Монгол нүүдэлчдийн соёлын өв, уламжлалт наадгайн төрлүүд дотор өв тээгчдийн тоо, цар хүрээгээрээ томоохон байр суурь эзэлж буй өв бол шагайн харваа юм. Шагайн харваа нь монгол угсаатны бүлгүүдийн дунд өөр өөрийн онцлогтойгоор уламжлагдан ирсэн бөгөөд 2014 онд ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдээд байна. Энэ нь Нэгдсэн үндэстний нэр хүндтэй энэ байгууллагын зүгээс хүн төрөлхтний соёлын биет бус өвийн нэгэн чухал төлөөлөл болох шагайн харвааны амьд уламжлалыг хамгаалж, хойч үед өвлөн уламжлуулах, шинжлэх ухааны үндэстэй судалгаа, баримтжуулалт хийж сурталчлан түгээх эрхэм үүргийг монголчууд бидэнд хүлээлгэж буй хэрэг юм.
Шагайн харваа нь аялгуут болон харвуул наадааны хосолмол шинжийг агуулсан, биет хийгээд биет бус өвийг цогцоор агуулснаараа шинжлэх ухааны олон салбарын судлагдахуун болж байна. Судалгааны эхлэл хэсэгт анкетын аргаар статистик судалгаа хийсэн бөгөөд шагайн харвааны болон харваачдын онцлогоос шалтгаалан нийгэм, соёлын антропологийн оролцон ажиглах, аман түүхийн аргуудаар үндсэн судалгааг хийлээ. Учир нь шагайн харваа бол оролцогч төвтэй, тоглогч нь өөрөө гол дүр байдгаараа онцлогтой юм. Мөн энгийн ардын дунд түгээмэл тархсан учир төрийн түүхэнд тэр бүр тэмдэглэгдээгүй, төрийн зохион байгуулалттай төдий л холбогдолгүй байсаар ХХ зууныг хүрчээ. Энэ нь аман байдлаар, биет бус өвийн шинжтэйгээр уламжлагдах гол нөхцөл болсон төдийгүй бичмэл эх сурвалжид цөөн дурдагдсаны үндсэн шалтгаан болжээ гэж үзэж болох юм.
Монгол шагайн харваа нь гарвал зүйн хувьд монголын нүүдэлчдийн язгуур соёлд хамаарах өв болохыг судлан тогтоох, шагайн харвааны өв уламжлал, өнөөгийн байдал, цаашдын хандлага, хамгаалах арга замыг тодорхойлох, улмаар шагайн харваа нь монголчуудын соёлын танин мэдэхүйг илэрхийлэгч болохыг зан үйлийн талаас судлан харуулахыг зорилоо.
Энэхүү судалгаанд Бадын Бөөрийн болон Луугарын хадны уламжлалт тойрмын харваа, Шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн, Үндэсний их баяр наадмын шагайн харваа, Үндэсний спортын их наадмын харваа, Монгол бахархлын өдрийн харваа, Сар шинийн харваа, Завхан аймгийн аварга шалгаруулах харваа зэрэгт оролцсон харваачид, Монгол өв шагайн харвааны асраар үйлчлүүлсэн харваачид, бусад өв тээгчдийг хамрууллаа.
Шагайн харвааны үүслийг тодруулахдаа археологийн холбогдох олдворуудын баттай мэдэгдэж буй он цагт тулгуурлан, археологийн үечлэлийн баганад түүхийн эх сурвалжуудыг харгалзуулах аргаар, судалгааны ажлын цаасан суурьтай баримт, гэрэл зураг, дүрс бичлэг зэрэг олон төрлийн анхдагч эх сурвалжийн мэдээллийг боловсруулахад баримт бичиг судлах, задлан шинжлэх, харьцуулах, нэгтгэн дүгнэх аргыг ашиглан, судалгааны үр дүнг тоон утгаар илэрхийлэхэд цахим боловсруулалт, агуулгын шинжилгээ (контент анализ)-ний аргачлалыг ашиглав.
Шагайн харвааны уламжлалт соёлын өвийн судалгааг нийгэм соёлын антропологийн хээрийн судалгааны оролцон ажиглах (Participant observation) арга, Шагайн тойром харвааны дэг ёс, зан үйлийг тодруулахдаа аман түүхийн судалгааны арга, Шагайн харвааны эдлэл хэрэглэлийн харьцуулсан судалгааг тоон судалгааны арга, дэг ёсыг харьцуулан үзэхдээ гео-антропологийн судалгааны аргуудыг тухай бүрд сонгон ашиглав.
Шагайн харвааны уухай, ерөөл, үг хэллэг, нэршил зэргийг аман түүхийн судалгааны аргыг баримтлан мэдээллээ цуглуулж, урлаг судлаачдын дүгнэлтүүд болон бичмэл эх сурвалжуудтай харьцуулан судалж үзлээ.
Шагайн харвааны өнөөгийн байдал, тархалт, хувьсал өөрчлөлтийг судлахдаа оролцон ажиглах аргаар үндсэн мэдээллээ цуглуулж тоон судалгааны аргыг ашиглан судалгаа явуулж, статистик боловсруулалт болон задлан шинжилж, нэгтгэн дүгнэж тодрууллаа. Тоон судалгааны түүврийг хийхдээ “харваач” гэсэн сонгосон шалгуур үзүүлэлтэд түшиглэн зорилтод эх олонлогийг бүрдүүллээ. Эх олонлог дотроос түүвэр хийхдээ “бүлэглэсэн санамсаргүй түүвэр”-ийн аргыг хэрэглэв. Ингэхдээ элит тамирчдын дунд эзлэх хувь буюу улсын чанартай тэмцээн, наадамд оролцдог харваачдын 10 орчим хувь нь улсын цолтой, 25 орчим хувь нь аймгийн цолтой, 60 гаруй хувь цолгүй харваач байдаг түгээмэл тоон харьцааг ашиглав. Өөрөөр хэлбэл судалгаанд оролцогчдын түүвэр ямагт дээрх 10:25:65 гэсэн харьцааг хадгалж байгаа болно.
Монголчуудын уламжлалт ахуйтай нягт уялдаа холбоо бүхий язгуур соёлын өв болохыг батлан харуулах, шагайн харвааны соёлын өвийн судалгааг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах, шагайн харвааны өвийн үндсэн хэрэглэгдэхүүнүүдийг томьёолох эхлэлийг тавьсан, монгол шагайн харваатай холбоотой уламжлалт ойлголт, нэр томьёог нэгтгэн цэгцэлж хавсаргаснаар шагайн харвааны сургалт, судалгаа, сурталчилгаанд тэдгээрийг нэг мөр ойлгож хэрэглэх боломжийг бүрдүүлсэн зэрэг нь цаашид судлах судлаачид болон өвлөн уламжлуулагчдад шинжлэх ухааны үндэстэй эх сурвалж болох ач холбогдолтой.
Шагайн харваа нь нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрний үед (НТӨ III- НТ I зуун) лавтай үүсэн тоглогдож байсныг археологийн хэрэглэгдэхүүн болон түүхийн сурвалжийн мэдээ заалтууд тодорхой гэрчилж байна. Тиймээс шагайн харвааны үүслийг Хүннү гүрний үеэс эхлэн тогтоох нь зүйтэй бөгөөд 2000 илүү жилийн түүхтэй эрийн гурван наадмын түүхтэй адилтган үзэж болохуйц монгол өвийн томоохон төлөөлөл “язгуур соёлын өв” гэж үзэж болно. Үүгээр зогсохгүй эртний сурвалж бичгүүдэд дурдагдсан анд, андлал, эв найрамдлыг илэрхийлж буй үзэл, хэлбэр, агуулга нь өдгөө хүртэл уламжлагдан оршиж байна.
Хээрийн судалгааны хэрэглэгдэхүүн болон судлаачдын бүтээлүүдээс үзэхэд шагайн харваа нь монгол угсаатны бүлгүүдийн дунд өөр өөрийн өнгө төрхөөр уламжлагдан ирсэн ба одоо мэдэгдэж буй нийт есөн төрөл байгаа нь Халх шагайн харваа, Өрөг харваа, Дөрвөд шагайн харваа, Баяд шагайн харваа, Сартуул шагайн харваа, Урианхай шагайн харваа, Үзэмчин шагайн харваа, Буриад шагайн харваа, Тува шагайн харваа болох юм. Эдгээр шагайн харвааны төрлүүд нь монгол улсын бүх аймагт төдийгүй хилийн чанадад ОХУ-ын нутаг дахь Тува, Буриад, БНХАУ-ын нутаг дахь Буриад, Үзэмчингүүдийн дунд тодорхой дүрэм журамтайгаар өдийг хүртэл уламжлагдан иржээ.
Шагайн харвааны бүс нутгийн ялгаатай уламжлагдсан гол хүчин зүйлүүд нь байгалийн бүслүүр дэх ан агнуур, ан хийх арга барил, угсаатны бүлгүүдийн аж ахуй зэрэгтэй шууд хамааралтай болох нь гео-антропологийн судалгааны үр дүнгээс харагдаж байна. Мөн баруун болон зүүн монголын нутагт хадгалагдан үлдсэн Дөрвөд, Баяд, Сартуул, Буриад, Урианхай зэрэг шагайн харвааны төрлүүд нь монгол шагайн харвааны эртний өвөг шинжүүдийг хадгалан үлдсэн болох нь судалгаагаар харагдаж байна. Гэвч халх шагайн харваагаар хөрвөн хичээллэгчдийн тоо нэмэгдэж буй нь сайшаалтай хэдий ч дээрх угсаатны бүлгүүд дэх бусад төрлүүдийн өв тээгчдийн тоо буурах, улмаар мартагдаж болох асуудал тулгарч байна. Халх шагайн харваанаас бусад төрлийн судалгаа дутмаг болох нь илэрхий бөгөөд цаашид суурь судалгаа хийж тодруулах, баримтжуулах зайлшгүй шаардлага нэгэнтээ үүсжээ гэж үзэж болно.
Шагай харвах үеийн уухай, ерөөл нь хэдийгээр нийтлэг утгатай тэмдэглэгдэн үлдсэн боловч үнэн хэрэгтээ амьдлаг (live) байдалтай байгаа нь судалгааны явцад ажиглагдсан бөгөөд тухайн тоглолт бүрийн өрсөлдөөн, өрсөлдөгчдийн сэтгэл зүй, уур амьсгал зэргээс шалтгаалан өөрчлөгдөж байна.
Шагайн харваа нь газар нутгийн ялгаатай байдлаар, өвөрмөц онцлог шинжүүдтэйгээр уламжлагдаж, биет болон биет бус өвийн олон төрөл зүйлийг цогцоор шингээсэн өөрийн гэсэн соёлын орон зай бүхий хосгүй үнэт өв болох нь харагдаж байна Энэхүү цогцолбор шинжийн гол илэрхийлэл нь шагайн харвааны онцлог шинжид тулгуурласан уламжлалт цэнгэл наадаан болох “шагайн тойром” бөгөөд бусад наадмаас ялгарах өөрийн гэсэн оршихуйн өвөрмөц орчин, дэг ёсыг тогтоон өнө эртнээс өнөөг хүрч уламжлагдсан байна.
Шагайн тойром харвааны бүхий л дэг ёс, зан үйлд монголчуудын бэлгэдэл зүйн гүн агуулга шингэсэн байна. Тухайлбал зүг чигийн бэлгэдлүүд хойд зүг (хоймор), зүүн зүг эзэн талын бэлгэдлүүд, ан авын илэрхийлэл болсон улаан өнгөний, анхдагч зүйлийг илэрхийлэх цагаан өнгөний зэрэг өнгөний бэлгэдлүүд тойром харвааны үед тод ажиглагдаж байна. “Тэнгэр баг” хэмээгддэг алдарт харваачтай багууд хойд зүгийг эзлэн буудаг, мөн баг тус бүрийн асрыг босгохдоо ямагт ахмад харваачтай багууд зүүн болон хойд талаар буудаг, хоёр багийн тоглолтын явцад эзэн баг ямагт асрын зүүн талыг эзлэн суудаг зэргээс тодорхой харагдаж байна.
Соёлын өвийг хамгаалах санал: Соёлын биет бус өв, тэр дундаа уламжлалт спортын чиглэлд эрчимтэй хөгжиж буй зэргийг харгалзан олон улсын ижил төстэй жишээнүүдээс сайн жишээг харьцуулан судалж, язгуур шагайн харвааг тойром харвааны орчинд, уламжлалт дэг ёсоор нь авч үлдэх, нийтэд зориулсан хялбаршуулсан хувилбарыг салган авч дотоодын сонирхогчид болон олон улсын түвшинд түгээн дэлгэрүүлэх нь язгуур өвөө хамгаалах зөв хувилбар хэмээн үзэж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0