Хүчтэй салхины улмаас нарийн ширхэгт шороо агаар мандалд гарах үндсэн механизм нь газрын гадарга орчим дэх элсний нүүлт юм. Өөрөөр хэлбэл агаар мандалд дэгдэх шорооны хэмжээ нь элсний нүүлтийн хэмжээнээс шууд хамаарна. Тиймээс элсэн болон шороон шуурга гэж нэрлэдэг. Элсэн болон шороон шуурга нь цаг агаар, уур амьсгал, хүний эрүүл мэнд, газрын доройтол, цөлжилт, экосистемд нөлөөлдөг. Элсний нүүлтийн хэмжээг элсний нүүлтийн урсгал (Q)-ээр тодорхойлдог. Элсний нүүлтийн урсгал нь олон хүчин зүйлээс хамаардаг. Тухайлбал, цаг агаар, хөрсний төрөл, хөрсний байдал (чийгшил, барьцалдсан байдал, хөлдөлт), газрын гадаргын элементүүд (ургамал, чулуу) зэргээс хамаарна. Тиймээс элсний нүүлтийг цаг хугацаа болон орон зайгаар үнэн зөв тооцоолох нь хүндрэлтэй байдаг. Тэр утгаараа элсэн болон шороон шуурганы тоон загварын үр дүн төдийлөн сайн биш байна. Тоон загварын үр дүнг сайжруулахын тулд Монгол орны Говь цөлд хэвтээ чиглэл дэх элсний нүүлтийн урсгалд нөлөөлөх хүчин зүйлүүд (салхины хурд, газрын гадаргын элементүүд болон ургамал, чулуу, элсний элбэг байдал)-ийг судалж ойлгох нь энэ дипломын гол зорилго байв. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт хийсэн хээрийн хэмжилтээр элс нүүж эхлэх газрын гадарга орчмын салхины босго утгад нөлөөлөх чулууны нөлөөг хоёрдугаар бүлэгт судалсан. Чулууны барзгарын нягтрал болон бүрхцийн хувьд харилцан адилгүй гурван байнгын, найман зөөврийн станцад элс нүүх босго утгыг 2018 болон 2019 оны хаврын улиралд хэмжсэн. Хэмжилтийн үр дүнгээс харахад хамгийн бага босго утга чулуугүй, тэгш элсэн гадаргуу дээр (
0.23 м/с) байсан бол чулууны барзгарын нягт ихсэх тусам (
0.05-
0.32) элсний нүүлтийн босго утга ихсэж байв (
0.41-
0.71 м/с). Мөн элс нүүх салхины босго утгын онолын загварт чулууны барзгарын нягтыг хэмжсэн утгыг оруулж өгснөөр тоон загварын үр дүнг сайжирсан. Хээрийн хэмжилт болон тоон загварын үр дүнгээс харахад элсний нүүж эхлэх газрын гадарга орчим дэх салхины босго утгад нөлөөлөх чулууны нөлөө их байна. Онолын тоон загвар нь хагд өвс болон хөрсний барьцалдсан байдал (crust)-ын нөлөөг загварчилж чадахгүй байгааг мөн харуулав.
Өмнөх бүлэгт чулуу, хагд өвс, хөрсний барьцалдсан байдал, хөрсний чийг нь босго утгад нөлөөлж байгааг харуусан боловч эдгээр хүчин зүйлүүдийн орон зай болон цаг хугацааны тархалтын мэдээлэл байхгүйн улмаас босго утгыг өргөн уудам нутгаар тооцоолж чадахгүй байна. Тиймээс гуравдугаар бүлгийн зорилго нь хиймэл дагуулын мэдээгээр элс нүүх босго утгыг цаг хугацаа болон орон зайгаар тооцоолох байв. Syntetic Aperture Radar (SAR)/Sentinel-1 хиймэл дагуул нь богино долгионы мэдрүүртэй радар тул газрын гадаргаас буцаж ойсон эрчим нь газрын гадаргын элементүүд (хагд өвс, чулуу, хөрсний барьцалдсан байдал, сул элс)-үүд болон хөрсний чийгээс хамаардаг ба тэдгээрийн хугацааны өөрчлөлтийн мэдээллийг өргөн уудам нутгаар өгдөг. 2018-2020 оны хаврын улиралд хагд өвс, чулуу, сул элстэй станцуудад хэмжсэн босго утга SAR-ийн эрчимтэй шугаман хамааралтай байгааг үзүүлэв. Энэ шугаман хамаарлаар 2017-2021 оны хаврын улирал дахь босго утгыг тооцоолоход жил бүр харилцан адилгүй байсан ба босго утга нь цаг хугацааны өөрчлөлт ихтэй байсан.
Газрын гадарга орчимд нүүх элсний хэмжээнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг хоёр болон гуравдугаар дугаар бүлгийн бодит хэмжилтийн үр дүн, элсний нүүлтийн хэмжсэн утга болон загварын үр дүнгээр дөрөвдүгээр бүлэгт тодорхойлов. Чулуу, хагд өвс, хөрсний барьцалдсан байдал нь элс нүүж эхлэх босго утгад нөлөөлж байгаач, эдгээр хүчин зүйлүүд нь элсний нүүлтийн хэмжээнд элсний элбэг байдал нэг чухал хүчин зүйл болох нь загварын үр дүнгээр батлагдаж байна. Цаашид элсний нүүлтийн хэмжээний хэмжилтийг олон цэгт удаан хугацаанд (жил дамнан) хийж бусад хүчин зүйлүүдийн нөлөөг (хөрсний чийг, ногоон ургамал) судлах шаардлагатай.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0