого ба гадаад бодлогын шийдвэр гаргах үйл явцын талаар АНУ тэргүүтэй барууны улс төр, олон улсын харилцааны нэр хүнд бүхий судлаачид олон арван судалгааны ажил хийсэн. Орчин үеийн олон улсын харилцааны тухай шинжлэх ухаан 20-р зууны эхнээс Англид үүссэн хэмээн үздэг бол гадаад бодлогын шийдвэрийн тухай онол 1960-аад онд АНУ-д үүсч хөгжсөн байдаг.
Америкийн эрдэмтэн, Жорж Вашингтоны Их Сургуулийн профессор асан Ж.Розенау гадаад бодлогын дүн шинжилгээний таван түвшинг нэрлэсэн байна. Үүнд:
1. Хувь хүний хүчин зүйл. (шийдвэр гаргагчийн хувийн зан чанар)
2. Үүрэг ролийн хүчин зүйл. (шийдвэр гаргагчийн нийгэмд эзэлж буй байр суурь)
3. Засаглалын хүчин зүйл. (Засгийн газрын бүтэц, төрийн албаны чанар, засгийн газрын гадаад бодлогыг үнэлж буй байдал)
4. Нийгмийн хүчин зүйл. (Нийгмийн үнэт зүйлс, үндэсний нэгдмэл байдал, эдийн засгийн хүчин зүйл гэх мэт)
5. Олон улсын системийн хүчин зүйл. (Гадаад орчин, ОУХ-ны системийн гадаад бодлогод нөлөөлөх хүчин зүйл) зэрэг болно.
Эдгээрээс Монгол улсын хувьд улс төр, нийгэм эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа нэг томоохон хүчин зүйл нь засаглалын хүчин зүйл буюу засаглалын тогтворгүй байдал юм. Энэхүү байдал нь улс төр, эдийн засгийн бодлогын нэгдмэл байдал, залгамж чанар алдагдахад хүргэж буй гол хүчин зүйл бөгөөд энэ нь судлаачдын санааг нэн ихээр зовинуулсан асуудал болжээ. Монгол улсын хувьд гадаад бодлогод нөлөөлөх дээрх хүчин зүйлсийг нэг бүрчлэн судлах, тэр дундаа засаглалын хүчин зүйлс буюу гадаад бодлогын шийдвэр гаргах механизмд сөргөөр нөлөөлж буй засаглалын тогтворгүй байдлын асуудлыг судлан, асуудлыг шийдвэрлэх нь цаг хугацааны хувьд ч тэр нөхцөл байдлын хувьд ч тэр тулгамдсан асуудал болж байна.
Монгол улсын гадаад бодлогын шийдвэр гаргах механизмын тулгамдсан асуудалд тодорхой хариу олохын тулд судалгааныхаа ажлын хүрээнд өнгөрсөн зууны төдийгүй өнөөгийн дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлж буй, судлаач шинжээчид нь гадаад бодлогын онолын судалгаанд тэргүүлэх байр суурь эзэлдэг АНУ-ын гадаад бодлогын шийдвэр гаргах үйл явцыг судлаж, тус улсын гадаад бодлогын шийдвэр гаргах механизмын онцлог, давуу талыг тодруулах нь зүйд нийцнэ. Үүний зэрэгцээ Монгол улсын мөнхийн хөрш, дэлхийн улс төр, эдийн засгийн бодлогод тэргүүлэх байр суурь эзлэхийг зорьж буй, улс төрийн хувьд тогтвортой, бодлогын хувьд уламжлалаа хадгалдаг, гарч буй шийдвэрүүд нь нэгдмэл байж, залгамж чанар нь сайтар хадгалагдаж чаддаг хэмээн олон судлаачид нотолдог БНХАУ-ын гадаад бодлогын шийдвэр гаргах механизмын уламжлал, шинэчлэлийг судлан энэхүү хоёр улсын шийдвэр гаргах механизмын давуу болон сул талыг харьцуулан дүгнэх шаардлагатай. Ингэснээр Монгол улсын гадаад бодлогын шийдвэр гаргах механизмын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай санал зөвлөмжийг боловсруулахад тодорхой хувь нэмэр болно хэмээн үзэж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0