Энэхүү судалгааны үндсэн зорилго нь орчин үеийн машин сургалтын арга техник, зайнаас тандан судлах өгөгдлийг ашиглан Монгол улсын хэмжээнд газрын нөөцийн чадавхыг үнэлж загварчлахад оршино. Энэхүү диссертаци нь 7 бүлгээс бүрдэнэ.
Нэгдүгээр бүлэгт газрын үнэлгээний талаарх ойлголт, үзэл баримтлал, ангиллын зарчим, түүхэн хөгжил, технологийн ололтуудыг тусгасан. Цаашлаад Монгол орны газрын үнэлгээний үндсэн асуудлууд, газрын нөөцийн чадавхыг үнэлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон.
Хоёрдугаар бүлэгт Монгол орны тариалангийн газрын тохиромжтой байдлын үнэлгээний талаар судалсан. Гол зорилго нь Монгол орны хэмжээнд тариалах хангалттай хүчин чадалтай шинэ тариалангийн талбайг илрүүлэх арга, хэрэгсэл, шалгуур үзүүлэлтийг боловсруулах явдал байсан.
Гуравдугаар бүлэгт газрын нөөцийн бүрэлдэхүүн хэсэг болох бэлчээрийн биомассын талаар судалсан болно. Энэхүү судалгааны гол зорилго нь бэлчээрийн биомассыг тооцоолох оновчтой арга зүйг боловсруулах явдал байсан. Бэлчээрийг тэжээлийн эх үүсвэр болгон зохистой ашиглах нь Монгол орны мал аж ахуйн амин чухал асуудал юм.
Дөрөвдүгээр бүлэгт улс орны эдийн засгийн хөгжлийг тодорхойлдог байгаль-экологийн үндсэн үзүүлэлт болох гадаргын орчмын агаарын сарын дундаж температур (Ta)-ын цаг уурын зүй тогтлыг судалсан болно.
Тавдугаар бүлэгт Монгол орны уур амьсгалын хувьсагч (индекс)-уудыг үнэлэх талаар судалсан. Гол зорилго нь био-уур амьсгалын болон уур амьсгалын хувьсагчдын цаг хугацаа, орон зайн тархалтыг сайжруулах арга замуудыг судлах явдал юм.
Зургаадугаар бүлэгт Монгол орны газрын чадавхын үнэлгээг судалсан. Гол зорилго нь төрөл бүрийн байгаль орчны цуврал өгөгдөл шугаман болон шугаман бус регрессийн загваруудыг ашиглан Монгол орны газрын чадавхыг үнэлэх явдал байсан.
Долоодугаар бүлэгт энэхүү судалгааны үр дүнд үндэслэн хураангуй дүгнэлтийг оруулсан болно. Энэхүү судалгааны хүрээнд боловсруулсан загвар, орон зайн тархалтын зураглал нь тогтвортой ашиглалт, газрын менежментийн талаар үндэслэлтэй шийдвэр гаргахад хувь нэмрээ оруулах болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0