Газар тариалангийн үйлдвэрлэлд арвин, чанартай ургац авах нөхцөл нь олон хүчин зүйлээс хамаарах бөгөөд тэдгээрийн дотор байгаль, цаг уурын тодорхой нөхцөлд хөдөө аж ахуйн таримлыг тарих, арчлах, ургуулах, ургац хураах зэрэг үйл ажиллагааг агротехнологийн шаардлагын дагуу чанартай гүйцэтгэх нь чухал ач холбогдолтой байдаг.
Аль ч улс оронд газар тариалангийн ажлыг агротехникийн хугацаанд нь хийж, гүйцэтгэхэд үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл, машин, техникийн ажилд бэлэн байх чадвар, техникийн бүрэн бүтэн байдлыг дээшлүүлэхэд байнга анхаарч, түүнд ихээхэн оюуны болон мөнгөн хөрөнгө оруулалт хийсээр ирсэн түүхтэй билээ. Үүний үр дүнд өнөөдөр “машиныг ашиглах болон түүний ажлын бэлэн байдлыг хангах тухай” инженерийн бие даасан шинжлэх ухаан үүсэн хөгжиж, бүр үйлдвэрлэх хүчин болж хувирсан байна.
Иймд газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашиг, эрсдлийг бууруулахад чухал ач холбогдолтой асуудал болох үйлдвэрлэлд ашиглаж буй машин, угсрааны техникийн бэлэн байдлыг хангах, техникийн засвар, үйлчилгээний ажлын өнөөгийн түвшин, түүнийг сайжруулах онол, арга зүйн үндэслэл, техникийн засвар, үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх хэрэгцээ, хэрэгжүүлэх арга зам, нийгэм, эдийн засгийн үр нөлөөг тогтоох нь тулгамдсан асуудлын нэг болж байна.
Судалгааны ажлын зорилго
Хөдөө аж ахуйн техникийн засвар үйлчилгээний ажлын бодит хэрэгцээ, бүтцийг оновчтой бүрдүүлэх үндэслэлийг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын үр тарианы үйлдвэрлэлийн машин-тракторын паркийн жишээн дээр боловсруулахад оршино.
Судалгааны ажлын зорилт
•Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын үр тарианы үйлдвэрлэлийн машин-тракторын паркийн өнөөгийн байдал, трактор, комбайны ашиглалтанд үнэлгээ өгөх, засвар, үйлчилгээний үечлэлийн норм, нормативыг боловсруулан, засвар, үйлчилгээний жилийн ажлын хэмжээг тодорхойлох;
•Машин, тракторын паркийн сэлбэг нийлүүлэлт, техникийн засвар, үйлчилгээний өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, трактор, комбайны саатал, гэмтэл, тэдгээрийн давтамж, хугацаа, тэдгээрийн өөрчлөгдөх зүй тогтлыг математик- статистикийн аргаар тогтоох;
•Сонгосон машин тракторын паркийн техникийн засвар үйлчилгээний тогтолцоог оновчтой бүрдүүлэх онол аргазүйн үндсийг боловсруулах;
•Сонгосон машин-тракторын паркийн техникийн засвар, үйлчилгээний тогтолцоог оновчтой бүрдүүлэх асуудлыг нийтийн үйлчилгээний онолд тулгуурлан боловсруулж, үнэлгээ өгөх;
•Сумын машин-тракторын паркийн бүтцийг найдварт ажиллагааны үзүүлэлттэй уялдуулан оновчтой тогтоох, түүнчлэн техникийн засвар, үйлчилгээний тогтолцоог оновчтой бүрдүүлэх аргачлал, загвар боловсруулж, түүний эдийн засгийн үр ашгийг тодорхойлох, үнэлгээ өгөх зэрэг болно.
Судалгааны ажлын судлагдахуун
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглагдаж буй трактор, комбайн, хөдөө аж ахуйн машины ашиглалт, засвар, үйлчилгээний ажлын өнөөгийн байдал, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт, зохион байгуулалтын хэлбэр, үр тарианы үйлдвэрлэлд ашиглагдаж буй машин-тракторын угсраа.
Судалгааны ажлын арга
Нийтийн үйлчилгээний болон магадлалын онолын математик шинжилгээний аргуудыг нөөц хэмнэх шалгуур-үзүүлэлттэй хослуулан ашиглаж, гүйцэтгэв.
Судалгааны ажлын онол, практикийн ач холбогдол
Диссертацийн ажлын онол-аргазүйн үндэс нь: Хөдөө аж ахуйн техникийн гэмтэл, саатлын урсгал нь санамсаргүй тохиолдлын үзэгдэл болохыг судалгаа, хэмжилтийн үр дүнгээр тогтоож, үйлчилгээний захиалгын болон засвар, үйлчилгээ хийлгэсэн машины урсгал нь Пуассоны урсгал болохыг математик, статистик боловсруулалтын дүнгээр нотолж, засвар, үйлчилгээний суурин болон явуулын нэгжийн хэрэгцээг нийтийн үйлчилгээний онолын, хүлээлэг бүхий хаалттай тогтолцооны бүдүүвчээр нөөц хэмнэх шалгуур-үзүүлэлтүүдийг ашиглан, оновчлон тодорхойлсонд оршино.
Практик ач холбогдол: Боловсруулсан онол-арга зүйн үндэс, судалгааны ажлын үр дүн нь ХХААХҮЯамны бодлого, газар тариалангийн үйлдвэр эрхэлж буй үйлдвэр, аж ахуйн газар, эрдэм шинжилгээ-сургалтын ажилд ашиглагдах боломжтой.
Судалгааны ажлын бүтэц
Уг диссертацийн ажил нь удиртгал, үндсэн 4 бүлэг, 12 хавсралт, танилцуулга (Орос, Англи хэл дээр), 52 зураг, 63 хүснэгт бүхий нийт 173 хуудас хэвлэмэл бүтээл болно.
Судалгааны ажлын дүгнэлт:
•ХАА-н машин, техникийн засвар, үйлчилгээний нэгж (хэрэгсэл)-ийн хэрэгцээг оновчтой тогтоох онолын тооцоо судалгааг нийтийн үйлчилгээний онолын хүлээлэг бүхий хаалттай тогтолцооны бүдүүвч болон магадлалын онолын үндсэн хуулиудтай хослуулан ашиглан гүйцэтгэсэн бөгөөд машин, техникд саатал үүсэх үзэгдлийг Марковын санамсаргүй тохиолдлын тасалдсан төлөвт байдал болон тасралтгүй үргэлжлэх хугацаатай үзэгдэл болох тухай таамаглал дэвшүүлсэн бөгөөд уг таамаглал бидний гүйцэтгэсэн судалгааны үр дүнгээр тогтоогдсон саатал үүсэх давтамж Пуассоны хуулинд захирагдаж байгаагаар нотлогдож байна.
•ХАА-н машины засвар, техникийн үйлчилгээний ажлын болон шаардлагатай сэлбэг захиалгын давтамж нь Марковын санамсаргүй тохиолдлын үзэгдэл болохыг математик статистик боловсруулалт, шинжилгээгээр тогтоож, засвар, үйлчилгээний суурин болон явуулын нэгж (хэрэгсэл)-ийн хэрэгцээг нийтийн үйлчилгээний онолын хүлээлэг бүхий хаалттай тогтолцооны бүдүүвч болон нөөц хэмнэх шалгуур-үзүүлэлтүүдийг ашиглан, оновчлон дараах байдлаар тогтоов. Үүнд: Жилдээ 75-н жишмэл тракторт засвар хийх хүчин чадалтай суурин засварын газар-1; 20-н жишмэл тракторт үйлчлэх техникийн үйлчилгээний суурин цэг-5; техникийн үйлчилгээний тусгай зориулалтын автомашин-5; явуулын засварын автомашин 5-аас бүрдэж байна.
•Машин-тракторын угсрааны техникийн бэлэн байдлыг хангах асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэж чадсанаар тэдгээрийн найдварт ажиллагааны үзүүлэлт эрс дээшилж, паркийн бүтцийг техникийн найдварт ажиллагааны үзүүлэлттэй уялдуулан оновчтой тогтоох боломжтой боллоо.
•Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрт газар тариалан эрхэлж буй аж ахуйн нэгжүүд нь өнөөгийн байдлаар 293 нэрийн машин, трактор ашиглаж байгаа бөгөөд бидний тооцооны үр дүнгээр 260 нэрийн машин трактор шаардлагатай болох нь тогтоогдсон болно. Эндээс үзэхэд 43 нэрийн машин, тракторыг бодит хэрэгцээнээс илүү бүрдүүлсэнийг харуулж байгаа бөгөөд энэ нь засвар, үйлчилгээний ажлын зохион байгуулалтыг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэхийн ач холбогдлыг илэрхийлж байна.
•ХАА-н техникийн засвар, үйлчилгээний бүтэц, хэрэгцээг оновчтой бүрдүүлсэнээр сонгож авсан бүс нутгийн жишээгээр тооцоолоход машин, тракторын техникийн бэлэн байдал
0.85-аас
0.97 хүртэл дээшилж, дизель түлшний зардал
27.7%, засвар, үйлчилгээний зардал
23.7% тус тус буурах боломж бүрдэн улмаар жилдээ 552,0 сая.₮ -ийн зардал хэмнэх боломжтой байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 5
Ишлэгдсэн тоо : 0