Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын нүүдэлчдийн хэрэглээний урлагийн эко хэв шинжийн судалгаа



Салбар : Хүмүүнлэгийн ухаан , 6.4 Урлаг (Урлаг, Урлагийн түүх, Урлагийн гүйцэтгэх төрлүүд, Хөгжим)
Улсын дугаар : 4698
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : эъо, дизайн, тогтвортой хөгжил, уламжлал

Аннотаци

Нүүдэлчдийн хэрэглээний урлагийг эко дизайны зарчим, үзэл баримтлалын үүднээс судлан эко хэв шинжийг бүрдүүлж буй хүчин зүйлсийг тодруулж, уламжлалт гэр ахуйн эдлэлийн хийц, чимэглэл, бэлгэдлийг судлан дүгнэх.
Судалгааны ажлын зорилт:
• Эко дизайны онолын үзэл баримтлалыг судлах.
• Монголын нүүдэлчдийн хэрэглээний урлагийн байгальтай зохицох арга ухааныг судлах.
• Уламжлалт гэр ахуйн эдлэлийг эко дизайны шалгуураар үнэлэх.
• Нүүдэлчдийн хэрэглээний урлагийн онцлогт тохирсон эко дизайны шалгуур боловсруулах.
• Уламжлалт эдлэлийн чимэглэл, бэлгэдлийг судалж дүгнэлт гаргах.
Судалгааны ажлын онол, арга зүй:
Симболизм, натурализм, минимализм, шүтэн барилдахуйн онолыг баримталж эмперик туршлагын арга, семиотик арга, түүхэн эх сурвалжийн судалгааны арга, харьцуулан жиших, задлан шинжлэх аргуудыг судалгааны ажилдаа ашиглав.
Судалгааны шинэлэг тал:
Бидний судалгааны ажил Монголын нүүдэлчдийн хэрэглээний урлагийг тогтвортой хөгжил, эко дизайнтай уялдуулан гаргаж байгаагаараа ач холбогдолтой.
Монголын нүүдэлчдийн хэрэглээний урлагийн эко хэв шинжийг газар нутгийн хамаарал, нүүдлийн аж ахуй, байгальтай зохицох арга ухаан, шашин шүтлэг, урлах арга ухаан болон урлан бүтээх сэтгэлгээний онцлог талаас нь тодорхойлсон болно.
Монголын нүүдэлчдийн байгальтай зохицон урлан бүтээх нь бэлгэдлээс бэлгэдэлд хүрэх арга ухааны зарчим болж хэрэглээний урлагийн эко хэв шинжийг бүрдүүлж буйг судалсан болно.
Нүүдэлчдийн хэрэглээний урлагийг эко дизайны шалгуураар үнэлэн эко хэв шинжийг тодруулж, нүүдэлчдийн хэрэглээний урлагт онцлогт тохирсон хяналтын хуудас боловсруулсан зэрэг нь бидний судалгааны ажлын шинэлэг тал болж байна.
Судалгааны ажлын шинжлэх ухаан, практик ач холбогдол:
Бид судалгааны ажлаараа Монголын нүүдэлчдийн хэрэглээний урлагийн эко хэв шинжийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн судлаачдын дүгнэлт, ололтуудад тулгуурлан судалж эко дизайны гол шинж чанаруудыг бүрэн илэрхийлж байгааг нотлон харуулсанд диссертацын шинжлэх ухааны ач холбогдол оршиж байна.
Мөн олон улсын болон монголын эрдэмтэн судлаачдын бүтээлүүдэд түшиглэн монголын нүүдэлчдийн хэрэглээний урлагийн эко хэв шинжийг тодорхойлох шалгуурыг боловсруулсан нь монголын хэрэглээний урлагийг хөгжүүлэх, өвлөн уламжлуулахад практик ач тустай болсон гэж үзэж байна.
Судалгааны объект:
Монголын нүүдэлчдийн хэрэглээний урлагийн эко хэв шинжийг бүрдүүлж буй хүчин зүйлс.
Судалгааны ажлын бүтэц: Энэхүү нэг сэдэвт бүтээл удиртгал, нэр томьёоны тайлбар, гурван бүлэг, зургаан зүйл, дүгнэлт, ном зүй, хавсралтаас бүрдсэн болно.
Ерөнхий дүгнэлт:
“Монголын нүүдэлчдийн хэрэглээний урлагийн эко хэв шинжийн судалгаа” нэг сэдэвт судалгааны ажлыг дэвшүүлсэн зорилго, зорилтын хүрээнд дүгнэн үзвэл:
• Орчин үеийн тогтвортой хөгжлийн өргөн хүрээний ойлголтын нэг хэсэг болох эко дизайны хандлага нь тухайн улс орны уламжлалт арга ухаанд чиглэж байна. Монголын нүүдэлчдийн урлах ухааны уламжлал өөрийн гэсэн зохион бүтээх гүн ухааны тогтолцоотой бөгөөд байгаль, цаг ууртаа зохицсон материалын сонголт, хэвшиж тогтсон урлах арга ажиллагаатай. Нүүдлийн аж ахуйн хэлбэр нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хувьд байгалийн сэргээгдэх нөөцөд тулгуурлан хэрэглээний урлагийн эд зүйлсийг урлан бүтээж ирсэн уламжлалтай.
• Монголын нүүдэлчдийн байгальтай зохицох, хамгаалах уламжлалт арга ухаан нь бөө мөргөл, буддын шашны сургаал номлол, хууль, цаазтай уялдан хэрэглээний урлагийн эд зүйлсийг урлан бүтээхэд чухал үүрэгтэй байна.
• Нүүдэлчдийн урлан бүтээх сэтгэлгээнд орших нэг цөм ойлголт нь байгалийн бүх зүйлийг амьдчилан үзэх бөгөөд эдгээрийн ашиглан эд бүтээхдээ сайн хэмээн тогтсон өдөр цагийг тогтож, амьд зүйлийг бэлдэц болгон хувиргах, хийц арга ухаан шингээн эдлэл урлаад өнгө, хээ чимэглэлээр дахин амьдруулах гүн гүнзгий сэтгэлгээний онцлогийн цогцыг үүсгэсэн хэмээн дүгнэж байна. Урлалын үйлд хэрэглэж буй байгалийн материалын хаягдал хэсгийг ч боловсруулалтын болон чимэглэлийн үе шатад зохируулан туйлын ариг гамтайгаар ашигладаг.
• Эко дизайны шалгуураар гэр ахуйн нийт 23 эдлэлийг оруулж үзэхэд эдлэл тус бүр харилцан ялгаатай хувь авсан ба тухайн шалгуурыг хамгийн бага хангасан эдлэл 71,8%, хамгийн өндөр нь 98%-тай гарсан байна. Энэ нь нүүдэлчдийн хэрэглээний урлаг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нэлээд сайн тохирч буйг харуулж байна.
• Судалгааны ажлын гуравдугаар бүлэгт монголын нүүдэлчдийн хэрэглээний урлагийн эко хэв шинжийг тодруулах хяналтын хуудсыг боловсруулан ашиглав. Хяналтын хуудсыг олон улсад түгээмэл хэрэглэгддэг шалгууруудын голлох асуултууд болон уламжлалт эдлэлийн онцлогт тохирсон асуултуудыг хослуулан боловсруулсан болно.
• Монголын нүүдэлчдийн хэрэглээний урлагийн эдлэлийн хэлбэр, өнгө, хээ нь тэмдэгтийн үүргээр хэрэглэгчид мэдээлэл дамжуулдаг. Тухайн чимэглэлийн элементүүд шашин шүтлэгийн энэрэн нигүүлсэх үзэлтэй шууд хамааралтай учир байгальтай зохицон, амьдралын жамыг дээдлэн үзэх үзэлтэй нягт уялдаатай мэдээллүүдийг агуулж байдаг. Шашин шүтлэгийн бэлгэдэлт хээ дүрслэлээр эд зүйлийг чимэглэснээр тухайн эдлэлийг хэрэглэхдээ ч хүндэтгэл бишрэлтэйгээр хандаж зөв зохистой, тогтвортой хэрэглэх нэгэн онцлог бүрдэж байна. Мөн эрдэнийн найман тахил, эвтэй дөрвөн амьтан зэрэг оюун, сэтгэлийг ариусган гэгээрүүлэх дүрслэлээр чимэглэсэн шүүгээ, ширээг зааны хөлтэйгөөр урласан утга нь ертөнцөд хамаг олноор энх амгалан, тэгш дүүрэн амьдрах гэсэн санаа бөгөөд тогтвортой хөгжлийн “энхтайван”, “шударга ёс, тэгш амьдрал”, “хамтын үүрэг хариуцлага” гэсэн үндсэн гурван тулгуур үзэл баримтлалтай шүтэн барилдлагатай нь судалгааны үр дүнд ажиглагдаж байна.
Судалгааны ажлыг нэгтгэн дүгнэхэд монголын нүүдэлчдийн хэрэглээний урлагийн эко хэв шинжийг бүрдүүлж буй үндсэн хүчин зүйлс бол “Газар нутгийн хамаарал”, “Нүүдлийн аж ахуй”, “Байгальтай зохицох уламжлалт арга ухаан”, “Шашин шүтлэг”, “Урлан бүтээх ухааны онцлог” тэдгээрийн хоорондын шүтэлцээнд оршиж түүхийн урт хугацаанд уламжлал шинэчлэлийн бүхий л шатыг дамжин өнөөг хүрчээ. Дээрх үндсэн хүчин зүйлс нь Монголын нүүдэлчдийн хэрэглээний урлагийг бүрдүүлэх төдийгүй үндэстний үнэт өв уламжлалын эх сурвалж хэмээн үзэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 8

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 88
Сүүлийн сард 13
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :