XX зууны төгсгөл буюу өнгөрсөн зууны 90 оны эхээр манай оронд төдийгүй дэлхийн олон оронд социализмын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжих үйл явц өрнөсөн. Үүний нөлөөгөөр улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны бүх салбарт эерэг болон сөрөг үр дагаварууд бий болсоны нэг нь гэмт хэргийн ертөнцөд гарсан өөрчлөлт юм. Олон улсын гэмт хэрэгт тооцогддог хүн худалдаалах, терроризмыг санхүүжүүлэх, соёлын өвийн эсрэг,үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэх мэт хэргүүдийн нэг нь мөнгө угаах гэмт хэрэг юм.
Монгол Улсын хувьд XX зууны төгсгөл хүртэл мөнгө угаах гэмт хэргийн талаар тодорхой ойлголтгүйгээс гадна энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчин бүрдээгүй, мөрдөн шалгах ажиллагааны тактик боловсрогдоогүй байсан. Харин XXI зууны эхэн үеэс төр засгийн зүгээс бодлогын түвшинд анхаарал хандуулсаны үр дүнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд тодорхой ахиц дэвшил гарч эхэлсэн.
Монгол Улс 2004 онд Ази, Номхон далайн бүс нутгийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүнээр элсэж, улмаар 2006 онд “Мөнгө угаах болон терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” бие даасан хууль, 2017 онд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн орнуудад өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах төлөвлөгөөг тус тус баталсан. Эдгээрийн үр дүнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх болон мөрдөн шалгах ажиллагаанд тодорхой ахиц гарсан боловч мөнгө угаах зүйл ангиар шалгаж шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо бага байгааг статистик тоо баримтаас харж болно.
Олон улсын байгууллагаас Монгол Улсыг энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд бодитой үр дүн харагдахгүй байна хэмээн дүгнэжээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Ази Номхон далайн бүс нутгийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагаас Монгол Улсын мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үйл ажиллагаанд 2016-2017 онд 2 удаа үнэлгээ хийж, дүгнэсэн. Уг үнэлгээгээр манай улс хангалтгүй дүн авч цаашид засаж залруулах олон асуудал байгааг тодорхойлсноор төр засгийн бүх шатны байгууллагууд мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагааны тогтолцоо, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд илүү анхаарал хандуулах болсон” гэж тэмдэглэжээ.
Хууль зүйн салбарын хувьд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, хараат бус байдлыг хангах үүднээс Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг Эрүүгийн цагдаагийн албаны бүтцэд байгуулав.
Гэмт хэргийн замаар олсон орлого буюу далд хуримтлалыг эдийн засгийн эргэлтэд оруулсанаар авлига, хээл хахууль, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл үүсэх үндсэн шалтгаан болж байна. Далд хуримтлалын үр дагавар нь зөвхөн улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтолцоонд төдийгүй нийгмийн харилцаа, оюун санаанд сөргөөр нөлөөлдөг.
Мөнгө угаах гэмт хэрэг нь нарийн зохион байгуулалттайгаас гадна үйлдлийн аргыг сайтар нууцлан далдалдаг, банк, санхүүгийн гэрээ, хэлцэлийг, гол төлөв, урьдаас сайтар төлөвлөсөн, нарийн бүтэц, тогтолцоотой, мэргэшсэн гэмт хэргийн бүлэглэл гардан хэрэгжүүлдэг гэх мэт онцлогтой.
Гэмт хэргийн замаар бүрдүүлсэн далд хуримтлалыг хууль ёсны болгож, эргэлтэд оруулах уг сөрөг үзэгдэлтэй улс орон дангаараа бус нэгдэн нийлж, хамтын хүчээр тэмцэх нь үр дүнтэй тул энэ чиглэлд олон улсын хамтын ажиллагааны болон хууль сахиулах байгууллагын хүчийг нэгтгэх асуудал чухалд тооцогдож байна.
Монгол Улсын Их хурал, Засгийн газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд онцгой анхаарч энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоо, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход бодлогын түвшинд анхаарч, энэ чиглэлд шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 143 дугаар тогтоолоор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, Ази Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагаас 2017 оны 327 дугаар тогтоолоор өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө зэргийг тус тус баталж, улмаар улс орон дамнасан мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаагаа эрчимжүүлсээр байна.
Монгол Улсын хувьд энэ төрлийн гэмт хэргийн тухай онолын ойлголт, арга зүйн үндэс нь эрх зүйн салбарт нэвтрээд удаагүй тул энэ чиглэлд хуримтлуулсан олон улсын туршлагад тулгуурлан, энэ төрлийн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны тулгамдсан асуудлыг нээн илрүүлж, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрэлхийлэх асуудал чухалд тооцогдож байна. Судалгааны үр дүнгээс үзэхэд мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд оршиж байгаа тулгамдсан асуудал нь хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын болон шүүхийн шатнаас буцаах, эсвэл цагаатгах шийдвэрт ямар нэгэн байдлаар нөлөөлөх байдал ажиглагдаж байна. Тухайлбал, Монгол Улсын хувьд сүүлийн 5 жилд буюу 2017-2021 оны байдлаар зөвхөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 18 дугаар бүлгийн
18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэрэгт нийт 208 хүнд холбогдох 153 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Эдгээрээс хорих ял оноохгүйгээр тэнсэн харгалзсан 107, ялаас чөлөөлсөн 2, цагаатгасан 4, хэрэгсэхгүй болгосон 26 хэрэг бүртгэгдсэн байгаа нь нийт хэргийн 50 гаруй хувь нь буюу 139 хэрэгт анхан шатны шүүхээс тогтоол магадлалд өөрчлөлт оруулсан, эсвэл хүчингүй болгосон байна.
Мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхийн тулд хууль, эрх зүйн зохицуулалтаас гадна энэ төрлийн гэмт хэргийн тухай ойлголт, мөн чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж тодорхойлох, халдлагын объект болон субъектын зорилго, санаа, сэдэлтийг бодитой тогтоох, тэдгээрийг зүйлчлэх, цаашлаад мөнгө угаах гэмт хэргийн онцлогт нийцүүлэн мөрдөн шалгах ажиллагааны тактик, арга зүйг боловсруулж, практикт нэвтрүүлэх нь тус салбарын тулгамдсан асуудалд зүй ёсоор тооцогдож байна. Бидний үзэж байгаагаар эдгээрийг шийдвэрлэснээр энэ төрлийн гэмт хэргийн криминалистикийн тодорхойлолтыг боловсруулах, нотлох баримт бүрэн дүүрэн цуглуулж, үр дүнтэй ашиглах, нуугдмал хөрөнгө болон анхдагч гэмт үйлдлийн уялдаа холбоог тогтоох, шинжээчийн дүгнэлтийг үр дүнтэй ашиглах, мөрдөгчийн мэдлэг болон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлд ахиц дэвшил гарч, улмаар мөнгө угаах гэмт хэргийн криминалистикийн тактик, арга зүйг сайжруулах боломжтой.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 5
Ишлэгдсэн тоо : 0