Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Улсын орлогын тэгш бус байдал, бууруулах боломж: микро хандлага



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4637
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : өрхийн орлого, микросимуляц, задаргаа, шинжилгээ

Аннотаци

Энэхүү докторын судалгааны ажилдаа би 2008-2021 онд орлогын хуваарилалт хэрхэн өөрчлөгдсөн, үүнд ямар хүчин зүйлс нөлөөлснийг ҮСХ-ны жил бүр гүйцэтгэдэг Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа (ӨНЭЗС)-ны өрхийн түвшний анхдагч тоон өгөгдөл ашиглан шинжлэхийг зорилоо.
Энэ диссертац нь өрхийн орлогын тархалтын урт хугацааны өөрчлөлтийг хэд хэдэн аргаар нарийвчлан хэмжиж, орлогын тэгш бус байдалд нөлөөлөгч хүчин зүйлсийн нөлөөг орлогын эх үүсвэрээрх болон регрессийн задаргаа, динамик задаргаа гэх мэт шинэлэг аргаар шинжилсэн. Орлогын тэгш бус байдлын урт хугацааны өөрчлөлтөд дахин хуваарилалтын бодлогын үзүүлэх нөлөөг татвар-халамжийн микросимуляцийн загвар боловсруулж үнэлсэн.
Монгол Улс дахь орлогын тэгш бус байдлыг хэмжих Жини коэффициент хэрэглээнээс тооцсон үзүүлэлтээс 4-8 нэгжээр өндөр байна. 2008-2014 онд орлогын тэгш бус байдал буурсан бол 2015-2019 онд бараг өөрчлөгдөөгүй. Харин 2020-2021 онд Ковид-19 цар тахлын үеийн Засгийн газрын шилжүүлгийн дүнд орлогын тэгш бус байдал буурчээ. Урт хугацаанд орлогын тэгш бус байдал буурсан нь өндөр орлоготой бүлгийн орлогын эзлэх хувь буурч, бага орлоготой бүлгийн орлогын эзлэх хувь нэмэгдсэнтэй холбоотой байна. Харин дундаж орлоготой бүлгийн орлогын эзлэх хувь төдийлөн өөрчлөгдөөгүй ажээ.
Орлогын тэгш бус байдалд цалингийн орлогын тэгш бус байдал хамгийн их нөлөөтэй байгаа бөгөөд энэ нөлөө нь 2008-2019 онд 43%-аас 58% болж нэмэгдсэн. Цалингийн орлогын өөрийн тэгш бус байдал буурсан, нийт орлогод цалингийн эзлэх хувь нэмэгдсэн нь үүнд голлон нөлөөлжээ.
Мөн өрхийн тэтгэвэр, халамжийн орлогын ялгаа орлогын тэгш бус байдалд үзүүлэх нөлөө өссөн. Үүнд тэтгэвэр тэтгэмжийн орлогын өөрийн тэгш бус байдал нэмэгдсэн нь нөлөөлжээ. Тэтгэвэр, халамжийн төрлүүд дундаас өндөр насны тэтгэвэр нь орлогын тэгш бус байдалд хамгийн их нөлөөтэй байв. Хугацааны эхэнд тэгш бус байдлыг бууруулах нөлөөтэй байсан энэ орлого хугацааны эцэст орлогын тэгш бус байдлыг нэмэгдүүлэх нөлөөтэй болж ирсэн нь анхаарал татаж байна. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмж нийт орлогын тэгш бус байдлыг бууруулж ирсэн бөгөөд энэ нөлөө нь тогтвортой байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамж орлогын тэгш бус байдалд нөлөө багатай байж ирсэн.
ХАА-н орлого ба өрхийн бизнесийн орлого нийт орлогын тэгш бус байдалд үзүүлэх нөлөө буурч байгаа бөгөөд үүнд нийт орлогод эдгээр орлогын эзлэх хувийн жин буурсан нь голлон нөлөөлсөн. Цалин, өрхийн бизнес, бусад орлогын өсөлт нь орлогын тэгш бус байдлыг нэмэгдүүлэх ахиу нөлөөтэй бол тэтгэвэр, халамж болон ХАА-н орлогын өсөлт нь орлогын тэгш бус байдлыг бууруулах нөлөөтэй байна. Орлогын тэгш хуваарилалтад өрхийн бизнесийн орлогын өсөлтийн ахиу сөрөг нөлөө буурч байгаа бол цалин, бусад орлогын ахиу сөрөг нөлөө бага зэрэг нэмэгдэх хандлагатай байна. Харин тэтгэвэр халамжийн болон ХАА-н орлогын өсөлтийн ахиу эерэг нөлөө сулрах хандлагатай байна.
Орлогын тэгш бус байдал нь өрхийн нийгэм-эдийн засгийн шинж чанараар тодорхойлогдох бүлэг хоорондын тэгш бус байдлаас сулхан хамаарч байна. Харин бүлгүүдийн доторх ялгаа орлогын тэгш бус байдлын 81%-99%-ийг тайлбарлаж байна. Сонгож авсан бүлгүүдээс өрхийн тэргүүний боловсролын түвшнээр тодорхойлогдох бүлэг хоорондын ялгаа орлогын тэгш бус байдалд хамгийн их нөлөөтэй байна. Энэ нөлөө 2008 онд
8.3% байсан бол 2018 онд
12.8% болж нэмэгджээ. Учир нь өрхийн тэргүүн дээд боловсролтой бол өрхийн нэг хүнд ногдох дундаж орлого нь бага боловсролтой тэргүүнтэй өрхийнхөөс 87%-130% өндөр байна.
Монгол Улсын төрөөс хэрэгжүүлдэг шууд татвар, шууд шилжүүлгийн бодлого нь Жини коэффициентоор хэмжигдэх орлогын тэгш бус байдлыг 20 орчим хувиар бууруулж байна. Энэ нөлөө урт хугацаанд бараг өөрчлөгдөөгүй. Энэ нь дэлхийн дунджаас дээгүүр, Европ, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудынхтай ойролцоо байгаа юм. Үүнд, манай улсын татвар-халамжийн тогтолцоо бүхэлдээ илүү прогрессив шинжтэй болсон, өрхийн орлогод эзлэх тэтгэвэр, халамжийн орлогын хувь нэмэгдсэн, эдгээр орлогын бага орлоготой өрхүүдэд очдог хувь илүү нэмэгдсэн зэрэг өөрчлөлт нөлөөлжээ.
2017-2020 онд Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Валютын Сантай хамтран хэрэгжүүлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг нэмэх, НДШ-ийн хувь хэмжээг өсгөх шат дараатай өсгөх, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрээр цалингийн доод түвшнийг нэмсэн зэрэг арга хэмжээний дүнд цалингийн тэгш бус байдал богино хугацаанд
0.44 жини нэгжээр, өрхийн нийт орлогын тэгш бус байдал
0.5 жини нэгжээр буурчээ. Энэ бодлого аймгийн төвийн өрхийн дундаж орлогыг хамгийн ихээр (
2.1%) бууруулах бол хөдөөгийн өрхийн орлогод бараг нөлөөлөхөөргүй байна. Өрхийн 10 тэнцүү бүлгийн хамгийн бага орлоготой хоёр бүлгийн орлого өсөх бол бусад өндөр орлоготой бүлгүүдийн орлого буурахаар байна. Мөн эрэгтэй тэргүүнтэй өрхүүд, залуу болон дунд насны тэргүүнтэй өрхүүд, дээд боловсролтой тэргүүнтэй өрхүүдийн орлогыг илүү их бууруулах нөлөөтэй байна. Дээрх арга хэмжээн дээр нэмээд, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд анх дэвшүүлсэн цалин хөлсний орлогод 25% хүртэл өсөн нэмэгдэх татвар ноогдуулсан бол татвар-халамжийн тогтолцоо илүү прогрессив болж, цалингийн тэгш бус байдлыг
0.9 жини нэгжээр, өрхийн орлогын тэгш бус байдлыг
0.7 жини нэгжээр бууруулах байжээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 7

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 124
Сүүлийн сард 22
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 3

Ишлэгдсэн тоо : 0

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :