Миостатин (MSTN) ген нь хөхтөн амьтдын араг ясны булчингийн өсөлт, хөгжилтийн сөрөг зохицуулагч болох TGF-β -ийн бүлэгт хамаарагддаг. "Хурдны ген” гэж нэрлэгддэг MSTN нь морин уралдааны үед туулах чадварт нөлөөлдөг гол генетик хүчин зүйл болох нь батлагдсан ба адууны уралдах чадварыг урьдчилан таамаглах (Equinome Speed Gene Test), шилэн сонгох, үржүүлэх, сургах зэрэгт шийдвэр гаргахад ашиглах боломжтой ба адуунд (Equus caballus) одоогоор MSTN гентэй холбоотой уралдааны туулах чадварыг судалсан цөөн тооны судалгаа байна. Мөн түүнчлэн өмнөх судалгаанууд нь MSTN генийн үйл ажиллагааг алдагдуулах байдлаар (knock-out) транскриптомын профайл (transcriptome profiling)-ийг судлаагүй байна. Бидний мэдэж байгаагаар энэ нь адууны MSTN-ийн үйл ажиллагааг алдагдуулан араг ясны булчингийн сателлит эсийн бодисын солилцоонд үзүүлэх нөлөөг судлах анхны судалгаа юм.
Адууны MSTN генийн зохицуулах үйл ажиллагааг геномын, транскриптийн түвшинд судалсан бусад судлаачдын үр дүнгээс үзэхэд араг ясны булчингийн нөхөн төлжилтийн процесстой холбоотой бодисын солилцооны дохио дамжуулах замуудыг тогтоосон мэдээлэл хязгаарлагдмал хэвээр байна. Иймд нутгийн Монгол адууны булчингийн сателлит эсэд MSTN генийн нийлэгжлийг сааруулан бодисын солилцооны зохицуулалтад нөлөөлөх нөлөөллийг хязгаарлах механизмыг транскриптомын профайлаар илэрсэн геномын доод урсгалын генийн сүлжээ (downstream gene network)-г анх удаа шинжлэх нь энэхүү судалгааны ажлын үндсэн зорилго бөгөөд дараах зорилтуудыг дэвшүүлэв.
Үүнд: 1) Монгол адууны булчингийн сателлит эсийг in vitro нөхцөлд өсгөвөрлөх, тодорхойлох 2) Рекомбинант ДНХ технологийн дагуу MSTN генийн уураг нийлэгжүүлэх идэвхийг сааруулах (knock-down) зориулалттай плазмид вектор бүтээж MSTN генийн зохицуулалтын системийг in vitro-д бий болгох 3) Өндөр бүтээмжит РНХ секвенсинг (High Throughput RNA sequencing)-ийн тусламжтай, эсийн бодисын солилцоонд нөлөөлөх үндсэн дохио дамжуулах замуудад (signaling pathways) гарсан өөрчлөлтийг тодорхойлох,
Гол үр дүн нь дараах байдалтай байв.
(1) Бид монгол адууны булчингийн сателлит эсийг in vitro-д судалж, үр дүнг баталгаажуулах зорилгоор иммунофлуоресценц, Q-PCR-ийн аргаар сателлит эсийг Desmin, PAX7, MyoD молекул маркерийн тусламжтай фибробластын эсүүдээс ялган тодорхойлов.
(2) Монгол адууны MSTN генийн өвөрмөц дарааллыг танин, уургийн нийлэгжилтийг сааруулах чадвартай жижиг РНХ (miRNA)-г рекомбинант ДНХ технологийн аргаар эукариот плазмидтай холбож pTd Tomato-miRNAs-eMSTN клонинг вектор бүтээв.
(3) Хяналт, туршилтын бүлгийн булчингийн сателлит эсэд pTd Tomato-miRNAs-eMSTN клонинг вектор халдварлуулснаас хойш 36 цагийн дараа эсийн нийт мРНХ-ийг ялган цэвэршүүлж, РНХ секвэнсинг хийхэд MSTN ген нь Монгол адууны булчингийн сателлит эсийн хуваагдал, пролифераци, булчингийн ширхгийн төрөлжилт гэх мэт комплекс үйл ажиллагааг хариуцсан PAX, Notch, MAPK, WNT A зэрэг бодисын солилцооны гол дохио дамжуулах замуудад чухал нөлөөтэй болохыг тодорхойлсон.
(4) MSTN ген нь булчингийн сателлит эсийн пролиферацид сөрөг нөлөө үзүүлдэг болохыг мөн баталгаажуулсан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0