Аливаа улс үндэстэнд нийтлэг зан заншил байхын зэрэгцээ тухайн газар нутгийн өвөрмөц байдал, хүн ардын аж байдалд тохирсон онцлог сонин зан үйл цөөнгүй байдаг ажээ. Үүний жишээг бид Монгол, Солонгос хоёр орны үлгэр домог, түүн дотроос аж байдлын үлгэрийг нь харьцуулан судалж үзээд мэдэж болох юм. Тус судалгаанд монгол 160, солонгос 100 аж байдлын үлгэрийг хэрэглэгдэхүүн болгон судалсан бөгөөд нийт үлгэрийг сэдвийн хүрээнд зургаа ангилж холбогдох жишээ үлгэрийн агуулгад дүн шинжилгээ хийж харьцуулан судалсан. Аж байдлын үлгэрт нийгмийн харилцаанаас үүдэлтэй олон талт үзэгдлийг сайшаан сургамжилсан, ухааруулан сэрэмжлүүлсэн, шоглон егөөдсөн, шүүмжлэн буруутгасан байдлаар дүрслэн харуулахдаа зөвхөн хүний дүрээр бус мөн амьтдын дүрийг хүншүүлэн нэмэх, шидэт үлгэрийн элементүүдээс ашиглаж үйл явдлыг ер бусын үлгэрлэг шинжтэй болгох зэргээр үлгэрийн зүйлүүдийн нийлэг шинжтэйгээр бүтээж ирсэн уламжлал байна. Мөн бодит амьдралд байх боломжгүй хэтийдсэн байдлаар үйл явдлыг өрнүүлэх, төгсгөх зэрэг нийтлэг шинжтэй байгаа нь аж байдлын үлгэрийг цэвэр реалист үлгэр гэж үзэх нь учир дутагдалтай болохыг харуулж байна.
Дээрхийн адил нийтлэг дүрүүдээс гадна хоёр орны аж амьдралын хэв маяг, газар нутгийн байршил, эрхэлдэг аж ахуйтай холбоотойгоор нэг орны үлгэрт гарах дүрүүд нөгөө орны үлгэрт гарахгүй байх юм уу, цөөн дурдагдах байдал ажиглагдлаа. Жишээлбэл, монгол аж байдлын үлгэрт мал аж ахуйтай холбоотой хоньчин, хургачин, малчин, адуучин зэрэг дүр гардаг бол солонгос аж байдлын үлгэрт газар тариалангийн аж ахуй болон далай тэнгистэй холбоотой тариачин, загасчин, түлээчин, газрын эзэн, сүрлэн шаахайн худалдаачин, дэвүүрийн худалдаачин зэрэг дүрүүд зонхилж байгаа нь аж байдлын үлгэр дэх дүрүүдийн ялгаатай талыг илтгэнэ.
Монгол, солонгос аж байдлын үлгэрт адил нэртэй боловч үйл явдал өөр олон үлгэр байгаа нь хүний амьдрал, аж байдал, үйл явдал дуусашгүй өргөн агуулга, цар хүрээтэй бөгөөд давтагдашгүй баялаг болохыг харуулжээ. Дүрүүдийн хувьд үгийн ур, ухааны цараагаар ард олныг зовоон, дарлаж байсан феодал ангийг устгаж, “түлээчин эр”, “загасчин өвгөн”, “үхэрчин хүү”, “малчин ард”-ын амьдралаас алдар хүнд, хангалуун амьдралд хүрч, бүр цаашлаад ноёны сэнтийд заларч болох тухай, “ухаант бэр”, “халамжит эхнэр”, “ачлалт охин”-ы арга ухаан, ач энэрэл, төрүүлсэн эцэг эх төдийгүй хадам аав ээжийг өргөн тэтгэж, амьдралын аар саар асуудлыг аргалан шийдэхээс эхлээд харь холын дайснаас хүртэл төр улс, төрөл саднаа хамгаалж байгаа агуулгатай үлгэр зонхилдог. Эдгээр үлгэр нь уран сэтгэмж, хийсвэр төсөөлөл, хэтрүүлэл, ид шид багатай байдаг онцлогтойн дээр хүн хичээж зүтгэн, ажил хөдөлмөр эрхэлж, үнэнч шударга явбал өөрт оноогдсон ядуу дорд хувь заяагаа өөрчилж, элбэг хангалуун амьдралд хүрч, эд хөрөнгийн эзэн, улс орны хаан, ноён ч болж болдог тухай үндэсний сэтгэлгээ шингэсэн гэж үзэж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 8
Ишлэгдсэн тоо : 0