Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин гэсэн ойлголт нь түүний байлдааны үндсэн бүрэлдэхүүний зонхилох хэсгийг сайн дурын үндсэн дээр гэрээгээр цэргийн алба хааж буй бие бүрэлдэхүүн (офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч)-тэй мэргэжлийн цэргийн анги, салбар, эзэлдэг, тэдгээрийг сургаж, бэлтгэх тогтолцоо нь мэргэжлийн армийн сургалтын зарчим, стандартад дүйцсэн байхад үндэслэнэ.
Орчин үеийн зэвсэглэл, техник, технологийн дэвшил, зэвсэгт тэмцлийн шинж чанар өөрчлөгдөж, түүнийг бэлтгэн явуулах арга, хэлбэр шинэчлэгдсэн, Зэвсэгт хүчний өмнө уламжлалт болон уламжлалт бус үүргүүд ногдох болсон зэрэг нь цэргийн сургалтын тогтолцоог боловсронгуй болгох үндсэн шалтгаан болж байна.
Монгол цэргийн сургалт нь хорьдугаар зуунд ЗХУ-ын (хуучин нэрээр) цэргийн сургалт, хүмүүжлийн онолд түшиглэн хөгжиж ирсэн бол шинэ зууны эхний үеэс энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагааны туршлагаар баяжиж, улмаар шинэ чиг хандлагад аажмаар дөхөх чиг шугамыг баримталж байна.
Цэргийн сургалтыг мэргэжлийн цэргийн жишигт нийцүүлэх үйл явц нь тогтолцооны өөрчлөлтөд тулгуурлан ЦАХ, нэгтгэл, анги, салбарын сургалтын агуулга, арга зүй, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, чанартай, хүртээмжтэй сургалтын орчин, технологийн нөхцөл болон нөөцийг бүрдүүлсэн үед үр дүнд хүрнэ.
Цэргийн сургалтын парадигмын хөгжил нь “энгийнээс нарийн төвөгтэй” гэсэн зарчимд үндэслэсэн харилцан яриа, үзүүлэн таниулах, дасгал, дадлагын зэрэг сургалтын практик аргыг хэрэглэх замаар цэргийн алба хаагчдыг тавигдсан үүргийг ямар ч нөхцөлд гүйцэтгэх ур чадвар олгоход чиглэгдэж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн сургалтын парадигм, түүний хувьсал, өөрчлөлтийг авч үзэхийн тулд орчин цагийн Монгол Улсын цэргийн сургалтын хөгжлийг 6 үе, шат болгон авч үзсэн.
Дээр дурдсан сургалтын онолууд нь нэгд, танин мэдэхүйд чиглэсэн онолыг чухалсан нэг хэсэг байхад, нөгөө нэг хэсэг нь сурч дадлага олоход чиглэсэн практикийг чухалсан байна. Энэ нь өрнөд хөгжсөн шинжлэх ухаантай болон америк, хятадад хөгжсөн прагматизмаас улбаатай байна.
Бидний энэхүү судалгааны ажил нь цэргийн сургалтыг боловсронгуй болгоход чиглэж, сургалтын тогтолцоо, агуулга, арга зүйтэй холбогдож буйгаас цэргийн сургалтын тогтсон загвар, дэг журам буюу парадигмтэй холбогдож байна.
Цэргийн сургалтын хөтөлбөр нь:
1.цэргийн сургалтын нийгмийн хэрэгцээ нь мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчний бодлого, зорилтод нийцсэн, сургалтаар олж авах мэдлэг, дадлага, ур чадвар байна;
2. цэргийн сургалтын зорилго, зорилт нь цэргийн урлагийн хөгжлийн чиг хандлага, зэвсэгт тэмцэлд бэлэн байх үзэл баримтлалаар тодорхойлогдож байна;
3. цэргийн сургалтын агуулга нь сургалтын арга, хэлбэр, судлах зүйл, хичээлийн төрөл тус бүрийн зорилтуудаар илэрхийлэгдэж байна;
4. Цэргийн сургалтын стандарт нь тасралтгүй, шаталсан дадлага, сургуулийн үр дүнд хүрвэл зохих түвшин, шалгуураар илэрч байна.
Сургалтын агуулга тодорхойлж, хөтөлбөр зохиож боловсруулахын тулд юуны өмнө эхлээд цэргийн сургалтын агуулгын стандартыг шинжилж, стандартын бүхлийн баримжааг тодруулж түүнд байгаа ололт, дутагдлыг тодорхойлох нь зүйтэй.
Цэргийн сургалтын агуулгыг боловсронгуй болгох арга хэмжээний хүрээнд сургалтын арга зүй, төлөвлөлт, агуулгын шинэчлэлийг мэргэжлийн армийн жишигт нийцүүлэх үйл явц нь ЦАХ, нэгж, салаа, салбар, анги бүрийн “нэн чухал үүргийн жагсаалт”-ыг боловсруулах арга зүй болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 30
Ишлэгдсэн тоо : 0