Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүний аюулгүй байдалд хүн худалдаалах гэмт хэргийн үзүүлэх нөлөөг бууруулах боломж



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4688
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : аюул занал, үндэстэн дамнасан гэмт хэрэг, бэлгийн мөлжлөг, хөдөлмөрийн мөлжлөг

Аннотаци

Хүн төрөлхтний үүсэл хөгжлийн түүхэн явцад хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хадгалж, хамгаалж ирсэн зан үйлийн шинжтэй олон зүйл, үйл явц уламжлагдан олон улсын гэрээ, конвенц улс орнуудын хууль тогтоомжийн үндэс суурь нь болж иржээ.
Анх 2000 онд энэ талаар судалгаа явуулдаг НҮБ-ын Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудал хариуцсан агентлагаас “Жил бүр дэлхийн хэмжээнд 4 сая эмэгтэйчүүд наймаалагдаж байна” гэсэн мэдэгдэл хийсэн бол Олон улсын /Global Survival Network/ байгууллагын гаргасан 2002 оны илтгэлд “Гэмт бүлэглэлүүд жил бүр 4 сая эмэгтэйчүүдийг хил давуулан наймаалж, 7 тэрбум долларын ашиг олж байна” гэж мэдэгджээ.
Монгол Улсад 90 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа боловч “Дэлхийн улс орнуудыг Хүн худалдах, худалдан авах гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа байдал, гэмт хэргийн гаралт, хэмжээ, уг гэмт хэргийг таслан зогсоох асуудлаар анх АНУ-ын Конгресст тавигдсан илтгэлд: “Монгол Улсыг В ангилалд багтаасан” гэж 2005 онд дурдаж байсан бол АНУ-ын Төрийн Департаментаас жил болгон гаргадаг “Хүн наймаалах асуудлын төлөв байдлын тухай” 2022 оны тайланд “Монгол Улсын Засгийн газар хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсооход тавигдах суурь шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа хэдий ч энэ чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж өөрөөс гаргах ерөнхий хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн учраас Монгол Улс 2 дугаар шатлалд хэвээр үлдсэнийг илтгэсэн байна.
Судалгааны ажлын зорилгын хүрээнд
“Хүний аюулгүй байдал, хүн худалдаалах гэмт хэргийн уялдаа холбоо, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн зохицуулалт, олон улсын болон Монгол Улсын нөхцөл байдалд шинжилгээ хийж, хүний аюулгүй байдалд хүн худалдаалах гэмт хэргийн үзүүлж байгаа нөлөөллийг судалж, бууруулах боломжийг тодорхойлох”-ыг зорьсон.
Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хүний аюулгүй байдал, хүн худалдаалах гэмт хэргийн уялдаа, холбоог, энэ гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг судалж, энэ гэмт хэргийн олон улсын болон Монгол Улсын нөхцөл байдалд шинжилгээ хийж “Хүний аюулгүй байдалд хүн худалдаалах гэмт хэргийн үзүүлж буй нөлөөг бууруулах боломж”- ийг тодорхойлох зорилтыг тавьсан.
Хүний аюулгүй байдал, хүн худалдаалах гэмт хэргийн уялдаа холбоог гаргаж, хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдалд шинжилгээ хийсэнд онолын ач холбогдол оршино.
Судалгааны ажлын үр дүнг хүний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тухайлсан бодлогын баримт бичиг болох хүний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгах, ном, сурах бичиг, нэг сэдэвт бүтээл гаргаж, сургалт, судалгааны ажилд ашиглах практикийн ач холбогдолтой.
Судалгааны ажилд олон улсын эрх зүйн баримт бичиг, Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль болон холбогдох бусад хууль, эрх зүйн актууд, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мөнгө угаах, хүний наймаа, мансууруулах бодис болон цахим гэмт хэрэгтэй холбоотой зүйл, заалт, тухайн чиглэлээр бичсэн эрдмийн зэрэг горилсон бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, хүн худалдаалах гэмт хэргийн талаарх судалгааны тайлан, зөвлөмж, төрийн байгууллагын албан ёсны мэдээ баримт болон бусад эх сурвалж нь үндсэн хэрэглэгдэхүүн болсон.
Судалгааны ажил маань удиртгал, 3 бүлэг, 6 зүйл, төгсгөл, эшлэл авсан эх сурвалжийн жагсаалт, нийт 155 хуудаснаас бүрдсэн болно.
“Хүний аюулгүй байдалд хүн худалдаалах гэмт хэргийн үзүүлэх нөлөөг бууруулах боломж” сэдэвт судалгааны ажилд хүний аюулгүй аюулгүй байдлын ойлголт, хүн худалдаалах гэмт хэрэг, түүнтэй тэмцэх олон улсын болон үндэсний эрх зүйн зохицуулалтыг судалж, хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлд шинжилгээ хийж, хүний аюулгүй байдалд хүн худалдаалах гэмт хэргийн үзүүлэх нөлөөг бууруулах боломжийг судалсан.
Манай улсын иргэд гадаад оронд хүн худалдаалах гэмт хэрэгт илүү өртдөг байсан бол өнөөдөр энэ төрлийн гэмт хэрэг нь дотоодод ч үйлдэгдэж байна. Хүн худалдаалах гэмт хэрэг нь зөвхөн гэмт явдал судлалын хүрээнд авч үзэх төдий асуудал бус, өнөөдөр улс, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал болсон гэж дүгнэж байна.
Судалгаагаар хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгдэхэд нийгэм, эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдал, ядуурал, хэвлэл мэдээлэл, эрх зүйн орчин сул, гэр бүлийн таагүй орчин, ажилгүйдэл, боловсролын түвшин, сексийн хэрэгцээ, глобалчлалын сөрөг нөлөө зэрэг гадаад, дотоод хүчин зүйлүүд нөлөөлж байна.
Хүн худалдаалахтай тэмцэх Монгол Улсын хууль тогтоомжид шинжилгээ хийж үзэхэд, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх эрх зүйн орчин, тогтолцоо тодорхой хэмжээгээр бүрдсэн боловч хэрэгжилт хангалтгүй, цаашид тэдгээрийг боловсронгуй болгох шаардлагатай.
Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан хүн худалдаалах гэмт хэрэг нь бэлгийн мөлжлөг, албадан хөдөлмөр эрхлүүлэх болон хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй давхцаж буй байдлыг арилгах, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн гэмт бүлэг, этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг оновчтой тогтоох нь практик хэрэгцээ шаардлага, гадаад орнуудын дэвшилтэт туршлагад нийцэхээр байна.




Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 4

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 83
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :