Нэгдсэн Үндэстний Байгууллагаас батлан гаргасан олон улсад нийтээр хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэх чиг хандлагыг тодорхойлсон ял эдлүүлэх ажиллагаанд хамааралтай Токиогийн дүрэм хэмээн нэрлэгддэг “Хорихоос өөр төрлийн арга хэмжээнд холбогдох наад захын жишиг дүрэм”-д (1990)-д пробацын алба, үйл ажиллагааг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, хорих ял эдлээд суллагдсан хүнд хяналт тавих, нийгэмшүүлэхэд олон нийтийн оролцоонд тулгуурлан явуулах талаар тусгажээ.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд “ял шийтгэгдсэн хүнийг нийгэмшүүлэх, суллагдахад бэлтгэх, нийгмээс тусгаарлахгүйгээр ялын бодлогыг хангах зорилгоор “Цахим хяналтын төв”-ийг байгуулж, “Пробацын тогтолцоог хөгжүүлнэ”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “эрүүгийн хууль тогтоомжийн эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлж, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, бодлого, арга барилыг боловсронгуй болгоно”, “ялын бодлогыг нийгмийн хөгжлийн чиг хандлагатай̆ уялдуулах, ялтныг хөдөлмөрлөх нөхцөлөөр хангах замаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол барагдуулалтыг нэмэгдүүлнэ”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/22 дугаар тушаалаар батлагдсан “ХЗДХСайдын эрхлэх асуудлын хүрээний 2021-2024 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө”-ний 3 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт “Пробацын тогтолцоог хөгжүүлэхтэй холбогдсон суурь болон хавсарга судалгаа хийх” гэх зэргээр пробацын тогтолцоог бий болгох чиглэлээрх судалгааны ажлыг гүйцэтгэх эрх зүйн үндсийг бүрдүүлжээ.
Иймд пробацын тухай асуудлыг шинжлэх ухааны түвшинд судлан, онолын үзэл баримтлал, үйл ажиллагааны онцлогийн талаар харьцуулсан судалгаа хийж, Монгол Улсад хорих ялыг тэнссэн, хойшлуулсан, хугацаанаас өмнө суллагдсан иргэнд тавьж буй хяналтын эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх замаар “Пробацын үйл ажиллагааны загвар”-ыг бий болгох шаардлага нэгэнт бий болжээ.
Монгол Улсын хэмжээнд шүүхээс 2022 онд хорихоос өөр төрлийн ял буюу нийтэд тустай ажил хийлгэх 1117, торгох 7883, эрх хасах 878, зорчих эрхийг хязгаарлах 1793, нийт 11671 иргэнд ял оногдуулж , хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1557, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 79, хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон 744, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 142, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 1133, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 29, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2172, нийт 5856 иргэн албадлагын арга хэмжээ авагдсан судалгаа байна .
Монгол Улсад 2022 оны жилийн эцсийн байдлаар 4157 хоригдол ял эдэлснээс 2240 буюу
55.2 хувь нь 2-12 удаагийн ял шийтгэл эдэлж байсан хоригдол эзэлж байсан ба 1343 хоригдол суллагдсанаас 744 хоригдол хугацааны өмнө суллагдаж , Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Цагдаагийн байгууллагын хяналтад оржээ.
Дурдсан тоо баримтаас үзэхэд хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ авагдсан этгээд хорих ял эдлэгсдээс
4.5 дахин их байгаа нь тухайн ял, албадлагын арга хэмжээний эрх зүйн зохицуулалт, үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийх цаг үеийн шаардлага урган гарчээ.
Өнөө үед Монгол Улсын хэмжээнд хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан болон хорих ялаас хугацааны өмнө суллагдсан этгээдэд тавих хяналт хангалтгүй, тэдэнд үзүүлэх нийгэмшүүлэх болон халамжийн үйлчилгээний зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалт оновчтой бус, хүний нөөцийн хүртээмжгүй байдал зэрэг асуудал тулгамдаж байна.
Олон улсад энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх, хорих ял эдлээд суллагдсан этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг Пробацын алба гүйцэтгэдэг туршлага байна.
Монгол Улсын хувьд олон улсад хэрэглэгдэж буй пробацын үйл ажиллагааны ололт, туршлагыг өөрийн орны нийгэм, эдийн засаг, эрх зүйн хөгжил, ял эдлүүлэх болон хяналт тавих байгууллагын чиг үүргийг харгалзан оновчтой байдлаар нутагшуулах шаардлага нэгэнт үүссэн байдлыг харгалзан энэхүү сэдвийг сонгон судаллаа.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0