Хүний нийгмийн амьдрал эдийн засаг, санхүүтэй салшгүй холбоотой. Эдийн засгийн энэхүү харилцааг шийдвэрлэж, иргэд олон нийт, байгууллага, компаниуд үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулахад хэвлэл мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс элийн засгийн мэдээлэл чухал ач холбогдолтой юм. Монгол сонины эдийн засгийн мэдээллийн судалгааг хийж бодит үнэлэлт, дүнэлт өгөх нь сэтгүүл зүйн судлалын чухал зорлт болж байна. Тиймээс бид энэхүү судалгааг хийлээ. Монголд сонин хэвлэл үүсч хөгжөөд 100 гаруй бил болж байна. Энэ түүхэн цаг үед сонины эдийн засгийн мэдээллийн дүр зураг ямар байсныг судлан тогтооход бидний судалгааны гол зорилго оршино.
Үүний тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаа.
-Эдийн засгийн мэдээллийн онцлог, мөн чанарыг тодруулах,
-Монгол сонины эдийн засгийн мэдээллийг судлахдаа өмнөх нийгмийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн мэдээллийн онцлог, түүний дамжуулж ирсэн туршлагыг судлах,
- Өнөөгийн чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцооны үеийн эдийн засгийн мэдээллийн судалгааг хийх,
-Эдийн засгийн шилжилтийн онцлог цаг үеүдэд эдийн засгийн сэтгүүл зүйн үүрэг томилолт хэрхэн хэрэгжиж ирснийг үнэлж дүгнэх,
-Эдийн засгийн мэдээллийг боловсруулан түгээхэд орчин үед сэтгүүл зүйд тулгамдаж байгаа асуудлыг тодруулж, засаж сайжруулах арга замыг тодорхойлох
Дээрх зорилтуудыг хэрэгжүүлж бид судалгааны ажлаа дараах бүтэцтэй бичиж боловсруулав.
Удиртгал, үндсэн хоср бүлэг, бүлэг тус бүр хоёр дэд хэсэг, дүгнэлт, номзүй гэсэн хэсэгтэй.
Нэгдүгээр бүлэгтээ хоёр судалгааг хийлээ. 1.1. буюу “Эдийн засгийн сэтгүүл зүй, түүний мэдээллийн онцлог” гарчигтай дэд бүлэгт эдийн засгийн мэдээллийн онцлогийг онолын үүднээс тодорхойлж, диссертацийнхаа үзэл баримтлалыг тогтоосон болно.
Мөн 1.
2. буюу “Монголын сонины эдийн засгийн мэдээллийн уламжлал” хэсэгт өмнөх социалист нийгмийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн сонины эдийн засгийн мэдээллийг судлав. Судалгаагаар энэ үеийн эдийн засгийн мэдээлэл нийгмийн онцлогоос шалтгаалан үзэл сурталжсан, зааварчилсан шинжтэй байжээ. Гэхдээ энэ үеийн мэдээллийн туршлага, уламжлал монгол сонины түүхэнд үлдсэн байна.
2-р бүлэгтээ өнөөгийн эдийн засгийн мэдээллийг судлан, зах зээлийн эдийн засгийн үеийн шилжилттэй холбон үнэлэлт дүгнэлт өглөө. Энэ үед шинэ эдийн засгийг тайлбарлан таниулах, шилжилтийн үеийн онцлогт макро болон микро эдийн засгийг мэдээлэх талаар сонины практик чамгүй туршлага хуримтлуулсан байна.
Ингээд тус судалгаанд үндэслэн тулгамдсан асуудал, сайжруулах арга замыг дараагийн дэд бүлэгт тайлбарлав.
Ингээд судалгааны үр дүнг танилцуулъя.
Монгол сонины эдийн засгийн мэдээллийн судалгааныхаа үр дүнд дараах дүгнэлтэд хүрч байна.
1. Монгол сонины уламжлалаас харахад хөгжлийнхөө эхэн үеэсээ л эдийн засгийн мэдээллийг орхигдуулалгүй тусгаж, улмаар социалист тогтолцооны үед төлөвлөгөөт эдийн засгийн асуудлыг сонины нийтлэлийн бодлогод онцгойлон үзэж, нам, төрөөс авч хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлого шийдвэр, хэрэгжилтийг тогтмол мэдээлж иржээ. Тиймээс сонинд эдийн засгийн мэдээллийг бэлтгэн хүргэх тодорхой хэмжээний туршлага энэ үед хуримтлагдан бий болжээ. Мөн социалист өмчид суурилсан төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн амьдрал, харилцааг илтгэж буй тухайн үеийн мэдээллүүд нь сэтгүүл зүйн түүхэнд нийгэм, эдийн засгийн мэдээлэл харилцааны цуваа цагийн дүр зураг бүхий мэдээллийн нэгэн төрлийн урсгалыг бий болгож чаджээ.
Гэхдээ тухайн нийгмийн тогтолцооноос үүдэн эдийн засгийн мэдээлэл нь үзэл сурталжсан, нам төрийн бодлогыг сурталчилсан макро түвшний мэдээлэл давамгайлж байснаас шалтгаалж хүний ахуй, бодит хэрэгцээнээс нэлээд хөндий, албархуу өнгө аяс голлосон гажуудалд орсон байна.
2. Социалист нийгмийн үеийн сонины эдийн засгийн мэдээллийн агуулга нь тухайн үеийнхээ эдийн засгийн шилжилттэй уялдан 1960-аад оныг хүртэл хувийн өмчийг нийгэмчлэх, нийтийн өмч, түүнийг бүрдүүлэгч хөдөлмөрчдийн үйл хэрэг, нэгдэлжих хөдөлгөөн, атар газар эзэмших хөдөлгөөн, анхдугаар таван жилийн төлөвлөгөө, улс орны эдийн засгийн томоохон зорилтот хөтөлбөрийн бодлого, хэрэгжилт зэргийг голлон тусгаж байв. Харин 1960 оноос социалист бүтээн байгуулалт, үйлдвэржилт, таван жилийн төлөвлөгөөнүүдийн биелэлт, эдийн засгийн харилцан туслалцах хамтын ажиллагаа, нам төрийн эдийн засгийн бодлого шийдвэр, түүний хэрэгжилт зэрэг макро эдийн засгийн томоохон сэдвүүд зонхилохын зэрэгцээ бүтээлч хамт олон, байгууллага, эдийн засгийн салбар дахь ололт амжилт, бүтээлч ажил, тэргүүн туршлага, нийгмийн салбарууд дахь эдийн засгийн үр ашиг, төсөв зэрэг сэдвийг ч хамруулж сэдэв агуулгаар баяжиж иржээ.
3. Социализмын сүүл үеийн сонинууд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн амьдрал дахь ололт, амжилтын зэрэгцээ дутагдал, доголдлыг илчлэн шүүмжлэх, нийгмийн өмчид учирч буй хохирол, эдийн засгийн үр ашиггүй зардлыг нягталсан, асуудалд шүүмжлэлтэй хандсан мэдээллийг зоригтой нийтэлж, энэ хэрээр сонины эдийн засгийн мэдээллийн бодлогод тодорхой дэвшил гарчээ. Энэхүү дэвшилтэт хандлага сонины эдийн засгийн мэдээллийн практик дахь туршлага болсны зэрэгцээ ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн үеийн сонины эдийн засгийн мэдээллийн практикт ч уламжлагдаж эдийн засгийн сэтгүүл зүй шүүмжлэлт дайчин чиглэлтэй хөгжихөд нөлөөлсөн байна.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед монгол сонин эдийн засгийн мэдээллээрээ дамжуулан нийгмийг удирдан зохион байгуулах, нам төрийн нийгэм-эдийн засгийн бодлогыг тусгаж суртал ухуулгыг хэрэгжүүлэх, ажилчин хөдөлмөрчин ангийг улс орны аж үйлдвэржилтийн үйл хэрэгт уриалан дуудах үндсэн зорилт, тодорхой үүргүүдийг биелүүлж байжээ.
4. Ардчилсан хувьсгалаас хойшхи сонины эдийн засгийн мэдээлэл нь өмнөх үеийнхээс эрс ялгаатай болж, эхэн үедээ зах зээлийн эдийн засгийн харилцааг танин мэдүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр голлон бичигдэж байсны дээр шүүмжлэлт шинжээ ч хадгалж иржээ.
Өмнөх үетэй харьцуулахад өнөөгийн сонинууд зах зээлийн эдийн засгийн макро, микро төвшний мэдээллүүдийг жигд хүргэж байна. Ялангуяа иргэд, байгууллагуудын хэрэглээнд тулгуурласан микро төвшний мэдээллүүдээр хүний хэрэгцээ, сонирхолд илүү ойртож чадсанаар нийгэмд хэрэгтэй, ашиг тустай бодит мэдээлэл голлох болжээ. Ийнхүү эдийн засгийн мэдээллийн ач холбогдол өсөн нэмэгдсэний дээр сонины нийтлэлийн бодлогод шинэчлэл хийгдэж, эдийн засгийн мэдээлэл бусад төрлийн мэдээллээс улам бүр ялгаран төрөлжих шатанд хүрсэн байна. Энэ байдлыг дагаж эдийн засгийн мэдээллийн агуулга, хэлбэрт ч өөрчлөлт, ахиц гарсаар байна.
