лсын хил, хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаандаа хил хамгаалах алба, хилийн цэргийн анги, салбарууд, нийт бие бүрэлдэхүүн, тэдгээрийн бүх шатны даргалах бүрэлдэхүүн хил хамгаалалтын стратеги, оператив, тактикын мэдлэгт тулгуурлан удирдлагыг хэрэгжүүлж хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна. Тухайн тохиолдолд хил хамгаалах алба нь мэргэжлийн цэргийн удирдлагын чиг үүргийг, нэг талаас цэргийн шинжлэх ухаан, нөгөө талаас хил судлалын мэргэшсэн шинжлэх ухааны боловсруулсан стратегийн бодомж, оператив урлаг, тактикийн шийдэлд тулгуурлан хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал (2010), Монгол Улсын төрөөс хилийн талаар баримтлах бодлого (2002), Монгол Улсын Хилийн тухай хууль (2016) зэрэг бодлогын болон хууль тогтоох баримт бичгүүдэд зааснаар хил хамгаалах алба нь өөрийн үйл ажиллагаанд улс төр, дипломат, тагнуул, инженер-техник, хяналтын болон дэглэм сахиулах зэрэг аргыг оновчтой ашиглах, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдлэх, хил орчмын нутаг дэвсгэрийн хөгжлийг хангах, улсын хил дээр хүч хэрэглэхээс аль болох зайлсхийх, аливаа асуудлыг энхийн аргаар шийдвэрлэхийг эрмэлзэх зэрэг зарчмыг мөрдлөг болгох, шинжлэх ухаан, техник, технологийн ололт, мэргэшсэн байгууллагын үйл ажиллагаанд тулгуурлан цогц байдлаар зохион байгуулах зэрэг өргөн хүрээтэй үүргийг төрийн өмнө мөн хүлээж байна.
Эдгээр болон бусад үүргийг амжилттай биелүүлэхийн тулд хил хамгаалах байгууллага нь төрийн байгууллагын хувьд захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх шаардлагатай болдог. Тухайн тохиолдолд хил хамгаалах байгууллагын бүх шатны удирдах ажилтнууд нь захиргааны удирдлагыг хэрэгжүүлж буй «менежер» мөний хувьд байгууллагын хөгжлийн стратеги, тактикийг тодорхойлж, түүний гишүүдийг нэгэн зорилгод чиглүүлж, бүх шатанд удирдлагаар хангаж, оновчтой шийдвэр гаргаж, үр ашигтай харилцаа үүсгэж, ажлын эцсийн хувь заяаг хариуцаж байдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, хил хамгаалах байгууллагын янз бүрийн түвшний удирдах ажилтан бүр төлөвлөж, хүний нөөцөө бүрдүүлж, зохион байгуулж, манлайлж, хянаж ажиллана гэсэн үг мөн бөгөөд чухам эдгээр чиг үүргийг хэрэгжүүлэхэд хил судлалын мэргэжлийн урлагийг удирдахуйн шинжлэх ухааны «манлайлахуйн» арга, зарчимтай оновчтой хослуулан хэрэгжүүлэх ёстой билээ.
Цаашид хил хамгаалах байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг болох улсын хил, хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулахын тулд бүх шатны удирдах ажилтнуудын манлайллын хүчин зүйлүүдийг тооцох, манлайллын хэв маягийг харьцуулан шинжлэх замаар хил хамгаалах байгууллагын удирдах ажилтны манлайлалд шинэ хандлагыг төлөвшүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа бөгөөд эдгээр нь нэн даруй шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлын нэг болоод байна.
Үүнтэй холбоотойгоор хил хамгаалах байгууллагын удирдах ажилтны манлайллын хэв загвар, агуулгыг тодорхойлох зорилгоор цэргийн болон хил судлалын шинжлэх ухаан дахь «удирдахуй», удирдахуйн шинжлэх ухаан дахь «манлайлахуй» хэмээх ойлголт, ухагдахуунд дүн шинжилгээ хийх, харилцан шүтэлцэл, хамаарлыг судлах хэрэгцээ бий болсон хэмээн бид үзэж судалгааны сэдвийг сонгон авсан болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 8
Ишлэгдсэн тоо : 0