5. Орчин үеийн сонины нийтлэлийн бодлогод эдийн засгийн мэдээллийн эзлэх хувь, байр суурь бодитойгоор өсөн нэмэгдэж байна. Судалгаанаас харвал 1990-ээд оны үед эдийн засгийн мэдээлэл харьцангуй боломжийн хувьтай байсан ч /
17.4%/, 2000-аад оны үед эрс буурч /14%/, харин сүүлийн жилүүдэд огцом өссөн /29%/ байна. Гэвч сонинууд нийтлэлийн бодлогодоо анхаарахдаа зай талбайд ач холбогдол өгөх, хувь хэмжээг өсгөхөөс илүүтэй мэдээллийн чанарыг сайжруулах чиглэлээр ажиллах шаардлагатай байна.
6. Эдийн засгийн мэдээллийн чанарын хувьд ололт, дутагдалтай тал цөөнгүй байгаагаас уншигчид шууд ашиглах, ойлгоход бэрхтэй эдийн засгийн “хатуу” мэдээллийг тайлбартай хүргэх ур чадвар ихээр дутагдаж байна. Ялангуяа тайлбар шаардахгүй шууд дамжуулах мэдээлэл болон тайлбар шаарддаг мэдээллийн боловсруулалтын байдал төдийлөн ялгарч чадахгүй байгаа тал харагдлаа. Мөн техник технологийн дэвшлийг дагаад эдийн засгийн мэдээлэлд олон талт визуаль, дата мэдээллийг нэн түлхүү ашиглах болсон орчин үеийн хандлага монгол сонины практикт нэвтэрсэн ч төдийлөн хангалттай төвшинд хүрч чадаагүй байна.
7. Сонины эдийн засгийн мэдээллийг бэлтгэх сэтгүүлчдийн мэргэшил, мэдээллийн боловсруулалтын чанарын түвшин, ур чадварын өсөлт, мэдээллийн төрөлжилт зэрэгтэй холбоотойгоор эдийн засгийн сэтгүүл зүйн хөгжил төлөвших шатандаа л явж байна. Зах зээлийн эдийн засгийн талаар нийгэм, олон нийтийн мэдээллийн боловсрол, хэрэгцээг хангах “гэрэлтүүлгийн үүрэг”-ийг сонинууд боломжийн төвшинд гүйцэтгэж байгаа ч хэрэглэгчдийн мэдээллийн сонголт, сонирхол хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж хараахан чадахгүй байгаа нь судалгаанаас тодорхой харагдлаа.
8. Өнөөдөр эдийн засгийн сэтгүүл зүй бүрэн дүүрэн төлөвшин бий болж чадахгүй байгаад мэдээллийг боловсруулах арга зүйн хувьд ихэнх сонин үйл явдлыг мэдээлэх төдий, эдийн засгийн мэдээллийн утгыг тайлах, асуудлыг тайлбарлах шинэлэг арга хэлбэрүүдийг бага ашигладаг, сэтгүүлчдийн ур чадвар, эдийн засгийн мэдлэг дутмаг зэрэг хүчин зүйлс голлог нөлөөлж байна.
9. Эдийн засгийн мэдээллийн өнөөгийн байдалд тулгамдаж байгаа сэтгүүлчдийн мэргэшлийн, нийтлэлийн бодлогын, мэдээллийн чанарын, технологийн зэрэг асуудлуудыг шийдвэрлэх нь хойшлуулшгүй зорилт болж байна. Үүний тулд орчин үеийн эдийн засгийн сэтгүүл зүйн олон шинэ дэвшилтэт туршлага, загвар, арга зүйг хэрэгжүүлэх нь чухал бөгөөд нэн тэргүүнийх нь мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх явдал юм. Ингэхдээ олон улсын жишгээр эдийн засагч мэргэжилтнүүдийг редакцид урьж ажиллуулан мэргэшүүлж бэлтгэдэг туршлагыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Эдийн засгийн суурь боловсролтой мэргэшсэн сэтгүүлчдийг бодлогоор бэлтгэж ажиллуулах нь редакцийг чадавхижуулах улмаар эдийн засгийн сэтгүүл зүйг шинэ түвшинд гарган хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Ийм бодлого сэтгүүл зүйн бусад салбарын нарийн мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх зорилтод ч мөн адил хамаарах юм.
Эдийн засгийн харилцаанаас шууд хамааралтай өнөөгийн зах зээлийн нийгэмд хөгжихийн хэрээр эдийн засгийн мэдээллийн хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж хэрэглэгч олон нийт, компани, байгууллага, төр засгийн аль ч түвшинд эдийн засгийн асуудлаа удирдан зохион байгуулахад энэ төрлийн мэдээлэл чухал үүрэгтэй болж, сэтгүүл зүйн нийгмийн хариуцлага өндөрсөж буйг бидний судалгааны үр дүн батлан харууллаа.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0